Хууль хяналтын байгууллагынхан, тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнуудыг “мэддэг” АТГ- ынхан жаахан соргог баймаар байна. Аливаа улс төрийн хүчний захиалгаар биш эс бөгөөс зохион бай- гуулалттайгаар сүрт ажиллагаа явуулах биш жижиг сэжүүрийг алдалгүй атгадаг баймаар байна. Анзаараад байхад томчууд толхилцоод эхлэхийн цаана том хэргийн сэжүүрийг хэлж, гаргаж өгөөд байна шүү дээ. Тэр дундаа сонгууль дөхөхөөр төрд гарсан томчууд нэгнээ хэрхэн тонгордог, ямар журмаар зохион бай- гуулалттайгаар гэмт хэрэгт хутгадгийг та, бид харж болохоор болдог нь нууц биш. Гэхдээ мэдээж энэ нь хэн нэгэнд гомдож туньсан эсвэл өсөрхсөн хүмүүсийн хэвлэлд өгч буй ярианаас илт анзаарагдах нь бий. Хамгийн сүүлийн үеийн ийм нэг жишээ нь Баянгол дүүрэгт вант улс байгуулсан гэх, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, нийтлэлч Баабар нарын толхилцоонтой холбоотой. Учрыг тодруулбал, сайд С.Эрдэнэ сарын өмнө “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо нийгмийн даатгалынхан нас барсан хүмүүсийн тэтгэврийн мөнгийг завшсан талаарх мэдээлэл ил болсонтой холбоотойгоор цөөнгүй баримт дурдсаны дараа нийтлэлч Баабарыг өөд уруугүй муулж, түүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэврээ өндөр тогтоолгосон гэж ярьсан нь бий.

Ингэхдээ тэрбээр түүнийг их заргач хүч учраас надад худлаа ярих шаардлага байхгүй хэмээн тодотгоод авсан. Энэ нь мэдээж өөрийгөө худлаа яриагүйг батлах гэсэн хэрэг. Энэ үеэр тэрбээр “Баабар намайг удаа дараа доромжилсон. Би эр хүний хувьд нэг ч удаа янз бүрийн хэл ам хийгээгүй. Гомдол, санал гаргаагүй. Харин өнөөдөр энэ хүн ямар өчүүхэн юм бэ гэдгийг олон түмэнд ил тод хэлье гэж бодсон. Баабар гурван компани дээр өөрийн ажилласан жилийг нэмсэн хуурамч баримт бүрдүүлсэн байгаа юм. Нийтдээ зургаан жилийг нэмэгдүүлсэн. Энэ асуудлаар “Эрдэнэс холдинг” ХХК- иас албан ёсоор тодруулахад, “Бат-Эрдэнэ овогтой Батбаяр нь манайд ажиллаж байгаагүй” гэдэг хариу ирүүлсэн. Гэтэл ажиллаж байсан гээд баримт бүрдүүлээд оруулчихсан байгаа юм. “Бороо гоулд” компанид 1981 онд төрсөн хүүхдийн нэр дээр өөрийнхөө регистрийнхээ дугаарыг тааруулж, хуурамч материал бүрдүүлсэн. Энэ бол баримт. Баабар туйлын заргач хүн учраас би баримттай ярьж байна” хэмээн цэнхэр дэлгэцээр баатарлаг нь аргагүй ярьсан. Харин Баабарын хэлсэн ярьсныг уншдаг олон мянган хүн энэ асуултын хариултыг хайж байсан бол энэ долоо хоногийн эхээр Баабар дээрх асуудалд тайлбар хийв. Ингэхдээ С.Эрдэнэ гэгч хэн бэ гэдгийг жинхэнэ утгаар нь ил гаргачих шиг боллоо. Түүгээр ч зогсохгүй хуулийнхан анхааралдаа авахаар олон ноцтой асуудлыг С.Эрдэнэ сайдтай холбоотой хэмээн ярьсан нь хэн хүний анхаарлыг татсаар байна. Тиймээс ч сэтгүүлч миний бие Баабар, С.Эрдэнэ хоёрын хэн нь үнэн ярьсныг, бас хэнд “но” байгааг шалгах сэжүүрийг дэлгэчихлээ гэж АТГ-ынханд хэлээд байгаа юм. Тухайлбал, Баабар өөртэй нь холбоотой С.Эрдэнэ сайдын ярьсан асуудлаар тайлбар хийхдээ “Би 1954 оны аравдугаар сарын 26-нд төрсөн. Өнгөрсөн жилийн сүүлчээр тэтгэвэрт гарсан. Нягтлан миний тэтгэврийн асуудлыг хөөцөлдөөд явж байтал нам, ардчилал гээд явсан үед маань зай гарчихгүй юу. Тэгэхээр нь 2014 оны арванхоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс манайд шалгалт хийгээд “Энэ хугацааныхаа мөнгийг төл. Тэгвэл тэтгэвэр тогтооё” гэсэн. Ингээд 10 442 913 төгрөг тушаасан. Гэтэл шалгалт орсон байна гээд тэтгэврийг хаачихсан. Тэр “Эрдэнэс холдинг” гэдэг компанийг би ч мэдэхгүй. Тэгээд яасан гээч, дүүргийн тэтгэврийн газрын дарга нь Эрдэнээгийн бэр юм байна. Миний тэтгэврийн асуудал ороод ирэнгүүт “Үүнийг занганд хийе” гэхгүй юу. Өөрсдөө “Эрдэнэс холдинг” гэдэгтэй яриад, миний нэрийг оруулаад , дараа нь шалгалт оруулсан болоод нөгөөдөхөө илрүүлж байгаа байдал гаргахгүй юу. Ийм гэмт хэрэг хийсэн байна. Тэгээд ч би нөгөө хүмүүст нь хэлсэн. Би тэтгэврээр амьдардаг хүн биш, миний өгсөн арван сая төгрөгийг буцаагаад өг. Би тэтгэвэр авахгүй гэсэн. Манай компани л гэхэд сүүлийн арван жилд улсад хоёр тэрбум гаруй төгрөгийн тавар төлсөн. Би гэхэд Монголын зах зээлд 600 мянган ном борлуулсан хүн. Энэ бол шоронгийн арга шүү дээ. Яахав шалтгааныг нь би ойлгож байна. Би яг Эрдэнээд зориулсан юм бичиж байгаагүй ч олон юман дээр “Нийгэм хулгайч, дээрэмчнээр дүүрээд байна, эднээс яагаад салж болдоггүй юм” гэж бичээд, Эрдэнээг хэд хэдэн удаа жишээлж байсан. Эрүүгийн гэмт хэрэгтэн, өмнө нь Нийгмийн даатгалын дарга байхдаа шоронд ороход нь АН ялаад “Сайн хүн байгаа юм” гээд гаргаад авч л байсан. Одоо энд тэнд нийгмийн даатгалын мөнгийг байршуулаад хүүг нь хусаад явж байдаг хүн. Нас барчихсан хэдэн мянган хүний нэр дээр тэтгэвэр аваад л явж байдаг. Хөгшин настай хүмүүсийг амруулсан болоод л мөнгийг нь улсаас авч байна” хэмээсэн. Хэдийгээр энэ хоёр эрхмийн хэн нь үнэн ярьж байгааг жирийн иргэд хөндлөнгөөс шүүх боломжгүй ч хууль хяналтынхан, яг энэ тохиолдолд АТГ-ынханд шалгах эрх нь бий. “Шоронд орсон ч намын харьяаллаар гаргуулж байсан, нас барагсдын болон хөгшчүүдийн мөнгийг иддэг эрүүгийн гэмт хэрэгтэн” гэж зарлаад байхад яагаад зүгээр орхих ёстой гэж. Мэдээж аль аль нь өөрийгөө өмөөрч байгаа ч үүний цаана нэг л үнэн бий. Тэр үнэнийг илрүүлэх эрх бүхий газар нь АТГ юм. Учир нь ийнхүү цоллуулаад байгаа хүн Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүний албан тушаалтай. Ийм ил цагаан эзэнтэй, гэрчтэй асуудлыг шалгахад хэцүү гэж үү. Эх сурвалжтай, эргэж буух эзэнтэй асуудлын мөрөөр орооч авлигатай тэмцэгчид ээ. Хэрэг хийсэн ч намын “хаалгаар” мултарч, Ахмадуудын мөнгийг идэж, ууж байгаа бол энэ жинхэнэ гэмт хэрэг байж таарна. Баабар дээр хэлсэн үгээ “Бид яагаад ийм улсаасаа салж болдоггүй юм бэ. Улс эх орноо бодооч. Бид үр хүүхдэдээ ямар улс орон үлдээх юм бэ. Тоноод дууслаа. Энэ улс онхолдлоо, сүйрлээ. Хараад сууж байх уу. Нөгөө АТГ, цагдаа, шүүх, прокурор хаана байна. Цөмөөрөө айдаг байхгүй юу” гэх үгээр бататгана билээ. Нээрэн хаана байна тэр АТГ, шүүх, прокурор. Энэ хүн их л зоригтой ярьж байна. “Би хууль зөрчөөгүй болохоор юунаас ч, хэнээс ч айхгүй. Их удаж л орцны үүдэн дээр хүлээж байгаад хутгална биз, тэр яадаг юм. Би хангалттай насалсан” гэж байх юм. Монгол Улсын иргэн хэлж ярьсаар байгаад орцны үүдэнд хутгалуулсан байвал төр оршихын, түүний дотор хууль сахиулагчид байхын хэрэг байна уу.

 

М.Өнөржаргал