С.Цэрэнчимэд: Намайг бөх рүү уруу татсан хүн манай ах С.Майдар
2015/11/03
С.УЯНГА
Чөлөөт бөхийн дэлхийн аварга С.Цэрэнчимэдтэй ярилцлаа.
-19-хөн насандаа Дэлхийн аварга болж шуугиулсанирээдүйтэй бөх таныг анх хэн чөлөөт бөхийн спортодхөтөлж оруулсан бол?
–Манай аав Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумынх. Ээж маань Дэлгэрхааных гэхээр өвөг дээдэс маань бүгд Хэнтий аймгаас гаралтай хүмүүс байдаг. Гэхдээ би Багануурт төрсөн. Манайх2000 онд хотод нүүж ирсэн.
Чөлөөт бөхийн спортоор 2007 оноос хичээллэсэн дээ. Миний анхны багш нар гэвэл “Алдар” спорт хорооны Дамбарагчаа,Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр гэж хүмүүс бий. Би айлын хамгийн бага. Манай аавыг нутгийнхан нь заан Сүхээ гэж дууддаг байсан. Ах С.Майдар маань “Аварга” биеийн тамирын дээд сургуулийгчөлөөт бөхийн дасгалжуулагчаар төгссөн. Тэр үед “Алдар” спорт хороонд дадлагажигчаар гарч байхдаа багш нартай маань танилцаад намайг бөх болгоё гэж хэлсэн юм шиг байгаа юм. Гэхдээ чөлөөт бөхөөр хичээллэж эхлэхээс өмнө намайг өглөө болгон гүйлгэж, гар дээр суниалгаж дасгалжуулдаг байсан. Ах маань өөрөө тамирчин болох хүсэл, мөрөөдөлтэй байж байгаад амьдралын шаардлагаас болоод чадаагүй. Тиймээс намайг тамирчин болгохоор шийдсэн байх. Өөрөө сургуульд байхдаа тамирчин хүн ямар байх ёстойг сайн мэдэрсэн учраас намайг гэрийн ажлаас чөлөөлж, зөвхөн бэлтгэлд маань анхаардаг байсан. Ер нь тэр үеэс ар гэрийнхэн намайг дэмжсэн. Хүүхэд байхаас минь эхлээд надад шаардлага тавьж, бэлтгэл сургуулилт байнга хийлгэдэг байсан ах маань намайг анх чөлөөт бөхийн спортод хөтөлж оруулсан гэж би боддог, тэгж хэлдэг.
– Анхны медаль, анхны ялалт их урам өгдөг гэдэг дээ?
–Чөлөөт бөхөөр бэлтгэл хийгээд удаагүй байж байтал Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Тэгээд намайг барилддаг гэсэн чинь тэр тэмцээнд оруулчихсан. Би тэр үед юу ч мэдэхгүй. Манай жинд дөрвөн хүүхэд барилдахад нэг ялагдаад би хүрэл медаль авсан. Ингэж л анхны медалиа авч, маш их урам авч өөртөө зорилготавьж эхэлсэн.
–Өөртөө хэр хатуу шаардлага тавьдаг вэ?
–Ер нь бол хатуу шаардлага тавина. Нэг жишээ хэлэхэд, 2009 оны Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орохдоо өмнөх жилийнх нь тэмцээнээс медаль авч чадаагүй байсан болохоор энэ жилийн улсын аваргаас медаль авахгүй бол барилдахаа болино гэж өөртөө хатуу шаардлага тавьж ороод хүрэл медаль авсан. Тэгээд л сэтгэл онгойгоод цааш цаашдын тэмцээнд амжилт гаргаж, тэр хэрээрээ бэлтгэл сургуулилтдаа шамдах болсон. Тэр үед шигшээ багийн тамирчин болоогүй байсан учраас клубын багш нар анхаарал тавина. Дэлхийн хошой медальт Г.Мандахнаран ахаас эхлээд маш олон хүн дэмжсэн.
–Хүн бүхний тэр дундаа тамирчин хүний хувьд одтой үе гэж байдаг. Та 19 настайдаа дэлхийн аваргаболсноо их азтай, одтойд тооцдог байхаа?
–Би 16 насандаа хамгийн аз, одтой байсан шиг санагддаг. Бүх ард түмний спартакад, “Mongolia open” гээд олон улсын тэмцээнээс мөнгөн медаль авсан. Энэ амжилтуудыг маань харгалзан үзээд залуу үеэ дэмжие гээд шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр багш насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд явуулсан. Итгэлийг нь алдахгүйг хичээсний үр дүнд хүрэл медальтай ирсэн. Тэр жилээ олон улсын хэмжээний мастер цол авч байсан маань хамгийн сайхан цаг үеийн нэг. Эргээд бодоход энэ насандаа л өнөөгийн амжилтынхаа эхлэлийг тавьжээ гэж хардаг.
2013 онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн аваргаас мөнгөн медаль авсан эгчийгээ ялаад түрүүлсэн. Энэ үеийн барилдааныг маань Дагваа аварга хараад амжилт гаргах ирээдүйтэй гэж бодсон юм болов уу Япон улсад сургуульд явуулсан. Хэсэг хугацаанд суралцаж байгаад ээжийн бие өвдөөд эргээд ирсэн. Тэнд суралцах хугацаандаа залуучуудын дэлхийн аварга болсон. Эх орондоо ирсэн хойно залуучуудын дэлхийн хошой аварга болоод өнгөрсөн жил Узбекистаны Ташкентад насанд хүрэгчдийн дэлхийн аварга болж 19 насандаа гавьяат тамирчин болсон. Энэ бол мэдээж мартагдашгүй сайхан мөчүүд. Энэ жил АНУ–ын Лас Вегаст болсон тэмцээнд сүүлийн шатанд үлдэж мөнгөн медальтай ирлээ.
–Ихэнх цагийг бэлтгэлдээ зарцуулдаг байх. Оюутан болсон гэж сонссон?
–Тамирчин хүнд хувийн сахилга бат чухал. Бэлтгэл хийгээд ядарч зүдэрнэ. Наад зах нь эрүүл хүнс хэрэглэнэ, эм витаминаа цагт нь ууна, дулаан хувцаслана гээд хувийн сахилга маш чухал. Долоо хоногийн зургаан өдөр бэлтгэлтэй байдаг учраас чөлөөт цаг бага гардаг. Чухал тэмцээний үед сэтгэлзүйгээс эхлээд өөрийгөө бэлдэж, хариуцлагатай байх ёстой. Бэлтгэл хийхдээ биеэ сайн халааж, орчноо мэдэрч барилдана. Манай улс заал танхимын хүрэлцээ муутай учраас нэг зааланд олуулаа бэлтгэл хийдэг учраас гэмтэл бэртлээс сэргийлж байдаг даа. Зөвхөн барилдах биш хүн боловсрол мэргэжил хэрэгтэй гэж бодож ХААИС–ийн оюутан болсон. Эдийн засаг бизнесийн чиглэлээр сурч байгаа. Ер нь бол бэлтгэлийнхээ цаг заваар л хичээлдээ явж байна даа.
–Хамгийн ойрын зорилго юу байна?
–Арваннэгдүгээр сарын 27-29-нд Азербайжан хотын Баку хотод болох Голден гранпри тэмцээнд бэлдэж байна.Энэ тэмцээнд урилгаар тамирчдыг оролцуулдаг юм. Манай улсаас есөн тамирчин уригдсанаас дөрөв нь эмэгтэй.Би 60 кг–ийн жинд барилдана. Он гараад чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах, ОХУ–д Голден гранпри, Казахстан, Турк, Манай улсад олимпийн эрх олгох олон тэмцээнтэй. Бүгдэд нь амжилт гаргана гэж бодожбэлтгэлдээ анхаарч байна. Ойрын зорилго бол тэмцээнүүддээ амжилтай оролцож олимпийн эрх авах. Бас цаашид ямар жинд барилдахаа дасгалжуулагч багш нартайгаа ярилцаж байгаад шийднэ.
Зочин · 2015/11/13
Anh eejid chin ohiniigoo boh bolgo gj bsn huniig sanaj bnu. Batmunh gfg huntei neg uulzahad buruudah yumgui de. Martsan bolyahav sanuulah albagui