Нийслэлээс авто захуудыг нэгтгэж, хотын баруун хэсэгт төвлөрүүлэх зорилгоор авто худалдааны цогцолборыг байгуулаад буй. Авто худалдаа эрхлэгчдийн зүгээс эдийн засгийн эргэлтийн хувьд таатай бус байршилд худалдаа эрхлэх дургүй байсан ч албадан нүүлгэх, торгох арга хэмжээ авсаар, цогцолборын үйл ажиллагааг эхлүүлсэн гэж болно.

Гэсэн хэдий ч Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа өнөөг хүртэл жигдрээгүй, хотын төвөөс зорьж очсон иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна. Авто худалдааны цогцолборт Нийслэлийн татварын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийтийн тээврийн газар, Цагдаагийн газар, Автозамын газар, Автотээврийн үндэсний төв, банк санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахаар анхнаасаа төлөвлөгдсөн.

“Автомашин худалдан авсан иргэд нэг дор бүхий л асуудлаа шийдүүлээд, хот руу хөдөлж болно” гэх хотын даргын сүржин үгээр нээлтээ хийж байсан уг цогцолборын төрийн үйлчилгээний хэсгүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлчлүүлэгчдээсээ НОЙЛ үнэлгээ авлаа. Тухайлбал, Авто худалдааны цогцолбор дахь Автотээврийн үндэсний төвийн сүлжээ тасарсны улмаас иргэд үйлчилгээ авах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Сар шинийн баяраас өмнө машин тэрэгнийхээ асуудлыг зохицуулахаар хотын баруун захыг зорьж очсон иргэд бүртгэлийн үйлчилгээ авч чадахгүй, хүлээлтийн байдалд шилжээд байгааг эх сурвалжууд онцолж байсан.

Авто худалдаа эрхлэгчдийн мэдээлж буйгаар Автотээврийн үндэсний төвийн сүлжээ өнгөрсөн амралтын өдрүүд гэлтгүй байнгын доголдолтой байдаг аж. Сүлжээ тасарсны улмаас үйлчлүүлэгчдээ удаан хүлээлгэж, арайхийж сүлжээ нь ирсэн хойно гацах зэргээр асуудал үүсдэг байна. Уг нь үйл ажиллагаа эхэлсэн цагаасаа хойш иймэрхүү дүр зурагтай байгаа бүртгэлийн хэсгийн асуудлыг Зам тээврийн яамнаас ч гэсэн анхааран үзэх учиртай.

Гэтэл Зам тээврийн яам, Нийслэл хоёр хэн хэндээ найдаж, ингэж эзэнгүй орхисоор цогцолборын үйл ажиллагааг доголдоход хүрээд буйд түрээслэгчид гомдолтой байгаагаа учирлаж байсан юм.

Нээлтэн дээр нь ирж тууз хайчилчихаад явж одсон салбарын яам, Нийслэлийнхэн Авто худалдааны цогцолборынхоо үйл ажиллагааг хянаж байхгүй бол асуудал улам даамжирч, хүчээр нүүлгэсэн авто худалдаа эрхлэгчдийн тэвчээрийг барах вий.

Г.Итгэл

Эх сурвалж: www.TODAY.mn