Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаан маргааш эхэлнэ. Энэ жилийн наадмаар торолгүй түрүүлэх бөхчүүдийн эхний тооцоонд улсын заан Ч.Санжаадамба гарцаагүй нэрлэгдэнэ. Архангай аймгийн Хашаат сумын уугуул, улсын арслан У.Мижиддорж гуайн хамаатан энэ бөхийг монгол түмэн наадмын түрүү хүртэхээр хэмжээнд хүрсэн гэдэгт огт эргэлзэхгүй байгаа билээ. Гэхдээ бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг үг бий. Монгол туургатны наадмын босоо аварга, Гиннесийн номд зориулсан барилдаанд 6000 бөхөөс тодрон түрүүлсэн Ч.Санжаадамба өнөө цагт төрсөн ховорхон сайн бөхчүүдийн нэг билээ.

Заан тамирчин хүний хувьд өөрийн гэсэн авиртай, тэмцэх хор шартайг бөх сонирхогчид хэд хэдэн удаагийн үйлдлээс нь андахгүй. Өнгөрсөн цагаан сарын барилдаанд тэрээр улсын начин Б.Батмөнхийг давсан ч гэсэн өлмий дээр нь гишгэж мэхээ хийсэн гэсэн үндэслэлээр дахиж барилдуулах гэхэд нь татгалзаад, "Би малчин болно" гэж хэлээд гоморхон Бөхийн өргөөнөөс гарсан тухай хөлийн цэц, улсын заан Д.Мягмар хэвлэлд ярьсан үзэгдсэн.

Залуу, халуун насанд ялалтын төлөө, давааны төлөө бөхчүүд өөрийгөө бүрэн зольж, олон сарын турш зөвхөн түрүү үзүүрийн төлөө зүтгэдэг тул өлмий дээр гишгэх гэх мэт төдийлөн гараад байдаггүй үйлдэлд өөрийг нь буруутгасанд залуу хүний цочмог зангаар хандсан тал байх биз. Гэвч маргааш нь арслан У.Мижиддорж гуайнд очиж золгоод, хамтдаа сайхан сууж буй зураг гарч, зааныг эргэн дэвжээнээ гарахыг хүмүүс гурван сар гаруй хүлээсэн билээ.

 

Ч.Санжаадамба гурван сар орчмын дараа эргэн дэвжээний гарахдаа урьдын адил хүчтэй аатай байгаагаа харуулснаас гадна харьцангуй тогтож, хэт хөнгөдөхөө больсон шиг харагдсан гэж ахмадууд үнэлж буй сонсогдсон.

Тээр жил жижиг Санжаа гуай арслан Б.Ганбатыг заан байхад нь "Алхахдаа, дэвэхдээ дэндүү тонгойгоод байх юм. Энэ үзэгч түмэн чамайг хайрлаж, чамд сайн сайхныг хүсч байгаа. Тиймээс үзэгчид рүү харж, өөдөө дэлвэл тэдний энергийг авч, амжилт чинь улам ахих магадлалтай" гэж хэлсэн дуулддаг. Үнэхээр ч үүнээс хойш зааны явдал, дэвээ шаваа арай өөр болсон ч гэсэн ярьдаг. Хамгийн гол нь заан Б.Ганбат олон жилийн турш хүсэн тэмүүлсэн наадмын түрүүгээ төдөлгүй хүртсэн юм.

Үүн шиг Ч.Санжаадамбын хувьд ард олны түүнд итгэж, хайрлаж буй сэтгэлийг дааж, тэр эерэг энергийг бүрэн мэдэрч, суурьтай бас итгэлтэй барилдвал наадмын дөрвийн даваанаас хойш тогтоох хүчтэн байхгүй гэж зарим бөх сонирхогчид хүүрнэдэг. Дөрвийн давааг өнгөртөл гэнэ алдахгүй, хий гаргахгүй л барилдах нь түүнд хамгийн чухал гэж хашир бөхчүүд хэлдэг тал бий.

 

Сүүлийн гурван жил дараалан Увс аймгийн уугуул бөхчүүд наадмын түрүүг хүртэж, ноднингийн наадмаар аймгийн арслан цолтой бөх шууд түрүүлж, улсын арслан цол хүртэл хүртээд амжлаа. Тэгэхээр одоо Ч.Санжаадамбад болохгүй, давахгүй гэсэн зүйл огт үгүй.

Ч.Санжаадамба маш сайн багш байгаа нь заан З.Дүвчин. Анхны чөлөөт бөхийн эмэгтэй дэлхийн аварга, анхны олимпийн хүрэл медальт эмэгтэй бөх С.Батцэцэгийн багшаар ажиллахын зэрэгцээ З.Дүвчин заан Санжаадамбад багагүй анхаарал тавьдаг. Тиймдээ ч Санжаадамбын барилдааныг харахаар Дүвчин гуайн хөдөлгөөн, барьц ажиглагдаад байдаг тал бий. Бяр хүч, аа омгийг мэх, хараатай хослуулж чадваас наадмын түрүүг хүртэх боломж улам л ихсээд ирнэ л гэсэн үг.

Үргэлжлэлийг  энд  дар