“Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн өчигдөр талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэд уг хэрэгт УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани буруугүй бөгөөд Хятад эзэнтэй хайгуулын зөвшөөрөлтэй компаниудыг сэжиглэх хэрэгтэй гэдэг мэдээллийг санаатайгаар олон нийтэд түгээв.

Тодруулбал “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Ганбаатар өчигдөр ярихдаа “Тосонбумын нурууны ирвэс идээшилдэг хэсэгт хятад эзэнтэй зургаан компани тусгай зөвшөөрөл эзэмшиж байна гэдгийг олон нийтэд мэдээлэх зорилготой хэвлэлийн бага хурал хийж байна. Биологич залуу харамсалтайгаар амиа алдсантай холбогдуулан Тосонбумбын нуруунд тусгай зөвшөөрөл эзэмшдэг 20-иод компанийг олон нийтийн зүгээс буруутгаж байгаа. Монголчууд эвтэй байх хэрэгтэй. Олон нийтийн хардаад байгаачлан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшдэг тусгай зөвшөөрөл л гэхэд ирвэс амьдардаг нуруунаас бүүр хол, Гурвантэсийн нуруунд байгаа юм. Тиймээс дотроо нэгнийгээ хардах хэрэг байна уу гэж бид үзсэн юм. Ер нь Б.Чойжилсүрэн гишүүнийн компани биологич залуугийн үхэлд буруугүй байх. Учир нь ирвэс амьдардаг нуруунаас хол лиценз эзэмшдэг юм билээ” гэж ярьсан юм.

Хэн буруутай нь түрүүлж дугардаг гэгч зүйл болоод байгаа юм биш. Өмнө нь ч мөн Б.Чойжилсүрэн манай компани буруугүй хэмээн мэдээлэл хийж байлаа. Үнэхээр буруугүй бол ингэтлээ сандрах хэрэг юу байна.

Угаас монголчууд Хятадуудад дургүй учир олон нийтийг турхирч, хэргийн талаарх сэжүүрийг өөр тийш нь чиглүүлэх гэсэн зорилготой, ашиг сонирхолын асуудалтай хүмүүс өчигдөрийн мэдээллийг хийв үү гэдэг хардлага төрж байна.

Мөн “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Ганбаатар нь ntv телевизийн чухал яриа нэвтрүүлэгт орох үеэрээ “Манай хөдөлгөөн Засгийн газар болон зарим яамдуудтай гэрээтэйгээр хамтарч ажилладаг. Үүнээс гадна бидний үйл ажиллагааг дэмждэг санхүүжүүлдэг аж ахуй нэгж хувь хүмүүс бий” гэжээ. Тэгвэл Т.Лхагвасүмбэрэлийн хэрэгт монгол компани биш хятад компаниуд буруутай хэмээх өчигдөрийн мэдээллийг хэнн санхүүжүүлж, ямар зорилгоор түгээв.

Уг нь гурван тэс суманд одоогооор 16 лиценз байгаагийг 14-нь хайгуулынх. Үлдсэн хоёр нь ашиглалтынх бөгөөд хоёул Б.Чойжилсүрэн гишүүний компани байгаа юм. Үүнээс гадна Тостын нурууны газар нутгийн 50 гаруй хувийг түүний Саус гоби коэл транс компани эзэмшдэг бөгөөд ашиглалт явуулах цор ганц зөвшөөрөлтэй, эрх мэдэлтэй компани нь Б.Чойжилсүрэнгийнх хэмээн нутгийн иргэд болон “Ирвэс хамгаалах сан”-ийнхан мэдэгдээд байгаа билээ. Өөрөөр хэлбэл Гурвантэс суманд яг одоо олборлолт хийж байгаа “Монголын алт”, “Саусгоби сэндс”, “Чинхуа МАК” зэрэг ком­паниудын ли­ценз бүхий талбайг бүгдийг нийлүүлснээс даруй 4-5 дахин том тайлбайд тэднээ компани тусгай зөвшөөрөлтэй байгаа юм. Тэнд Шанд, Жигжидийн гол, Наранбулаг, Бүлээн булаг, Сайрын усны гол, Задгай гол, Тээгийн булаг, Замын шанд булаг зэрэг урт нэртэй хуульд хамрагдах 10 гаруй булаг, шанд, горхи, түүнчлэн Хөдөө худаг, Цагаан тоорой, Шар тоорой, Өвөр задгай, Гурван худаг, Сайрын усны баруун буудал, Жигдэн зэрэг тоорой модны арав гаруй бүс газар байгаа юм байна.

Дэлхийд данстай чадварлаг мэргэжилтэн Т.Лхагвасүмбэрэлийн хэрэгт монголчууд хамаагүй гэх утга бүхий мэдээлэл хийсэн “Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн” хэний төлөө, юуны тулд ингэх болов. Засгийн газартай хүртэл хамтарч ажилладаг иргэний нийгмийн уг байгууллага энэ удаа хэнтэй хамтарсан байж таарах вэ. Улсын их хурлын нэр бүхий гишүүдийн компанитай ч холбоотой байж болох энэ хэргийг замхаруулахын тулд Засгийн гзар хүртэл чиглэл өгөв үү. Энэ байдлаар бол одоогийн УИХ-ын гишүүд Засгийн газар эрх мэдэлтэйгээ хэвээр байгаа цагт түүний эл хэрэг С.Зоригийн хэрэг мэт замхарч мэдэхээр байна. Улстөрчидтэй холбоотой хэрэг л ингэж замхардаг түүх манай улсад бичигдээгүй хууль болчихоод байгаа юм.

Н.Ганаа үргэлжлэл бий...