Тэртээ 1978 онд анхны баяжмалаа гаргаж, дөрвөн сая тонн хүдэр олборлож байсан “Эрдэнэт” үйлдвэр эдүгээ 37 дахь жилийнхээ зунтай золголоо. Анх улсын төсвийн дэмжлэгтэйгээр ажиллаж эхэлсэн ч 37 дахь жилийнхээ босгон дээр тэд улсад 400 гаруй тэрбум төгрөгийн, Эрдэнэт хотод 40 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг болон өргөжжээ.

Өнгөрөгч бямба гарагт “Эрдэнэт” гэх их айлын хувьд түүхэнд тэмдэглэхүйц томоохон бүтээн байгуулалтын нээлт болсон юм. 37 жилийн түүхэнд анх удаа хүчин чадлаа 24 хувиар нэмсэн өргөтгөлийг барьж ашиглалтад оруулав. Өргөтгөлийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.В.Азизов, БН Беларусь улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд зэрэг олон улсын төлөөлөгчид ч хүрэлцэн ирсэн юм. Зочдын хувьд энэ бүтээн байгуулалтыг зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийн бус, улсын хэмжээнд түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал хэмээн үнэлэв.

Өргөтгөлийг барьж ашиглалтад оруулснаар хүчин чадал нь 24 хувиар өсч байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэр жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг байсан бол 32 сая тоннд хүрсэн. Цэвэр зэсийн хэмжээ 19 000 – 26 000 тонн болтлоо өсч буй юм. Харин улсад төлөх татварын хэмжээ 73 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 530 тэрбум төгрөгт хүрч байна. Тус үйлдвэрийн хүчин чадлын талаарх мэдээллийг доорхи инфографикаас харна уу.

Ц.Элбэгдорж: Зөвлөлтийнхний ажлыг бид өөрсдөө хийдэг болжээ

Энэ үеэр Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос зарим зүйлийг тодруулав.

-Таны хувьд өнөөдрийн бүтээн байгуулалтын ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Одоогоос 34 жилийн өмнө миний бие “Эрдэнэт” үйлдвэрт ажилд орж байлаа. Энэ үйлдвэрийн үнэрийг үнэртэж, ажлын малгай өмсөн, ачигч, машинч, засварчин хийж байсан нь саяхан мэт санагдана. 1981-1982 онд энэ үйлдвэрээс анхны цалингаа, мэргэжлийн үнэмлэхээ авч байсан. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр маань ийм түүхэн бүтээн байгуулалт хийж байгаад баяртай байна.

“Эрдэнэт” үйлдвэр анх дөрвөн сая тонн хүдэр олборлолтоор гараагаа эхэлсэн. Энэ нь өргөжөөд өнөөдөр 32 сая тонн болтлоо өссөн. Тэгэхээр үйлдвэрийн үйл явц удаан хугацаанд үргэлжилдэг, цаашид хэрхэн сайжирч чадавхиждаг вэ гэдэг нь харагдаж байна. Гол нь томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхэд зоригтой хандаж, ойлгож, дэмжих хэрэгтэй юм.

-Үндэсний үйлдвэрлэгчид эдийн засгийн өндөр өгөөжтэй бүтээн байгуулалт хийж чаддагийн тод жишээ энэ байх?

-Тэгэлгүй яах вэ. Энэ үйлдвэр ашиглалтад ороод 37 жил болж байна. Намайг 1981 онд ажилладаг байхад ЗХУ-ын мэргэжилтнүүд их байсан. Харин одоо зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хийдэг ажлыг манайхан өөрсдөө хийдэг болсон. Тухайн үед гаднаас олон техник авдаг байлаа. Тэгвэл өнөөдөр монголчууд өөрсдөө хийж нийлүүлдэг болсон. Ер нь илүү их хөрөнгө оруулалт хийнэ гэдэг монголдоо нутагшина л гэсэн үг. Эхлээд алдаа дутагдал, шүүмжлэлтэй дагуулах нь дамжиггүй. Харин цаашид сайжирдаг гэдгийг энэ үйлдвэр харуулж байна. “Эрдэнэт” үйлдвэр ч гэсэн олон жил татвар төлдөггүй, улсын төсвийн дэмжлэгээр явж байсан шүү дээ. Сүүлд 2000 оноос татвар төлдөг болсон. Одоо бол энэ үйлдвэр төсвөөс мөнгө авахгүй өөрөө өрийгөө аваад явдаг. Үүгээр ч зогсохгүй улсад 400 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж байна. Эрдэнэт хотод 40 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг.

Энд нэг зүйлийг хэлье. Манайхан ойлгохдоо “Эрдэнэт” үйлдвэр эхлэхдээ л техник эдийн засгийн үзүүлэлт бүгд гарсан гэдэг. Гэтэл одоог хүртэл “Эрдэнэт” үйлдвэр судалгаагаа үргэлжлүүлсээр байна. Уулнаас доош хэдэн км-т баяжмал бий гэдгийг одоог хүртэл нээгээгүй. Үүнд дахиад л мөнгө шаардлагатай. Энэ ажилд “Эрдэнэт” үйлдвэрээс өөрсдөө мөнгө гаргаад судалгаагаа хийж байгаа.

Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат:

Энэ их ажлыг монголчууд өөрсдөө бүтээсэн байна. Ингэхдээ дэлхийн сонгодог технологиор хийсэн нь бахархууштай. АНУ, ХБНГУ, Австри, Австрали гээд газар газрын сорыг түүжээ. Бид дээр үед бусад улсуудын хоцрогдсон технологийг хамдаг байсан. Одоо эсрэгээрээ болжээ. Орон орны сонгодог технологийг сонгоно гэдэг инженерүүдийн ажил. Тиймээс би энэ дашрамд, “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн инженер, техникийн ажилтнуудад баярлалаа гэж хэлмээр байна. Үе үеийн ажилтнууддаа, мөн одоогийн залуу үедээ баярлалаа гэж хэлье.

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн:

Энэ удаагийн бүтээн байгуулалтыг хийснээр “Эрдэнэт” үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болсон. Энэ түүхэн үйл явдлыг бүтээсэн уурхайчид та бүхнээрээ бахархаж, талархаж буйгаа илэрхийлье. Өргөтгөл хийж ажлын байрыг нэмэгдүүлснээр улсын төсөвт орох орлого бодитойгоор нэмэгдэнэ. Зөвхөн өргөтгөлийн ажлаар хязгаарлагдахгүй орчин үеийн технологийг нэврүүлэн эдийн засгийн үр ашигтай ажиллах болно. Цаашид ч эдийн засгийн үр өгөөжтэй, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллана гэдгээ хэлмээр байна.

Эрдэнэт үйлдвэр Монгол Улсад энэ салбартаа жишиг болохуйц “Уул уурхайн компанийн хаалт” хөгжлийн бодлогыг тодорхойлохоор зорьж ажиллаж байна. Нийгэмдээ хамгийн өгөөжтэй бүтээн байгуулалт хийж байгаадаа баяртай байдаг.

Б.ЗАЯА