Хотын мэр Э.Бат-Үүл хүүгээ эрхлүүлснээс болж дахин төлөвлөлтийн ажил хойшилжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн жил буюу 2012 онд нийслэлийн ИТХ-ын сонгуульд намаа удирдан оролцсон билээ. Ингэхдээ тэрбээр нийслэлийн гэр хорооллыг хаус хороолол болгох уриатай оролцсоноос ялалт байгуулж чадсан. Харин хотын дарга болсныхоо дараа мань эр хаус хорооллоос түрүүлээд дахин төлөвлөлт нэрийн дор орон сууцжуулахаар болсон юм.
Тиймээс энэ оны гуравдугаар сард Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг  нийт аж ахуйн нэгжид нээлттэйгээр хүргүүлсэн байна. Урилгын дагуу 32 аж ахуйн нэгжийн 52 саналыг хүлээн авч, эхний ээлжийн сонгон шалгаруулалтаар 18 компанийн 30 саналыг шалгаруулсан юм. Урьдчилсан байдлаар шалгараад байгаа нэр бүхий 18 компани журамд заасан хугацааны дагуу дөрөвдүгээр сарын 06-ны өдрийг хүртэл төсөл хэрэгжүүлэхээр сонгосон бүсийн оршин суугч иргэдэд өөрсдийн байгууллагын талаарх мэдээлэл, танилцуулгыг дэлгэрэнгүй  танилцуулсан бөгөөд  тухайн компаниудын төслөө хэрэгжүүлэх эрхийг иргэдийн сонголтоор шийдвэрлэжээ. Тухайн үед Гэр хорооллын дахин төлөвлөж буй ажиллагаа нь анх удаа иргэдийн оролцоон дээр тулгуурлан хийгдэж  буйгаараа онцлог түүхэн үйл явдал бөгөөд санал хураалтанд иргэд маш идэвхитэй оролцсон гэж албаныхан онцолж байв. Иргэдээс авсан санал хураалтын дүнгээр дээрх 18 компанийн 14 компани нь шалгарсан бөгөөд тэд 30 хоногийн хугацаанд Төсөл хэрэгжүүлэгчид,  өмчлөгч, эзэмшигч иргэдтэй гэрээ хийх эрхийг авсан байна.

Дээрх 14 компанийн дотор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн “Гранд лайн” компани хоёр ч газар ялалт байгуулсан байдаг. Үүнд, Чингилтэй дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороо буюу Дэнжийн мянга орчим, Баянзүрх дүүргийн 12 хороо буюу Жанжин клуб орчмын нутаг дэвсгэр хамрагдаж байгаа юм. Ингэснээр олон нийтийн дунд Э.Бат-Үүлийн хүүгийн “Гранд Лайн” компани угтаа брокер дилерийн компани байтал яагаад гэнэт барилгын салбар руу хальж, түүгээр ч үл барам барилгын салбарт туршлагатай томоохон компаниудыг ялчихав гэдэг асуулт тавьж байлаа. Үнэхээр найруулагч мэргэжилтэй Б.Чулуудайг олон нийт “Brix” шөнийн цэнгээний газрын эзэн, “Сонор” студи, “Чугу” компани зэрэг урлаг шоуны салбарт ажилладгаар нь мэдэхээс биш барилгын салбарт ажиллаж байсныг дуулаач үгүй гэж байгаа. Харин Б.Чулуудай Ховд аймагт брокер диллерийн үйлчилгээ үзүүлж байсан “Гранд лайн” компанийн үүсгэн байгуулагч Б.Ганзоригоос хувьцааг нь 100 хувь өөртөө шилжүүлснээр 2011 оны аравдугаар сард өөрийн гэсэн брокер диллерийн компанитай болсон байдаг. Тухайн үед хамтарсан Засгийн газраас “Тавантолгой” компаниас иргэн бүрт 1072 хувьцаа эзэмшүүлнэ хэмээж байсан тул брокер диллерийн компани борооны дараахь мөөг шиг олширч байсан цаг. Тэгэхээр Үүл баатрын хүү ухаантай л алхам хийсэн байгаа биз.
Харамсалтай нь төд удалгүй засаг солигдож, хувьцааны бизнес урагшлах биш ухарчихсан хэрэг. Харин энэ л үед аавын хүү овсгоотой загнаж аавынхаа санаачилсан гэр хорооллын дахин төлөвлөлтөд ханцу шамлан орсон хэрэг. Тэгснээр иргэдийн саналыг /Э.Бат-Үүлийн хэлснээр дахин төлөвлөлт хийлгэх компаниа иргэд өөрсдөө сонгосон гэдэг/ хоёр ч газар авч чадсан юм.

Үргэлжлэлийг  энд  дар 

Н.БУДСҮРЭН