Энэ жил “Хэрэглэгч та хаан” уриаг мэдрэх болов уу
2016/01/22
Таны хувьд дэлгүүрээс аливаа нэгэн бараа бүтээгдэхүүн аваад таалагдахгүй юм уу, хугацаа нь дууссан, амт нь өөр, урагдсан зэрэг тохиолдол гарч байсан байх. Тэгвэл та дээрх бараагаа солиулах юм уу буцааж байсан болов уу. Бараг л үгүй байх. Хэд хоногийн өмнө эмээ маань монголд үйлдвэрлэсэн хуванцар савтай жимсний чанамал авсан юм.
Тэтгвэрийн хүн болохоор үнэ хямдыг хараад авсан бөгөөд задлаад идсэн чинь халуун ногоо амтагдсан байна. Би хүртэл амтлаад үзтэл халуун ногоо амтагдав. Хугацааг нь шалгасан чинь энэ оны зургадугаар сард дуусах байв. Ингээд эмээ маань маргааш гомдлын мөр хэмээн шошгон дээр байсан утас руу нь залган халуун ногоо амтагдаад байна гэж хэлэхээр болов. Ингээд орой нь гэртээ иртэл “Тэр компанийн утас руу нь залгасан чинь Нисэхэд хүрч ирээд өөрсдөө амталснаа ааан тийм байна. Биднийг уучлаарай гээд мөнгийг маань буцаан өгсөн хэмээн” баярлан сууж байв. Миний хувьд анх удаа хэрэглэгчээ дээдэлсэн байгууллага байдагт итгэсэн юм.
Засгийн газраас энэ оны Хэрэглэгчийн жилээр зарласан. Иймээс “Хэрэглэгч та хаан” гэсэн уриаг бүрэн дүүрэн утгаар нь мэдрэх жил гэж ойлгож болгохоор. Гэвч зүгээр нэг уриа битгий байгаасаа гэж хүсэж байна. ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн боловсруулсан. Энэ жил уг хуулийг баталж чадвал хэрэглэгч бид бүхэн хаан болох эрх зүйн орчин бүрэн бүрдэх юм. Учир нь гэвэл уг шинэчилсэн хуулиар хэрэглэгчийн авсан бараа бүтээгдэхүүн доголдолтой, хугацаа нь дууссан зэргээр холбогдох байгууллагад нь гомдол гаргах юм бол тухайн бараа бүтээгдэхүүн борлуулсан болон үйлдвэрлэсэн компанийг торгох хэмжээ өссөн төдийгүй, үүрүүлэх хариуцлага нэмэгдэж байгаа ажээ.
Одоогоор манай улсад хэрэглэгчийн төлөө ажилладаг Монголын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, ШӨХТГ-аас өөр байгууллага байдаггүй. Мөн хэрэглэгч хохирсон ч хаана хандахаа мэддэггүй аж. Хэрэглэгч та аливаа нэгэн байдлаар бараа бүтээгдэхүүн аваад хохирсон бол тухайн бараа бүтээгдэхүүн авсан толан чинь байхад Монголын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт бичгээр болон утсаар, өөрийн биеэр хандах боломжтой. Тус байгууллагын хувьд хэрэглэгч хохирсон гэж үзэж байгаа тохиолдолд таны гомдлыг барагдуулах талаар ажилладаг. Тус байгууллагад хандсан иргэдийн дийлэх нь гомдлоо барагдуулж чаддаг байна.
Т.Буянаа