-ТЭРБЭЭР АНАГААХЫН ОЮУТНУУДЫГ ДАГУУЛАН ЖАГСАЖ БАЙВ-

Хэд хоногийн өмнө АТГ-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийсэн. Ингэхдээ ганц Н.Энхбаярынд ч биш худынд нь, мөн хүү Н.Батшугарынд нь хүртэл очсон юм. Тухайн үед Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж байхад түүний худ Ц.Долгормаа гэх эмэгтэй ирж “О.Цолмонг стресстчихвий гэж ирж байгаа юм. Би чинь тэмцэгч шүү дээ. С.Зориг миний найз байсан” хэмээн ихэд бухимдангуй байгаагаа дуулгаж билээ. С.Зориг агсан бол ардчилалын төлөө тууштай тэмцэгч. Түүнтэй мөр зэрэгцэн тэмцэж, мөн найзалж явсан бол өөрийгөө “тэмцэгч” гэж нэрлэхээс өөр яах билээ. Ямартай ч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын худ болсон Ц.Долгормаа гэгч чухам хэн юм бол оо.

 Түүнийг Чимиддоржийн Долгормаа гэдэг. Тэрбээр 1962 онд төрсөн бөгөөд түүний бага нас хойд хөршийн нийслэл Москвад өнгөрчээ. Түүнийг зургаан сартай байхад аав нь хуучнаар ЗХУ дахь Монголын Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр томилогдон очсон байна. Ингэснээр бяцхан охин харийн нутагт 22 жил амьдрах үүд хаалга нээгдсэн аж. Мэдээж хэрэг ОХУ-д 22 жил амьдарсан болохоор тэндээ мэргэжил эзэмших болсон байна. Ингэхдээ тэрбээр Москвагийн анагаах их сургуулийг сонгон суралцаж, хүний их эмч мэргэжлийг эзэмшээд хэсэг хугацаанд ажиллаж байгаад 1986 оноос Анагаах ухааны их сургуульд багшилсан. Харин цагаан морин жилийн хувьсгалын дараа буюу 1991 оноос  бизнесийн салбарт хүч үзжээ. Ингэхдээ төрийн өмчит “Багануур” компанийн  ТУЗ-ийн  гишүүн, “Монгол савхи” компанийн  ТУЗ-д тус тус ажиллаж байгаад 1998 оноос “Гутал” ХК-ийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүнээр, 2006-2009 онд ОХУ-ын төрийн өмчит “Зарубежгеология” компанийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байна.

Ц.Долгормаа өөрийгөө “тэмцэгч” гэж нэрийдсэн нь зүгээр ч нэг дэмий хийрхэл биш аж. Тэрбээр анх Ардчилсан холбоог байгуулахад Анагаах ухааны их сургуулийн оюутнуудыг дагуулан Сүхбаатарын талбайд дээр жагсаж байсан байна. Мөн “Зориг” санг байгуулахад ч талийгаач С.Зоригийн найз гэдэг утгаараа гар бие оролцож, хөрөнгө мөнгөөр тусалж байсан байгаа юм. Тэрбээр бизнес, тэмцлийг хослуулсаар явж байгаад гэнэт нэг өдөр улстөрч болохоор сэтгэл шулуудсан аж.  Мэдээж түүний тэмцэл улс төр рүү оруулахад нөлөөлсөн байж ч мэднэ. Ардчилсан холбоо байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулж байсан. Мөн Ардчилсан намын гишүүн С.Зоригийн найз гэдэг утгаараа Ардчилсан намд элссэнгүй. Харин өөрийн худ болох Н.Энхбаярын намд элсэн өнгөрсөн орон нутгийн хурлын сонгуульд өрсөлдөөд үзсэн юм. Ардчилсан намыг бус чухам яагаад МАХН-ыг сонгосон бэ гэдэг асуултын хариуг та бүхэн “МАХН-ын дарга Н.Энхбаяртай эртний танилууд, тэгээд ч худууд болохоор” хэмээн бодож байж мэднэ. Тэгвэл үгүй аж. Тэрбээр 2006 онд ОХУ-ын “Зарубежгеология” компанид ажиллах болсноор Монгол орны ашигт малтмал, орд газруудын талаар хангалттай мэдээлэлтэй болжээ. Ялангуяа Тавантолгой бол Монгол Улсыг хэдэн үеэр нь тэжээх, тэр байтугай хөгжил дэвшилд хөтлөх асар их баялаг болохыг мэдсэн байна. Тухайн үед Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “Хөгжил бол тусгаар тогтнолын баталгаа” сэдэвт томоохон ярилцлага хэвлэлээр гарчээ. Уг ярилцлагад Монголын төр энэ их баялгаа хэрхэн ашиглавал зохистой болох талаар өгүүлсэн байж. Тэр үед л Н.Энхбаярын “Тавантолгой бол ард түмний өмч, Монгол Улсын иргэд бүгдээрээ тэнцүү хувьцаагаар эзэмших ёстой” гэдгийг санаачлан гаргасан нь түүнд маш их таалагдаж, дэмжихэд хүргэжээ. Тиймээс байгалийн баялгийн хуваарилалтыг шударга болгохын төлөө улс төрд орохоор шийдсэн байгаа юм. Тэгээд баялгийн хуваарилалтыг хамгийн шударгаар хийж чадах хүчин бол МАХН гэж үзсэн учраас элссэн гэнэ.

Ямартай ч эгэл даруухан харагдах Ц.Долгормаа гэх эмэгтэй Монголын ч иргэн, мөн “ОХУ-ын ч иргэн”. Тэрбээр АТГ-ынхан Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийх үеэр  хэвлэл мэдээллийнхэнд “Намайг хамгаалах хүн бий. Манай найзууд байна. Оросын төр байна. Би чинь Оросын төрийн компанийн захирлыг Монголд гурван жил хийсэн. Манай гадаадын найзууд байна. Одоо өнөөдөр Европт энэ тухай мэдээлэл гарна. Ардчилсан Монголд Ардчилсан нам ялаад, ардчиллыг ингэж хөгжүүлж байна. Хүний эрхийг ингэж зөрчиж байна” гэх мэтээр ярьсан. Үүнээс харахад Ц.Долгормаа гадныхны  нөмөр нөөлөгт байдаг  бололтой. Ийнхүү боловсрол мэдлэгтэй, өөрийгөө хүч нөлөөтэйд тооцох нэгэн эмэгтэйн өмгөөлөлд Н.Энхбаяр “багтжээ”.

 

Ж.Баттуул