Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа ҮЭ хорооныхоо дансыг ашиглан төсвийн байгууллагын дансаар орох ёстой их хэмжээний мөнгийг хувьдаа захиран зарцуулж байжээ. Тодруулбал, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо гишүүн байгууллагуудынхаа үйлдвэрчний хороодын сүүлийн дөрвөн жилийн санхүүгийн баримтад шалгалт хийхэд ийм зөрчил илэрсэн аж.

Энэ талаар өчигдөр холбогдох албаныхан мэдээлэл хийсэн бөгөөд МЭАҮЭХ-ны дарга Б.Мягмар ярихдаа.

“Ш.Хажидмаа нь өөрийн удирдлага дор ажиллаж буй хүмүүсээрээ дамжуулан 2012 онд 1.9 сая төгрөг, 2013 онд 2.4 сая төгрөг, 2014 онд 17.4 сая төгрөг, энэ онд 36.9 сая нийт 71.5 сая төгрөгийг үйлдвэрчний эвлэлийн хорооныхоо данс руу оруулан завшиж байсан нь шалгалтаар тогтоогдсон. Дээрх 71,553,464 төгрөг нь ҮЭ-ийн хорооны дансаар бус байгууллагын өөрийн дансаар орж, төрийн сангаар дамжуулан зарцуулагдах ёстой байсан. Энэхүү хууль бус үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар болон салбарын яам руу албан шаардлага хүргүүлээд байна.” гэсэн юм.

Ш.Хажидмаа гурвантаа хэрэгт холбогдлоо

Ш.Хажидмаа нь төрийн сангийн дансанд орох ёстой улсын мөнгөнөөс 71,553,464 төгрөгийг хувьдаа завшсан. Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн 60 жилийн ой нэрээр хандив цуглуулж, эмч ажиллагсдаас гурван сар дараалан нэг өдрийн цалинг хандивт авчээ. Ингээд нийт 24,456,977 төгрөгийг ажилчдынхаа цалингаас бэлэн бусаар суутган ҮЭ-ийн татвар нэрээр шилжүүлж, ойн үйл ажиллагаанд зарцуулсан болохыг мөн л тогтоосон байна. Үүнээс гадна тэрбээр өөртөө зориулан захирамж гаргаж, өөрөө өөртөө урамшуулал олгосон байсныг өнгөрөгч дөрөвдүгээр сард АТГ-аас илрүүлэн шалгаж, хариулага тооцсон байдаг. Гэхдээ АТГ түүнд хариуцлага тооцохдоо “нүглийн нүдийг гурилаар хуурсан” өөрөөр хэлбэл түүнийг дуудаж, сануулга өгөөд л өнгөрөөсөн гэсэн үг. Тухайн үед АТГ-аас Ш.Хажидмаад сануулга өгч зөрчлийг таслан зогсоолоо хэмээн ичих ч үгүй олон нийтэд мэдэгдэж байсан. Тэгвэл Ш.Хажидмаа гэх энэ эмэгтэй улсын мөнгөөр удаа дараа тоглочихоод хариуцлага хүлээдэггүйд нэг учир байгаа бөгөөд тэр том артай юм байна.

Тодруулбал Ш.Хажидмаа нь Ардчилсан намын гишүүн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч хэмээх сонгуульт ажилтай нэгэн байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө завшсан хэрэгт гурван жилийг дамнуулан, гурвантаа холбогдож буй, АТГ-аас ч айдаггүй түүнийг энэ удаа Ардчилсан нам мөн л хамгаалаад авч үлдэх үү. Уг нь бол Ш.Хажидмааг албан тушаалаас нь хөөж, ИТХ-аас ч түдгэлзүүлэх хангалттай шалтгаан бий бус уу. Эрх мэдэлтэй, нам дагаж, хошуу тосолсон энэ мэт хүмүүсийг төсвийн мөнгөөр тансаглуулан тэжээхээ больмоор байна.

Ш.Хажидмаа гэж хэн бэ

1988 онд АУДС-ийг эмч мэргэжлээр төгссөн бол 1992 онд Дотрын эмчийн курс төгссөн. Их эмч, Ангаах ухааны магистр , Төрийн удирдлагын менежер доктрант хэмээх цолтой. 2008 оноос МӨАУМХ-ны эмч, гүйцэтгэх захирал 2001 оноос СХД-ийн 15-р хорооны Мичид Асрал ӨЭМТ-ийн дарга 1998-2001онд СХД-ийн ЭМН-ийн дотрын тасгийн их эмч
1994-1997 онд НЭ-н дарга,1988-1994 онд Эрдэнэт хотын хялгант тосгоны НЭ-т их эмчээр ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд ийнхүү Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн даргын албыг хашиж, удаа дараа улсын мөнгийг хувьдаа завшсан, албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан зэрэг их хэмжээний мөнгөний хэрэгт холбогдож байгаа ч уснаас хуурай гарсаар байгаа юм. Түүнийг АТГ энэ удаа хэрхэн яаж шйитгэхийг харах л үлдлээ.

Үргэлжлэл бий

Н.Ганаа