19 минутын өмнө

 

Р.Бурмаа сайдыг харахаар “Задгай цагаан үүл” хэмээх ардын дууны нэгэн мөр бадаг өөрийн эрхгүй санаанд буух юм хэмээн анд маань инээх халаглахын завсарт хэлж билээ. Тус дуунд

“Дан дээлтэй гарсан л юм сан

Даараа болов уу яагаа бол

Даанч нэг намайгаа зовоосон юм сан

Жаргаа болов уу яагаа бол” хэмээсэн мөр бадаг бол түүнтэй салшгүй холбоотой санагдах нь өнөөх л монгол билгэдлийн утга учир агаад андын маань шооч зангийн илрэл биз ээ.

Яагаад гэхээр тэр УИХ-ын гишүүн Засгийн газарт давхар ажиллаж болохгүй хэмээн уухайлж, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “давхар дээл”-ийн төслийг хоёр гараа өргөн дэмжиж байсан. Гэтэл өөрийг нь сайдад нэр дэвшүүлтэл дээлээ давхарлаад Хүнс хөдөө аж ахуйн сайд болчихсонд хамаг учир бий. Улстөр ч өөрөө ийм хойно, одоо яахав. Тэгээд ч аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэж суух тэнэг энэ зах зээлийн нийгэмд хаа байв гэж. Нөгөө талаар улстөр хэмээх нялх багын шахам зүүдээ арай гэж биелүүлж яваа хүнд бол бүр ч татгалзах аргагүй санал тэр мөн. Уг нь тэр АН-ын хамаг л ажлыг нугалдаг Төрийн гэж болох цор ганцхан эмэгтэй гээд хэлчихэд асар хол зөрөхгүй. Ерөөсөө их ажлыг нугалж чаддаг эмэгтэй энэ парламентад Р.Бурмаагаас өөр ховор гэдэг юм билээ. Сонгуулийн тооллогыг гар аргаар тоолдог. Тооллого дунд тог тасрахаас эхлээд сонгуулийн хайрцаг аваад алга болох гээд будилаан хутгадаг байсныг та бүхэн санаж буй. Р.Бурмаа бол түүний эсрэг хууль санаачлахад ачааны хүндийг үүрэлцсэн хүн. Тэр энэ үед УИХ-д орж ирээгүй байлаа. Ердөө л Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн хэмээх албан тушаалтай, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх сэтэртэй, Сонгогчийн боловсрол төвийн тэргүүний сонгуультай л байв. Сонгуульт ажил гэснээс тэр ШУА-ийн Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлынхаа гарааг эхэлж, “Монел” фирмд зохион бүтээгч инженер, Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд хөдөлгөөний тэргүүн, Хүүхдийн төлөө төвийн дарга, Сонгогчдын Боловсрол төвийн тэргүүн, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан гэхээр туршлага дутна гэсэн ойлголт үгүй юм.

 

Сонгуулийн тухай хуулийг ид хэлэлцэж байх үед УИХ-д АН цөөнхийн бүлгийг бүрдүүлж байв. Тус бүлгээс санаачилсан хуулийг боловсруулах, түүнийг судлах түгээх гээд бүхий л ажлыг гардаж хийсэн. Энэ утгаараа АН-ын өнгөрөгч сонгуулийн ялалтад тэрээр хамгийн том нөлөөлөл үзүүлсэн нь яах аргагүй үнэн. Тиймдээ ч түүнийг өнгөрөгч сонгуулиар АН жагсаалтад дээгүүр эрэмбэ эдлүүлэн УИХ-д оруулаад ирсэн. АН-ын хувьд түүхэн гэмээр гавьяа байгуулалцсан хүн үүнээс өөр яах ч билээ. Улмаар Н.Алтанхуягийн Засгийн газар огцорход тэр сайдын суудалд заларчихлаа. Уг нь тэр “давхар дээл”-ийн эсрэг бат зогсож, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хоолой хоршиж байсан ч сайд болчихсон. Сайд болсныхоо дараа тэрээр сэтгүүлчийн асуултад “Би давхар дээлийн хуулийг бол дэмжсэн. Гэтэл гишүүд бүгдээрээ энэ асуудлыг дэмжээгүй учраас хүчгүйдсэн. Тэгээд ч Засгийн газарт намайг хэрэгтэй юм байна гэж АН-ын бүлгээс шийдвэрлэсэн учраас яаж ч чадсангүй. Энд бол тийм ч буруу байхгүй гэж бодож байна” хэмээсэн. Арай л ард түмний захиалга гээд хэлчихсэнгүй. Намаас түүний байгуулсан гавьяаг парламентийн суудал төдийгүй, сайдын суудлаар давхар хөхүүлэн шагнах замаар ийн “давхар дээл” өмсгөсөн ч байж болно. Эсвэл түүний амыг үдэх ганц сайн арга нь энэ байсныг ч үгүйсгэх хэрэггүй.

 

Харин Р.Бурмаа сайд болсон цагаасаа хойш сайн нэр зүүгээгүй гэхэд болно. Өөрийнх нь буруу биш ч үнэхээр азгүй гэмээр сайд. Үнэн зүйлийг үнэнээр нь хэлэх хэрэгтэй. Ерөөсөө Монгол Улсын Ерөнхий сайд түүнд тамга тэмдэг гардуулахаас өмнө л муу нэрээр дуудуулсан. “Ботго тугал ялгахгүй амьтан. Тэр ер нь хөдөө ч явж үзээгүй байж хөдөө аж ахуйн салбар яаж удирдах юм” гэх зэргээр шуугиан дэгдэв. Хүрээнд өссөн хүүхэд хөдөө аж ахуйн салбар удирдаж болохгүй гэсэн хууль дүрэм байхгүй хойно яалтай билээ. Тэгээд ч ботго тугал ялгахгүй Монгол хүн гэж хаанаас байхав. Ийнхүү их дуулианы цуурай намдаагүй байтал хаврын тариалалт эхэлж, ажил ч сайнгүй байв. Улмаар өнгөрөгч зун ихэнх нутгаар гандаж, салбарын сайд төдийгүй нийт монголчууд сандарсан. Магадгүй салбар хариуцсан сайдын хувьд өнгөрөгч зун олигтой дуг хийхээргүй л гандуу байсан даа. Ийнхүү ган ганчигтай зуны сар зургаа биш дуусч таарна. Намар болж, ургац хураалаа. Ургацынхаа 50 гаруй хувийг алдсан тухай мэдээлэл цацагдаж, тариаланчид маань ч энэ тухайгаа нуулгүй дэлгэв. Р.Бурмаа ч хариу цохилт гэж болохоор хэвлэлийн хурал зарлаж, тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчидтэйгээ ч үзэж тараад тусыг эс олсон. Нэгэнтээ ган гачиг болж, ургацаа алдсан хүмүүс юугаа ч булаалдаж хэмлэлдэхсэн билээ. Тэгэсхийгээд намдаж монголчууд бид будаагаа импортоор авах тухай ойлголттой л үлдсэн.

 

Ийнхүү ган гачигаас үүдсэн ургацын дуулиан намдаагүй байтал биднийг наадамлахаар зэхэж байх хойгуур УИХ 75 дугаар тогтоол гээчийг батлачихлаа. Энэ тогтоолд Буйр нуураас Халхгол сумын төв хүртэлх 500 мянган га газарт Чөлөөт бүсийн тухай хууль үйлчилж, нутгийн иргэд зөвшөөрөл авч нэвтрэх, гаднын иргэд 30 хоног визгүй зорчих, тэнд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд гадаад ажилчдыг хүссэн хэмжээгээрээ оруулж, суурьшуулан амьдруулах хууль эрхзүйн орчинг нээгээд өгчээ. Энэ нь цөс ихтэй дорнодчуудын хилэнг бадраасан хэрэг болж, ургацын шуугианы залгаа болов. Иймээс уугуул нутгаа хамгаалах иргэдийн хөдөлгөөн улам бүр эрчимжиж, тус тойргийг горилогч түшээд болон сонирхогчдын хувьд ч том олз болох нь тэр. Арга барагдсан сайд маань маргааныг шийдвэрлэх замаар Дорнодыг зорин очсон ч түүний замыг хааж зовоосон гээд намрын сарыг хөлтэйхэн өнгөрөөсөн дөө. Энэ маргаан хэзээ эцэслэн шийдэхийг мэдэхгүй. Лавтай Р.Бурмааг сайдын суудалд байхад дуусахгүй нь лавтай. Гэхдээ түүнийг “Халх гол” төслийг санаачилсан гэх юм билээ. Тэгэхээр сайд байсан байгаагүй “Халх гол” төсөл түүнтэй холбогдож таарна.

 

Зундаа гандуу байсан нийт нутгаар зудын байдалтай байна, энэхүү байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдгийг ямар нэг замаар Р.Бурмаа сайдтай холбож таарна. Өнөөдрийн байдлаар цаг хүндэрч, нөөцийн өвс тэжээлдээ гар дүрчихсэн байгаагаас харвал байдал тийм ч сайнгүйг илтгэж байна. Энэ бүгдэд салбарын сайдын нэр холбогдоно. Уг нь бол Р.Бурмаа ган ганчиг болгоод зуд турхан нүүрлүүлчихсэн юм биш шүү дээ. Зундаа гандаад, өвөлдөө зуд нүүрлэчихсэн бол хаврын тарчиг цаг үүнээс ч дор. Мал малчин хоёрыг жинхэнэ туйлдуулдаг цаг. Аанай л өнөөх үйлтэй салбарын сайдын буруу болж таарна. Бид ерөөсөө аливаа зүйлд ийн туйлширч хандаад сурчихсан улс хойно яалтай ч билээ. Уг нь тэр хэдэн малынх нь нүдийг салбарын сайд нь аниулчихаагүй гэдгийг огт ойлгохгүй. Хүний өмнөөс мал сүргээ адуулж байгаа юм шиг аашлах нь энүүхэнд. Ядахад сонгуулийн жил учраас сөрөг хүчнээс эхлээд хөдөө аж ахуйн салбарын бүхий л бурууг Р.Бурмаа руу чихэж тайтгарах нь дамжиггүй. Үнэн хэрэгтээ Р.Бурмаа ийм эмзэг бөгөөд хүнд салбарыг удирдах хэрэг байсан ч юм уу үгүй ч юм уу. Олдсон дээр нь л авчихсан хэрэг гэж харахаар. Түүнээс бус МАН-ын Д.Оюунхорол шиг Байгаль орчин ногоон хөгжлийн яам гээд сууж байсан бол алдаа гарахгүй. Экологи гэдэг өөрөө байгалийнхаа жамаар ургаж хагдарч байдаг л зүйл. Тэр тусмаа манай үе үеийн Байгаль орчны сайд нар экологи талдаа юу ч бүтээгээгүй. Ёстой л байгалийнхаа жамаар явж өнөөдөрт ирсэн гэдгийг тэр анзаараагүй л юм байх даа. Энд тэнд мод суулгасан болж хаяад л явдаг тийм салбар болчихсон гэдэгтэй маргах хэрэггүй. Эсвэл өнөөх хэл ам дагуулаад байгаа “Халх гол” төслийг хөдөлгөхөөр Засгийн газрын гал хамгаалагч болж хөдөө аж ахуйн салбарт ирсэн байхыг ч үгүйсгэхгүй.

 

Уг нь бол бидний бодож байгаагаар Р.Бурмаа өөрийн чадах хуулийн төслүүдийг сайтар боловсруулах тал дээр нягт нямбай ажиллаад л сууж байх ёстой байсан юм. Сонгууль ч дөхөж байгааг хэлэх үү энэ зүгт илүү анхаарал хандуулах хэрэгтэй байсныг хаа хаанаа сануулж байна. Түүнд уг нь ямар нэг муу нэр байгаагүй. Нэр цэвэр улстөрч гэж болно. Харин нэгэнтээ хэвлэл мэдээллээр “Богдхан уулын Дархан цаазат газрын Богинын аманд УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн дүү Р.Бадрал хүүтэй нь нийлж соёл, амралтын цогцолбор болгоно хэмээн Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас 30 га газрын зөвшөөрөл авсан байна. Өнөөдөр тус газарт амралтын цогцолбор бүү хэл хүн гулгах талбай ч үлдээгүй бөгөөд Р.Бадрал нэг айлын хаусны газрыг 150-200 сая төгрөгөөр зардаг, хөрөнгө мөнгөтэй айлуудын хаус хороолол болж хувирчээ” гэсэн мэдээлэл олж харлаа. Үнэн худлыг бүү мэд. Эс бөгөөс түүн рүү дайрсан ээлжит довтолгоо ч байж болно. Тэртээ БНБАУ-ын Софи хотын Техникийн их сургууль, 1987 онд МУИС-ийн Англи хэлний сургууль, 1992 онд Удирдлагын хөгжлийн институтыг тус тус төгсөж боловсрол эзэмшсэн. Хэний ч дор орохооргүй тархиа цэнэглэсэн хүн.

 

 

С.Ууганбаяр