Ж.Эрдэнэбат: МАН-ын шинэчлэл нийгэмд яагаад хэрэгтэй байгааг хүмүүст тайлбарлах ёстой
2013/07/23
УИХ-ын гишүүн, МАН-ыг “Шинэчилье” хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Ж.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Сэлэнгэчүүд аваргатай боллоо шүү дээ?
-Баярлалаа. Монголын ард түмэнд ч гэсэн баяр хүргэх ёстой. Энэ жилийн наадам Сэлэнгэ түмний баяр наадам боллоо. Аваргатай болсон тэр орой сэлэнгэчүүдийн найман настай балчраас 80 настай ахмад нь хүртэл баярлаж хөөрөөд бараг унтаагүй дээ.
Яагаад гэвэл, Сэлэнгэ аймаг маань өөрөө Ардын хувьсгалын өлгий нутаг. Энэ нутгаас Монгол төрийн наадамд босоо аварга төрнө гэдэг ямар их омогшил, баяр хөөрийг өгөх нь ойлгомжтой. Түүхэндээ анх удаа Улсын баяр наадмаас аваргатай болсон болохоор хүн бүр л баярлаж хөөрснийг нуугаад яах вэ. Аваргаа дагуулаад төрсөн сумандаа очлоо.
Эрхэмээ аварга бид хоёр Сэлэнгэ аймгийн Мандал сумынх. Би аймгийнхаа бөхийн холбооны даргаар ажиллаад гурван жил гаруй болж байна. Мандал сумынхан маань бүгдээрээ гудамжиндаа гарч аваргаа тосч баяр хүргэж, уухайн түрлэг өргөнө лээ. Энэ бол улс орон даяар төрсөн нутгийнхаа алдар сууг дуудуулсан хүчтэн Мандал сумаас төрлөө гэсэн баяр хөөр.
Тэр их баяр хөөрийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Ер нь манай Эрхэмээ үнэхээр хөдөлм өрл өсөн, хичээсэн. Хүн болгон хэлнэ дээ, Эрхэмээг. Маш их хөдөлмөрч хүн. Бөх хүнд байх, тэр тусмаа Үндэсний бөхийн аварга хүнд байх эрхэм сайхан зан чанар цогцолсон хүн дээ. Түүнийхээ ачаар Монгол Улсын Аварга гэдэг эрхэм хүндтэй цолонд хүрлээ. Заримдаа бөхчүүд чинь хүүхдээрээ зантай шүү дээ.
Аварга болсных нь дараа утсаар ярьж баяр хүргэхэд “Ах аа, та одоо Америк явах гэж байсан билетээ буцаасандаа харамсаагүй биз дээ” гэж хошигнож байхав дээ. Наадмын өмнөхөн “Чи энэ жил түрүүлэх ёстой. Сэлэнгэ нутгаас аварга төрөх ёстой шүү.
Би гадагшаа явах билетээ хойшлуулчихсан” гэж хэлж байсан юм. Гэтэл манай хүн баяр хүргэж байхад билет энэ тэрхэн ярьдаг байгаа даа. Энэ нь Монголын энгүй хүчтэнгүүдийн нэг ч гэсэн хүүхэд насны гэнэн цагаан, наргиа хошин зан нь хэвээрээ гэсэн үг. Үнэхээр Эрхэмээ нэрэндээ таарсан эрхэм хүн дээ.
-Аваргатай болохоос өмнөхөн Сэлэнгэ аймгийн Түшиг суманд байгалийн онц аюултай үзэгдэл боллоо. Гамшгийн хохирлыг арилгаж амжсан уу. УИХ, Засгийн газрын зүгээс анхаарал тавьсан болов уу?
-Манай улсад болж байгаагүй байгалийн гэнэтийн аюул. Азаар хүний амь нас эрсдсэнгүй. Хүн төрөлхтөн байгаль дэлхийн өмнө хүчин мөхөс гэдгийг ойлгуулах мөндөр орж, онц их хэмжээний хохирол учруулсан. УИХ-ын гишүүний хувиар Түшиг сумандаа очиж газар дээр нь ажилласан.
Хохирлын хэмжээг тогтоож Засгийн газарт ч танилцуулсан. Ер нь цаашдаа ийм гэнэтийн гамшиг тохиолдвол төр засаг, байгууллага аж ахуй нэгжүүд хэрхэн хамтарч ажиллах ёстой. Хохирлыг тооцох, барагдуулах байнгын бэлтгэлтэй байх гээд олон зүйлд сургамж боллоо. Мал амьтан ихээр хоргодож, уулын модыг холтослоод ямар ч навч нахиа мөчир үлдээгээгүй ийм л гамшиг.
Эдийн засгийн хувьд асар их хохирол учирсан. Мөнгөн дүнгээр тооцвол гурван тэрбум гаруй төгрөг. Энэ бол жижигхэн суманд дэндүү ахадсан хохирол. Манай сэлэнгийнхэн чинь тариа ногоо тарьж амьжиргаагаа залгуулдаг ард түмэн. Тэр баталгаа нь алга болчихоор хүндрэл үүсч байна.
-Засгийн газраас хохирлыг арилгахаар эхний ээлжинд 500 сая төгрөг өгсөн билүү?
-Засгийн газрын нөөц хөрөнгөөс 500 сая төгрөг гаргахаар болсон. Энэ нь бараг сумынхаа төсвийн байгууллагын хохирлыг арилгаад л таарах байх. Ер нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны дүнд л энэ хохирлыг арилгах ёстой.
-МАН-ын залуучууд намаа шинэчлэх тухай ярьсаар удлаа. Та намынхаа залуучуудын “Шинэчилье” хөдөлгөөний Ерөнхий зохицуулагчаар сонгогдон ажиллаж байна. Гэхдээ энэ хөдөлгөөн анх эхэлж байсан шигээ нийгмийн анхаарлыг татахгүй байх шиг. Учир нь юу вэ. Наадам болоод намжив уу, эсвэл улс төрийн шалтгаан байна уу?
-Наадам ч бас нэг төрлийн улс төр шүү дээ. Хэрэв улс төр болгож харвал. Дэлхийн хэдэн орны сэтгүүлчид ирж сурвалжилдаг билээ. Дэлхийд Монголыг яаж харагдуулах нь улс төр биш гэж үү.
Монголчууд түүх соёлоо хэрхэн хадгалж, уламжлан авч яваагаа, хэрхэн наадаж, цэнгэж баяр ёслолоо өнгөрүүлдгээ харуулахаас гадна, Монголын Ерөнхийлөгчийн наадмын нээлтэнд хэлсэн үг нь улсынхаа гадаад харилцаа, эдийн засагт нь, хөрөнгө оруулалтанд хамаатай улс төрийн үг байдаг.
Энэ утгаараа наадмаас олон зүйл хамаарч байна. Гэхдээ бидний үйл ажиллагааг сэтгүүлчид улс төрийн зорилгоор өөрөөр анхаараад байж магадгүй. Ерөнхийдөө нийгэм бол ямар, ямар алхам хийхийг нь анзаарч, хүлээж байгаа нь мэдэгдэж байна. Тэр байтугай эрх баригч нам ч анхаарч байгаа, энэ шинэчлэлийн үйл явц бүхэлдээ Монголын нийгэмд хамаатай зүйл.
-Үүнийгээ тодруулахгүй юу. Яагаад Монголын нийгэмд хамаатай гэж?
-Нам гэдэг улс төрийн байгууллага. Зөвхөн засгийн эрх аваад албан тушаалд хүнээ тавьдаг, бодлогоо хэрэгжүүлдэг бүлэглэл мэтээр ойлгодог. Энэ талаар мэргэжлийн улс төр судлаач эрдэмтэд нь үгээ хэлэх байх. Олон сонгуульд дараалан ялагдсандаа дүгнэлт хийж нийгэмд огцом, тэсрэлттэй хөдөлж харагдсан байж магадгүй.
Гэвч “Шинэчилье” хөдөлгөөн бол Монголын нийгмийн харилцаанд гарч буй гажуудал, оюун санааны төвшинд гарч буй шилжилт зэрэгтэй шууд холбоотой. Шинэчлэх шаардлагаа ямар цаг хугацааны хүрээнд хамааруулж авч үзэж байгаа нь хүртэл анхаарах асуудал. Тэр байтугай 1990 оны Ардчилсан хувьсгалын үр нөлөө, амжилтанд бид ул суурьтай дүгнэлт хийх цаг болсон. Ардчилсан хувьсгалын үр дүн бол шинэ Үндсэн хууль, хүний эрх чөлөө байлаа. Гэтэл Үндсэн хуульд ердөө долоохон жилийн дараа өөрчлөлт оруулчихсан.
Үүнээс болоод томоор харвал ард түмний эрх ашиг, явцуу утгаараа сонгогчдын сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулж төрийн эрх барих эрх алдагдсан. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр давхар ажиллах боломжтой болсон нь нэг улс төрийн хүчин өөртөө төсөв баталдаг, өөртөө тайлан тавьдаг, тайлангаа өөрсдөө шүүж дүгнэдэг болж байгаа юм. Нэг ёсондоо төрийн эрх барих дээд байгууллага УИХ нь Засгийн газрынхаа атганд орчихсон.
Үүнээс болоод эрх баригч намын дарга хязгааргүй эрх мэдэлтэй хаан болж байгаа юм. Авлига, хээл хахууль, албан тушаалын замбараагүй дураар авирлалт эндээс л үүдэлтэй. Усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэж үг бий. Авлигачдаас намаа цэвэрлэе гэж залуучууд дуугарах нь зөв. Гэхдээ уг язгуурыг нь цэвэрлэхгүйгээр энэ хөдөлгөөн үр дүнд хүрэхгүй.
-Тэгэхээр та бүхэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг үү?
-Шинэчлэлийн зорилгуудын нэг байж болох ч бидэнд ийм боломж байхгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн шаардлага, улс төрийн шаардлага бүхэн нэг цэгт огтлолцож байж хийх ёстой. Нэг улс төрийн нам ч дураараа өөрчлөлт хийж болохгүй.
-“Шинэчилье ” хөдөлгөөний ард танай нам доторх фракцууд байгаа нь тодорхой. Энэ талаар танай залуусаас асуухаар “Бидний ард хэн ч байхгүй” гэх юм. Та бас хэн ч байхгүй гэх үү. Ер нь хүн байгаа юу, байхгүй юу. Байгаа бол хэн юм бэ?
-Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, “Шинэчилье” хөдөлгөөнд байгаа залуус өчигдөр намд элсээгүй, өөр намаас ч орж ирээгүй. Үүнийг тодруулж хэлэх ёстой. Бид улс төрд шинэ хүмүүс биш. Энэ утгаараа нам доторх бүх үзэл бодол фракцтай янз бүрийн байдлаар холбоотой хүмүүс. Гэрийн бүрээс нь муудчихсан айлын хүүхэд “Бороо гоожоод байна. Бүрээсээ сольё” гэхээр “Хэн тэгж байна. Аав чинь уу, ах чинь уу” гэж хэн ч шалгаадаггүй биз дээ.
Хэрэв залуучуудыг аль нэг бүлэглэл фракцид хамаатуулж харахыг хүсвэл хамаатай юм шиг л харагдана. Би байхгүй гэж хэлэхгүй. Хэнтэй хамтарч ажилладаг нь залуучуудын маань асуудал. Харин намаа шинэчлэх гэсэн бидний ард хэн ч байхгүй. Бидний ард зөвхөн МАН, түүний гишүүд дэмжигчид, Монголын нийгэм дэх шинэчлэлийг хүссэн янз бүрийн давхаргын төлөөлөл байгаа. Цаашдаа ч улам нэмэгдэнэ.
-Таны ярианаас “Шинэчилье” хөдөлгөөн чинь зөвхөн намын шинэчлэл биш болоод явчихлаа. Танай залуус хэвлэлийн бага хурлын үеэр “Сонгуульд ялдаг намтай болъё” гэж байсан чинь яасан бэ?
-Улс төрийн нам бол нийгэм биш, нийгмийн олонхи ч биш. Гэхдээ улс төрийн нам засгийн эрх авбал нийгмийн бүх амьдралд хамаатай шийдвэр гаргадаг. Нийгмийн бүх харилцааг төрийн нэрийн өмнөөс хуулиар зохицуулах болдог.
Шууд утгаараа таны төлөх татвар, таны амьдрах орчин, таны хүүхдийн сургууль цэцэрлэг, таны бизнес, ажил хөдөлмөрийг зохицуулж байна. Энэ өнцгөөс нь харвал намын шинэчлэлийн асуудал. Тэр тусмаа МАН шиг улс төрийн том хүчний шинэчлэл нийгмийн бүх салбарт хамаатай өргөн хүрээтэй асуудал.
-Ийм өргөн хүрээтэй том ажлыг тэгээд ажил, амьдралын ямар ч туршлага байхгүй төлөвшөөгүй залуучууд хийж чадах уу. Басамжилж байгаа юм биш. Ер нь ямар ч ажлыг хийхэд туршлага хэрэгтэй биз дээ?
-Би нэг л зүйлийг лавтай мэдэж байна, үүнийгээ ч хүлээн зөвшөөрнө. Бидэнд хэнд нь ч ийм шинэчлэлийг хийх туршлага байхгүй. Нам доторх залуучууд, намын хуучин удирдлагуудад ч ийм туршлага байхгүй. Энэ бол үзэгдэл төдий зүйл биш. Бид зөвхөн намынхаа төдийгүй Монголын нийгмийн харилцааны нэгэн зурвас үеийн түүхийг чадан ядан бичиж байна. Залуучуудыг маань битгий тавла.
Залуу нас чинь өөрөө тэр чигээрээ алдаа байдаг. Гэхдээ энэ шинэчлэл бол улс төрийн үйл ажиллагаа. Улс төрд гэнэтийн шийдэл гэж байхгүй. Тиймээс “Шинэчилье” хөдөлгөөний залуучуудын давуу тал бол улс төрийн эрмэлзэл нь юм. Олон сонгуульд дараалан ялагдсан үзүүлэлт биднийг улам асааж өгсөн байх. Хэрэв танай хүүхэд “Би том болоод тийм хүн болно, ийм хүн болно” гэхээр чи “Чадах уу” гээд басаад байж болохгүй.
Аль ч нийгэм залуучуудынхаа хүчээр, ачааныхаа хүндийг залуучууддаа үүрүүлж байж урагш алхдаг нь жам. Гэхдээ бид хазайвал түших ноён нуруутай, тулхтай гишүүд олонтой улс төрийн ууган том намын гишүүд шүү дээ.
-Одоо тэгвэл танай хөдөлгөөнийхөн юу хийж байна. Нэг хэвлэлийн бага хурал хийлээ. Удирдах зөвлөлийнхөө хурал дээр орж тойрч зогссон бололтой зураг харагдсан. Баахан гарын үсэгтэй цаас хэвлэлээр гарснаас өөр хийж байгаа ажил байна уу?
-Бид зохион байгуулалтад орсон. Гэхдээ хийх ажлаа тоочоод байх нь чухам хэр зохимжтой юм бол мэдэхгүй. Ямар ч гэсэн намынхаа одоогийн хүчин төгөлдөр дүрмээр нам доторх улс төр маань хийгдэх байх.
Гэвч бид энэ дүрмээ өөрчлөх зорилго тавьсан байгаа. Мөн үзэл баримтлалын асуудал байна. Манай намын залуучуудын холбооны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ намаа концепцын ялагдал хүлээлээ гэж дүгнэсэн байна лээ. Энэ мэтчилэн шинэчлэлийн нөхцөл байдлыг олон талаас нь харж дүгнэж байна.
Маш тодорхой нэг зүйлийг хэлэхэд, улс төрийн хөдөлгөөн, аливаа үйл ажиллагаа хурцдаад ирэхээрээ жагсаал хийж эсвэл гэр барьдаг. Харин бид тийм хэлбэрээр биш бичдэг, ярьдаг, мэтгэлцдэг хандлагыг илүүд үзэж байна. Тиймдээ ч “Шинэчлэлийн залуус бичиж байна” гэсэн ерөнхий нэрээр өөрсдийнх өө бодлого үйл ажиллагааг нийгэмд тайлбарлах, таниулах чиглэлээр ажиллана.
-Үзэл баримтлал гэснээс МАН ардчилал эрхэмлэгч нам мөн үү. АН, МАН хоёрт ялгаа байна уу. Сонгуульд ялахаараа төрийн албан хаагчдыг намын харъяаллаас нь болж халдаг, сольдог нь адилхан. Ер нь хоёулаа өөрсдийгөө дотоод ардчилалтай нам гэх юм. Эсвэл ардчилал гэдгийг хоёр өөр янзаар ойлгодог нам уу. Яагаад концепцын ялагдал хүлээлээ гэж дүгнэхэд хүрэв?
-Маргаантай асуулт байна. Энэ хоёр том улс төрийн хүчинд аль алинд нь ардчилсан шинж ч бий. Ардчилсан бус шинж ч бий. Дотоод ардчиллын хувьд гиш үүдийн улс төрийн эрмэлзлээс хамаарах байх. Гэвч аль, алиныг нь судлаач эрдэмтэд бодитоор хэлнэ байх. Харин үзэл баримтлалын хувьд нэг зүйлийг хэлье.
АН бол ардчилал ярьдаг ганцхан нам биш. МАН ардчилал, эрх чөлөөний чухлыг нь ойлгодог хүлээн зөвшөөрдөг нам. Халах солихын тухайд улс төрийн хариуцлага тооцох ёстой. Гэхдээ хонзогнож улс төр хийж болохгүй. Хонзогнож улс төр хийснээс болоод авлигын тухай асуудал мөн чанараараа арилахгүй байна.
-Концепцын ялагдал гэж юу гэсэн үг вэ?
-Хатуухан хэлэхэд, улс төрийн намууд ялгарахгүй болсон байна гэдэг шүүмжлэлийг хүлээн зөвшөөрдөг. Өнөөдөр Монголын улс төрийн намууд парламентын ба парламентын бус, эсвэл УИХ-д суудалтай, суудалгүйгээр ялгарч байна. Бас 90 жилийн түүхтэй ба түүхгүй гэж л ялгараад байна.
Гэтэл улс төрийн намуудын адил тал нь ердөө л ганцхан Засгийн эрх авах, сонгуульд ялах гэсэн явцуухан болчихсон. Бодлого хэрхэн хэрэгждэг үйл явцыг ажвал Засгийн эрх авахыг нь буруутгаж болохгүй. Бодлогыг үндэсний хэмжээний том намууд л хэрэгжүүлнэ. Аймаг дүүргийн хэмжээний жижиг намууд нь оролцоод, тухайн салбараа хариуцаад явдаг жишиг байна.
Харин бидэнд энэ ялгарлыг агуулгын ялгарал, үзэл баримтлалын ялгарал болгож гүнзгийрүүлэх шаардлага бий. Ардчилал гэдэг тогтолцоо Монголд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ ямар хэв маяг нь хэрэгтэй юм бэ гэдгийг бодох цаг нь болсон. Шууд ардчилал, төлөөллийн ардчилал гэх мэт онолын нэр томъёог нь судлаач эрдэмтэд нь хэрэглэдэг юм байгаа биз. Харин олон нийт буюу монголчууд бид Монголд тохирох ардчиллын тухай ярья.
Тэр нь Засгийн газар нь УИХ-даа ажлаа тайлагнадаг хяналттай төртэй нийгмийн тогтолцоо байг. Ерөнхийлөгчөөсөө эхлээд төрийн байгууллага албан тушаалтан худлаа ярьдаг бол огцруулдаг хуулийн механизмтай төртэй болъё. Асуудал үүссэн бол шийдвэрлэдэг хэн нэгэн улс төрчийн гавъяа байгуулах гэсэн дур хүслээс хамаарахгүй тогтолцоо бий болгоё. Тэр нь л Монголд тохирох ардчиллын хэв маяг юм.
-“Шинэчилье” хөдөлгөөнийхөнд албан тушаалд очихг үй гэсэн баталгаа байгаа юу. Намын Бага хурал хуралдвал та бүхэн яг ямар оролцоотой байх вэ. Намын удирдлагын төвшинд ямар нэг тэсрэлт хийх үү?
-Түүх уншиж суухад нэг зүйл ажиглагддаг юм. Ийм шинэчлэл, өөрчлөлт хийе гэсэн хүмүүс үргэлж л ямар нэг зүйлээ золиосонд гаргасан байх юм. Энэ бол мэдээж залуу нас. Залуу насанд нэр хүнд гэж алга. Залуу насанд болгоомжлол гэж алга. Бараг бичигдээгүй хууль гэвэл тэр. "Шинэчилье" хөдөлгөөний залуус маань ч гэсэн энэ замыг алгасахгүй байх.
Эхнээсээ хэвлэлийн бай, баатар хоёрын дүрд тоглоод л явж байна. Нэр хүнд бол одоо дүүрч. Унана уу, алдана уу хамаа алга. Харин энэ золиос нь хүний эрх байж болохгүй гэсэн хатуу байр суурь юм. Яахаараа нийгэмд гэрэл гэгээтэй зүйл хийе, шинэчилж өөрчилье гэж уриалсныхаа төлөө эрх, эрх чөлөөндөө халдуулах ёстой юм.
Хэрэв бид албан тушаалд очно гэж тэмүүлсэн бол зохион байгуулалт маань сүүдрийн Засгийн газрын бүтэцтэй байж болох л юм. Албан тушаалд очиж болно. Нам маань сонгуульд ялчихвал түүн шиг амархан зүйл байхгүй. Гэвч энэ нийгэм өөрөө өөрчлөгдөхгүй байна. Өөрчлөгдөж байгаа үйл явц нь дэндүү удаан байна. Намын бага хурал дээр ямар зүйл хэлж ярьж, шаардах нь хамтын удирдлагаараа шийдэх асуудал.
-Ж.Эрдэнэбат гэх хөдөлгөөний удирдагчаас илүү жирийн гишүүнийх нь хувиар санал бодлыг чинь намын дүрэмдээ тусгая гэвэл ямар санал хэлэх бол?
-Бүтдэг бол сайхан л юм. Хэрэв “Шинэчилье” хөдөлгөөнийхөнд ийм боломж олдвол Ж.Эрдэнэбат гэдэг хувь хүний зүгээс намын дэргэдэх судалгааны байгууллагыг өнөөгийн мэдээллийн ертөнц дэх мэргэжлийн судалгааны байгууллага болгоход анхаарч, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх санал тавимаар санагддаг.
Дэргэдээ том судалгааны бүтэцтэй байхад намын даргад хувийн зөвлөх байх шаардлагагүй. Удирдах зөвлөл нь ч судалгааныхаа тайланг сонсдог, ач холбогдол өгдөг болвол хэрэгтэй юм. Хүнд чинь тоглож чадах нот, чадахгүй нот гэж бий. Хэн дуртай нь улс төрийн том, том гаргалгаа хийж, цээжээрээ пан гөрж суудаг цаг өнгөрсөн байна аа.
Д.Болормаа
Зууны мэдээ сонин
Албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэв.
Зочин · 2013/07/24
Taniig ih shylyyn,shudarga hun um bn gej dugneb.Unuugiin tom hiirhel,dur u******chees buur zalhaj bn.ted todorhoi tsag hygstsaabii daraa unen turh ni ilchlegdej ynah ni todorhoi.
Зочин · 2013/07/24
Taniig ih shylyyn,shudarga hun um bn gej dugneb.Unuugiin tom hiirhel,dur u******chees buur zalhaj bn.ted todorhoi tsag hygstsaabii daraa unen turh ni ilchlegdej ynah ni todorhoi.
Зочин · 2013/07/24
Энэтхэгийн элэгний топ эмч Профессор Неги 2013 оны 7-р сарын 25-ны өдрийн 16 цагаас хойш, мөн 26, 27-ны өдрүүдэд Гурван гал эмнэлэгт элэгний архаг өвчтэй хүмүүс Үнэгүй зөвлөгөө өгөх бөгөөд Энэтхэгийн топ эмнэлэг болох BLK Hospital эмнэлэгт хэрхэн эмчлүүлэх тухай ярилцана гэнээ. Холбогдох утас *6647666 (Англи), *11*7*00 (Монголоор). www.blkhospital.com, bidhan*[email protected] гэнээ