Нийслэлчүүд шинэ оноо Чингисийн талбайд угтлаа
2016/01/01
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын Мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүн Чингисийн талбайд боллоо. Тус арга хэмжээ 21 цагаас эхэлсэн бөгөөд хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, Beat Box Ray, дуучин A Cool, Т.Амина, Г.Тэнүүн, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар урлагийн тоглолт сонирхуулж, нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглов. Он солигдох мөчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нар иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, нийслэлчүүдтэйгээ шинэ оноо угтлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө энд хуран цугласан Та бүхнийхээ энэ үдшийн амар амгаланг айлтгая. “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг 20 хэмийн хүйтэнд тоглож нийслэлчүүддээ шинэ жилийн бэлэг барьсан нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчиддээ иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Нийслэлчүүд маань шинэ жилийн баярыг жилээс жилд өргөн дэлгэр тэмдэглэдэг болж байна. Анх удаа 20 хэмийн хүйтэнд задгай талбайд мюзикл тоглосон нь дэлхийн аль ч улсад байхгүй үзэгдэл болсон гэхэд буруудахгүй бизээ. Энэ бол нийслэл маань хөгжиж байгаагийн нэг илрэл гэж ойлгож байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлд ямар бүтээн байгуулалтын ажил хийснийг Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Цаашид бид бүхэн Улаанбаатар хотоо дэлхийн жишигт нийцсэн хот болгохын төлөө хичээнгүйлэн ажиллах болно. Та бүхэндээ шинэ оны гал халуун баярын мэндийг хүргэе” гэлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Онцгой байдлын газрын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, он солигдох торгон мөчид Чингисийн талбай, Маахуур толгой, Баянхошуу, Дамбын гүүр гэсэн дөрвөн цэгээс ёслолын буудлага хийлээ. Мөн баярын арга хэмжээний үеэр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан Чингисийн талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, Чингисийн талбайн баруун, зүүн болон урд зогсоолыг үнэ төлбөргүй ашиглуулав. Тус үйл ажиллагаа өндөрлөсний дараа 18 чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчиллээ