Байр авах уу болих уу
2015/10/27
Орон сууцтай болсноор хүн даарах хүйтэн, халах хэцүүгээс ангижирч, тухтай аюулгүй амьдрах нөхцөл бүрдэх бөгөөд үл хөдлөх хөрөнгө эзэмших, үндсэн эрх нь баталгаатай болдог билээ.
Тиймдээ ч сүүлийн жилүүдэд орон сууцны эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж үүнийгээ дагаад үнийн хөөрөгдөл, барилгын чанарын асуудал тойрсон эцэс төгсгөлгүй маргаан гарч байсан бол сүүлийн үед энэ байдал намжих хандлагатай болж. Учир нь энэ сарын байдлаар орон сууцны борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 хувиар буурсан байна. Мөн буурах хандлагатай байгаа аж. Мэдээж үүнд эдийн засгийн хямрал хамаатай. Хямралыг дагаад манайхан байртай болох хүслээ мартаж байна.. Уг нь хямарлаа гээд улс орон дампуурчихгүй, амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Шороо шуурч, ширүүн бороо орчихоод, тэнгэр цэлмэж, солонго татдагтай адил гээд бодчих.
Орон сууц нь ямарч үед үнэ цэнээ алдахгүй бөгөөд байнгын орлогтой байх үндсийг тавьж өгөхөөс гадна урт хугацаандаа үнэ нь өсч байдаг тухай мэргэжилтнүүд ярьдаг. Тэгээд ч эдийн засгийн хямралын үед үл хөдлөх хөрөнгийн үнэ буурдаг байна. Харин эдийн засаг сэргэхээр хамгийн ихээр үнэ нь өсдөг салбар бол үл хөдлөх хөрөнгө.
Тэгэхээр хямралын энэ цаг үеийг ашиглан өөрийн гэсэн орон байртай болох нөхцөл нээлттэй байна гэсэн үг. Ингэхийн тулд хэзээд үнэ цэнээ алдахгүй ирээдүйд “чулуу” болох орон сууцыг сонгох нь чухал. Манай иргэд хотын төвд л байх ёстой гэсэн ганцхан нөхцөлийг харж, худалдан авалт хийх нь элбэг ажиглагддаг. Ингээд тухайн орон сууцанд амьдран суугаад эхлэхээр машины зогсоол хүрэлцэхгүй, хүүхдийн тоглоомын талбай, хөгшдийн нарлах сандал зэрэг олон зүйл дутуу гэдгийг мэдэрч хэзээ хойно амаа барих нь элбэг. Эсвэл эхний хэдэн сар, жилдээ нар үзээд сайхан байтал өмнө нь өөр өндөр барилга сүндэрлээд эхэлбэл яах вэ зэрэг олон асуудлыг тунгаан бодож, сайтар судалсаны үндсэн дээр сонголтоо хийх нь зөв. Бизнес хөгжихгүй, алдагдалтай байгаа энэ цаг үед боломжтой бэлэн мөнгөтэй хүн орон сууц худалдаж авах нь хамгийн зөв шийдвэр гэдгийг эдийн засагчид дуу нэгтэй зөвшөөрч байгаа юм.
Харин хуримтлал үүсгээгүй, цалингаас цалингийн хооронд амьдарч буй залуу гэр бүлүүд өөрийн гэсэн орон сууцтай болох мөрөөдөлтэй байдаг яах вэ. Нэг талаасаа өнөөдөр зээл авлаа гэхэд урт хугацаандаа эдийн засаг сэргээд ирэхээр зээл авсан хүн хожих нэг магадлал бий. Өөрөөр хэлбэл та орон сууцны зээлд 500 мянган төгрөг буюу цалингийнхаа 40 хувийг төлдөг байсан бол ирээдүйд цалин нэмэгдээд ирэхээр энэ мөнгө таны цалингийн ердөө 20 хувь болж болох юм. Эдийн засаг сэргэхэд яадаг ч байсан цалин хасагдахгүй нь дамжиггүй. Харин Орон сууцны үнэ тэнгэрт хадна гээд байгаа. Гэтэл орон сууц авч хамаг мөнгөө түгжээд, зээлийн дарамтанд орох хэрэггүй гэх мэргэжилтнүүд ч байх юм.
Учир нь манай улс 700 мянган өрхтэй бөгөөд 600 мянган иргэн банкны зээлтэй байгаа аж. Тэгэхээр одоогийн байдлаар бараг өрх бүр зээлтэй гэсэн үг. Хүн болгон зээл авах албагүй бөгөөд банк хүн бүрт зээл өгөх боломжгүй. Зээл төлөх чадваргүй хүнд банк зээл өгвөл хүний мөнгийг алдсан хэрэгт ордог байна. Нэг талаараа зээл авч байна гэдэг нь тухайн хүн мөнгөтэй харьцаж, сурч байна гэсэн үг аж. Нөгөөтэйгүүр, тухайн хүний санхүүгийн боловсрол ахиж, хариуцлага дээшилж байгаагийн илрэл.
Хамгийн гол нь зээл авсанаар тухайн өрхийн амьжиргааны түвшин заавал дээшлэх ёстой юм байна. Тэгэхээр бас өөрийгөө эрсдэлд оруулах зээлийг авч болохгүй байх нь. Хичнээн баян тансаг оронд ч залуучууд нь сургуулиа төгсөөд шууд орон сууцны зээлд хамрагдана гэсэн ойлголт байдаггүй аж. Орлого багатай залуус байр авах хэмжээний орлоготой болтлоо түрээсийн байранд амьдардаг нь дэлхий нийтийн жишиг юм байна. Гэтэл манай нийгэмд хүн болгон орон сууцтай болох ёстой гэсэн үзэл бодол байдаг аж.
Н.Ганчимэг