Би өчигдөр оройхон гараад оройн ангид явдаг хоёр шавьтайгаа уулзлаа. Миний фэйс дээрх бичлэгүүдийг уншиж байгаа. Харин бизнес эрхэлдэг хүмүүст таны бичлэгийн хурд жаахан ширүүдээд байх шиг. Хоёр өдөртөө нэг бичлэг оруулж байвал яг таарах биш үү гэсэн зөвлөгөө хэлж байна. Гэртээ ирээд фэйс рүүгээ ортол Америкад гараад удаж байгаа хоёр найз минь “Хол байгаа бидэнд өөрийн чинь содон өнгө аястай бичлэгүүд сонин байна шүү. Бичээд л байгаарай.” гэсэн зурвас үлдээснийг уншлаа.

Хоёр шавь маань миний Натур төвийн ойролцоох шамбааралдааны тухай бичлэгүүдийг уншжээ. Тэр хавийг чинь «Үл мэдэхийн цэцэгт хотхон» гээд хүмүүс нэрлээд удаж байна. Үнэндээ сайн талаас нь тэгж нэрлээгүй. Хот байгуулалт байтугай барилга байшин талын хувьд «Үл мэдэх» атлаа хэдэн төгрөгтэй болчихоод түүнийгээ үржүүлье гэсэн нөхдөд газар олгосны балгаар тийм шамбааралдаан үүссэн хэрэг гэж өөдөөс тайлбарладаг байна.

Саяын тав дахь өдөр хичээл заагаад гарах гэж байтал урд нэг жил хэлний бэлтгэлд суугаад ирлээ. Нэг л сайн болж өгсөнгүй. Танайд суудаг юм бил үү гэсээр нэг өндөр сайхан залуу надтай уулзав. Би ч гадаад дотоодод ганц нэг жил хятад хэл үзсэн хүүхдүүдийн багцааг ойлгох болохоор миний удирдлаган дор хагас сар үзсэн шинэ оюутнуудтайгаа гучин минут орчим суулгаад гарч ирсэн хойно юу ойлгосныг нь асуутал «Таны арав гаруйхан хоног үзсэн шавь нарын хажууд миний бүтэн жил урд үзсэн мэдлэг гологдохоор байна шүү дээ.» гэж гайхсан янзаар хэлсэн нь надад нэлээд зүйлийг бодогдуулсан билээ. Жижиг юм шиг атлаа энэ асуудлын цаана магадгүй манай боловсролын шинэчлэлийн цөм асуудал нуугдаж байж мэдэхээр тул би энэ бичлэгийг СЭТГЭЛИЙН ФИТНЕСС гэж нэрлэсэн. Өөр талаас нь зүйрлэн хэлбэл ерөөл учралаар уулзалдсан шинэ шавь нар маань оюуны хүчийг хураах «Сэтгэлийн фитнессээр» хагас сар шахам хичээллээд түрүүчийн үр дүнгээ амсаад байгаа нь тэр залуугийн хувьд сонин санагдсан хэрэг байж таарна.

Би фэйсээ идэвхитэй ажиллуулж эхэлсэн эхний бичлэгтээ шахам ЭРДЭМ СУРАХЫН ТУЛД СЭТГЭЛЭЭ ТОГТОО гэсэн үг бичиж байсныг санаж байна уу? Сэтгэл тогтоохыг сургалтын үндсэн асуудал гэж нэрлэчихэд болохгүй зүйлгүй. Гэтэл энэхүү тулгуур үндсэн асуудлыг цэцэрлэг, бага сургуулиас эхлээд их дээд сургууль хүртэлх бүх шатны байгууллагад хэлж ярьж хэрэгжүүлж байгаа нь хэд билээ? Шулуухан хэлэхэд боловсролын тогтолцоо маань өөрийн үндсэн асуудал юу болохыг олж тогтоогоогүй, түүнийг орхигдуулчихжээ гэсэн үг.

Гагц боловсролын тогтолцоо гэлтгүй өчигдөр хөндөгдсөн хот төлөвлөлт, «Төөрөгдөл» нэрт бичлэгт дурдагдсан авто замын бүтээн байгуулалт гээд худалчхан хүнд бид нар бараг бүх зүйл дээр л үндсэн асуудлыг барьж аваад шийдэж чадаагүй буюу төөрөгдөл дунд амьдарнам бус уу? «Муухай хятад хүн» зохиол дээрээ Буян авгай хятадуудынхаа оршуулах ёслол, хуримын ёслолыг ихэд шүүмжилсэн байдаг. Би тэр хэсгийг орчуулж байхдаа манай монголын оршуулах ёслол гэж бас л нэг том төөрөгдөл, холион бантан болчихсоныг ухааран ойлгож билээ. «Тохойн чинээ бие тавих тохмын чинээ газар өгөөч» хэмээн газар дэлхийн эздийг аргадан гуйж байгааг үзвээс бөө мөргөлтөн ч юм шиг, алтан сав нээлгэж ойролцоохон нэг лам залаад сан тавьж ном уншуулж байгааг харахад Буддын шашинтан шиг, авс тэргүүтэн бусад зан үйлийг үзвээс Христийн шашинтан мэт, хавар болоод ханш нээх үед талийгаачийн булш бунхныг эргэж байгаа нь Күнзийн суртхаалтангаас эгээ л өөрцгүй байдаг бус гэж үү? Ер нь оршуулах ёслол гэдэг нь тухайн нийгмийн онцлог, цаг үеийнхээ тусгал байдаг гэдгийг энэ жишээ бэлээхэн харуулж байна. Манай нийгэм бүхэлдээ шахам ийм л ороо бусгаа байгаа юм чинь.

Америкийн нэгэн бизнесмэн ток шоу нэвтрүүлэгт оролцож байхдаа тэнд цугларсан үзэгчдээс “Нэг газар асар том алтны уурхай нээгдсэнийг сонсоод тийшээ очиж баяжихаар ёстой л хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөх гээч болжээ. Гэтэл тэр олон хүмүүсийн өмнө маш өргөн гол тааралдаад явах замыг нь хөндөлссөн байна. Энэ тохиолдолд та бүхэн яах вэ?” хэмээн асуухад хүмүүс ч яахав “Гарам хайгаад гатална.”, “Ойролцоо завь, гатлага онгоц байгаа эсэхийг харна.” гэх зэргээр янз бүрээр хариулжээ. Нөгөө бизнесмэн хариуд нь инээгээд “Би та нарын оронд байсан бол тэндээ үлдээд тэр хүмүүсийг гол гаталгах бизнес шууд эрхлээд эхлэх байсан. Учир нь алт олборлож баяжъя гэсэн бодолдоо автаж баримтлаад өөр юу ч сэтгэх сөхөөгүй болчихсон байгаа тэр хүмүүст «Гол гаталгаж өгье !» гэх юм бол дотуур хувцсаа тайлж шидээд цаашаа явахад бэлхэн байгаа шүү дээ!” гэсэн гэдэг. Би тэр бизнесмэн нөхрийг сэтгэлийн фитнессээр хичээллэдэг оюуны нэлээд бядтай хүн байж таарна гэдэг утгаар энэ жишээг орууллаа.

Тогтуун сэтгэлээр аливаад холч ухаанаар хандах гэдэг СЭТГЭЛИЙН ФИТНЕСсИЙН үүд хаалгаар орж байгаагаас өөрцгүй хэрэг. Тэгээд мэдээж ямар дасгал хийх вэ гэхээр элдэвт сатааралгүй өдөр тутмынхаа амьдралыг зөв зохион байгуулаад тэр л хэвшлээрээ яваад бай. Нэг өдөр ч гэсэн сайн эцэг, сайн эх, сайн охин, сайн хүү, сайн сурагч, сайн иргэн, сайн ажилтан байхыг чармай. Тэр өдөр хоногуудынхаа тоог нэмээд бай. Тэр хэрээр оюуны бяд сууж сэтгэлийн фитнесс тал дээр бахь шиг эрс болон хувирсан байх вий. Эрс гэчихээр энэхүү бичлэгийг уншиж суугаа охид маань битгий гомдоорой. Унтраалга гэсэн үгийн цаана бас асаалга гэсэн утга нуугдаж байдаг бус уу? Эрс гэдэг үгийн цаана өөрсдөө ч гэсэн байгаа гэдгийг санаарай.

Хэзээ ч юм бэ? Нэг өвгөнөөс өөр нэгэн хүн «Таны нас сүүдэр хэд вэ?» гэж асууж гэнэ л дээ. Өөдөөс нь гэтэл «Гуравтай.» гэж ганц үгээр хариулахад нөгөө асуугч хүн маань гайхна биз дээ? «Та чинь хараажаар өтөл насыг зооглож өвгөн буурал болчихоод яахаараа. . .гуравтай байдаг билээ?» хэмээн мөнөөх хүн асуухчаа аядтал хариуд нь «Өвөө нь байгалийн насаараа бол далан гуравтай юм. Сүүлийн гурван жил л хүн шүү амьтан болон хувираад ертөнцийн мөн чанарыг бага сага ухаарсан гэх үү дээ.» хэмээн хариулсан гэдэг. Энэ дияаны домгийн цаана тэр өвгөн түүнийг торлосон төөрөгдлөөсөө ангижирч, бодол сэтгэлдээ идэвхигүй хөтлөгдөх бус, харин бодол сэтгэлийнхээ эзэн байх ёстой гэдгээ ухаарсан хэрэг байж таарна.

Залуу нас гэдэг өөрөө хүний юугаар ч сольшгүй чимэг байдаг. Бид олон асуудлын гол гогцоог олж харахгүй, орхигдуулаад байгаа тухай би энэ бичлэгийн эхэнд дурьдаж байсан. Хувь хүн бид нар ч ялгаагүй бас л нэг үндсэн асуудлыг орхигдуулаад байгаагаа тэр болгон мэддэггүй. Охид хүүхнүүд нүүр нүдээ будаж шунхдаад аягүй бол гоо сайхны мэс ажилбарт ороод л, хөвгүүд нь бахь шиг залуу эр болохын мөрөөсөлд автан фитнесст явж төмөртэй ноцолдоод л.

. .Түүний цаана магадгүй хүний амьдралын хамгийн эрхэм нандин үйл болох ОЮУНЫ ФИТНЕСС орхигдчихоод байна. Залуус аа, та нар ганц хором атугай өөрийн дотоод сэтгэл рүү өнгийгөөд нэг үзээрэй. Хэрвээ тэгж чадвал өөрийгөө олохуй хэмээх ОЮУНЫ ФИТНЕСИЙН эхний том алхам болох ч юм бил үү? «Орчлонгийн зовлонгийн далай хязгааргүй. Эргэж харахуй нь эрэг болой.» хэмээсэн эртний сайхан үг байдаг нь чухам энэ ёсыг хэлээд байгаа хэрэг. Төрөх, өтлөх, өвдөх, үхэх. . .эргээд л төрөх, өтлөх, өвдөх, үхэх. . .гэсэн сансрын хүрдэн дундахь эцэс төгсгөлгүй орчил гэдэг өөрөө хязгааргүй зовлон юм. Харин тэрхүү зовлонд хөтлөх нисваанис, би үзэл, автах баримтлах, атгаг гэсэн дөрвөн хүлээснээс ангижирч чадваас тэрхүү зовлонгийн орчлоос гэтэлж нирвааны нөгөө эрэгт хүрмүй гэсэн гүн нарийн ёсон дээрхи эртний нандин сургаалын цаана нуугдаж байгаа хэрэг.

Би сүүлийн үед «Улсыг засах жараахай шарах лугаа адил», «Багад багын давуу тал буй» зэрэг ярилцлагыг төвийн сонин хэвлэлд өгсөн. Түүний цаад санааг цөөн үгээр базан хэлвээс хүн болгон ОЮУНЫ ФИТНЕСС-ээр хичээллээд эхлэвэл тохиолдлын улс төрч, тогтворгүй төр хэмээх түр зуурын явуургүй үзэгдэл Бурхан Бумбын орноос өөрцгүй үлгэрийн сайхан Монгол улсад маань орших орон зай хумигдаад түүний оронд номт төр, эрдэмт засаг ашид тогтнох боломжтой. Харин тэр цагт шоронгийн хуяг, тахрын алба, цагдаа, Авлигатай тэмцэх газрын ажилгүй болсон чамгүй олон албан хаагч нарыгаа арай дөмөгхөн ажилд шургуулах ганц асуудал үүсэж мэдэх юм шүү. Хөөрхийс минь, тэд нар маань ч гэсэн хүн шиг амьдраг л дээ!

Орчуулагч Д.Болдбаатар