Өнгөрсөн мягмар гаригийн шөнө буюу энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хайлаастын хуучин эцсийн буудлын дэргэд 02:05 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шөнийн эргүүлийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байжээ. Ингэхдээ автомашинуудыг зогсоон, драйгер үлээлгэж, бичиг баримтын зөрчилтэй эсэхийг нь шалгасан байна. Гэтэл “Toyota raum" маркийн автомашинтай, 30 настай, Э гэх жолооч сэжиг бүхий байсан тул машиныхаа тээшийг онгойлгож үзүүлэхийг шаарджээ. Гэтэл тэрбээр эхнэрээ хөнөөж, машиныхаа тээшинд хийгээд явж байсан байна.Тодруулбал Э нь согтуурсан үедээ эхнэр А-г уурлан зодож, улмаар амь насанд нь хүрсэн болохоо хүлээжээ.

Түүнд Эрүүгийн хуулийн 91.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Э-гийн гэм буруутай тогтоогдвол 15-20 жил хүртэл хугацаагаар хоригдох ял сонсох юм.

Тэрбээр энэхүү аймшигт хэргийг гурав хоногийн өмнө буюу энэ сарын 12-нд үйлдэж, цогцосыг нь нуун далдлах аргаа хайж, эцэст нь хотоос гаргаж хаяхаар шийдээд явж байсан ажээ. Талийгаач А-ийн хувьд 29 настай, сэжигтэн Э-тэй хамтран амьдраад тун удаагүй байжээ. Талийгаачийг хүзүүн тус газар нь хоёр удаа хутгалсаны улмаас амиа алдсаныг эх сурвалж мэдээллээ. Цогцосыг задлан шинжилгээнд оруулахаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ.

Яг ийм хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 05-ны өдөр гарсан билээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, “Хөрс” худалдааны төвийн гадна “Toyota Prius” маркийн автомашины тээшинд эмэгтэй хүний цогцос байсныг цагдаа нар олсон байдаг. Улмаар шуурхай ажиллан, сэжигтэн этгээд эхнэрээ хөнөөгөөд, машиныхаа тээшинд хийсэн байсныг тогтоосон билээ.

Цагдаагийнхны мэдээлснээр, Баянзүрх дүүргийн 18-р хороонд оршин суух 27 настай эмэгтэй Б нь боомилуулсан байдалтай амиа алдсан байсан бөгөөд нөхөр болох н.Ганнямыг дунд сургуульд сурч байхаасаа мэддэг, хэдэн жилийн өмнөөс гэр бүл болж хамтран амьдарч, гурван настай хүүтэй болсон байсан гэдэг. Гэвч гэр бүлийн явган хэрүүл, түр зуурын уурын мунхагаас болж энэ эмгэнэлт байдалд хүрсэн юм. Энэхүү хэрэг одоо ч шийдвэрлэгдээгүй байгаа.

Н.Чимэг