Гвардиола: “Aз үзэхгүй амьдрана аа гэдэг чинь өөрөө аз туршсан асуудал билээ”
2016/02/13
Түүнийг азтай хүн гэлцдэг. Тэр дөнгөж дасгалжуулагч болонгуутаа “бэлэн болчихсон хоол” гэж хэлж болохоор “Барселон”-ыг удирдаж Европыг байлдан дагуулсан. Дараа нь яг тэр түүхтэйгээ адил Германы “Бавари”-ийг дасгалжуулж хүрч болох бүх оргилд гарлаа.
Харин ирэх улирлаас Английн хөлбөмбөгийн хамгийн баян баг болох “Манчестер Сити”-г удирдахаар болж байна. Гурван жилийн хугацаатай жилд ойролцоогоор 25 сая еврогийн цалин авч, хамгийн өндөр пүнлүүтэй дасгалжуулагч хэмээн цоллуулах гэрээг тэр хэдхэн хоногийн өмнө үзэглэлээ. Түүнийг Хосэп Гвардиола-и-Сала буюу бидний мэддэгээр бол Пэп Гвардиола гэдэг юм аа.
45 настай, хамгаалагч, хагас хамгаалагчийн байрлалд “Барселон” багт бужигнуулж явсан түүнийг ирээдүйд ийм том дасгалжуулагч болно гэж хэн ч хэлж байсангүй. Өөрийнхөө тухай, өрөөлийн тухай, дуртай мэргэжлийнхээ талаар юу бодож эргэцүүлдгийг нь өгүүлсэн богино хариултууд нэгэн хэвлэл мэдээлэлд гарсан байхыг олж харлаа. Түүнийг нь хөрвүүлж танд танилцуулъя.
-Би хөлбөмбөгийн ертөнцөд ажиллаж байгаа дасгалжуулагчдын шилдэг нь л лав биш юмдаг.
-Асч дүрэлзсэн амьдралаар амьдрахыг тэмүүлдэг.
-Азгүй байж болно. Тэмцэхгүй, тэмцэлгүй байж болохгүй.
-Би сэтгэл судлаач биш, хөлбөмбөг гайгүй тоглож байсан энгийн нэгэн залуу. Өөрийгөө зоригжуулахад энэ хангалттай биш гэж үү.
-Заримдаа галзуу тоглож байгаад хожигдох нь уйтгартай хожлоос илүү таашаал өгдөг юм.
-25 нас хүрэх үедээ ирээдүйд дасгалжуулагч болдог ч юм бил үү гээд бодож эхэлсэн. Ер нь би өөрийгөө бие бялдрын хувьд жулдрай нэгэн байсан гэж боддог шүү. Харин ч тийм үлбэгэр амьтан гэхэд овоо удаан бөмбөг өшиглөжээ.
-Дасгалжуулагч өөрийнхөө ажлыг сэтгүүлчдийн өмнө тод томруун, зөв тайлагнах хэрэгтэй. Чиний зөв буруу ярьснаас үүдэн маргааш өглөөний сонины борлуулалт сайн муу байх нь шалтгаална.
-Хөлбөмбөг гээч нь тайлагдашгүй ертөнц билээ. Түүний нэг хэсэг нь намайг өөртэйгөө насан туршдаа холбогдсон гэдэг бол нөгөө хэсэг нь зайл хэмээн зөвлөх юм.
-Биднийг зөвхөн ялалтаар минь тогтоон үлдээдэг.
-Зөвхөн хөлбөмбөгчдийн авьяас билэг, хичээл зүтгэлийн үр дүнд баг амжилтад хүрдэг. Хэрвээ өөр хөлбөмбөгчид байсан бол бид ийм амжилтад хүрэх үү. Хэрэв өөр дасгалжуулагчтай байсан бол тэр сайн хөлбөмбөгчидтэй баг адилхан л амжилтад хүрнэ шүү дээ.
-Өрсөлдөгч маань хөгийн сул дорой, авьяасгүй, мануухай гэж бодон талбайд гарвал хожигдоно шүү.
-Миний философи тун энгийн. Бөмбөг байхгүй бол дамжуулалт байхгүй, дамжуулалт байхгүй бол хяналт байхгүй, хяналт байхгүй бол ялалт байхгүй.
-Хөлбөмбөгч нисч байгаа бөмбөгнөөс илүү хурдан гүйнэ гэж үгүй биз дээ.
-Миний баг бөмбөг эзэмшиж, тоглолтыг хянаж байхыг би хүсдэг. Бөмбөг бидэнд удаан байх тусам их довтолно. Эсрэг багийн сөрөг довтолгоо ч хязгаарлагдана.
-Өрсөлдөгчөө 6:0-ээр ялах тохиолдолд би юунд суралцах вэ гэж.
-Азаа үзэхгүй амьдарна гэдэг чинь өөрөө аз туршсан асуудал юм шүү дээ.
-Алдах, ялагдах үедээ л хүн өсч хөгждөг юм.
-Хүмүүс ярихдаа төрөлх багаа сольж байсны оронд эхнэрээ сольсон нь дээр гэх юм. Тийм ч юм уу.
-Финалд ялагдсан ч гэлээ дэлхийн шилдэг баг хэвээр үлдэж болдог. Гэхдээ ялсан тохиолдолд мөнхөрнө гэдгийг бүү мартаарай.
-Месси бэлтгэл сайтай байвал ямар ч хамгаалалт түүнийг зогсоож чадахгүй. Хэрвээ боломжтой бол түүнд бөмбөг өгөхгүй, очуулахгүй байхыг л хичээ. Хэрвээ тэр бөмбөгөө авсан бол зогсооно гэдэг худлаа. Би сэтгэл зүрхээрээ түүнийг “Барселон”-д тоглож байгааг “тэтгэвэрт” гараасай гэж хүсдэг.
-Лео гэдэг чинь өөрөө “Барселон” юм шүү дээ.
-Месси - бурхан царайтай араатан.
-Тэр нэг удаа инээмсэглэж байгаад “Би эсвэл төвөөр тоглож довтолно. Эсвэл огт хөлбөмбөг тоглохоо болилоо” гэж билээ. (Энэ үед Ибрагимович тэр байрлалд нь тоглодог байсан.)
-Месси мундаг ч гэлээ бусад нь ч бас түүнээс дутахааргүй нааддаг юм шүү, “Барселон”-д.
-Та нар Иньестагаас суралцаач. Ямар ч шивээс байхгүй, будсан гельдсэн үс энээ тэрээ байхгүй, тун энгийн амьдардаг нэгэн. Гэхдээ талбайд гарсан үед бүжиглэнэ шүү дээ.
-Мөөг түүдэг хүн яав ч муу хүн байх ёсгүй. Хави амралтын өдрүүдэд хотоос гарч мөөг түүдэг учраас тэгж бодлоо.
-Надтай хамт ажиллаж байсан олон хөлбөмбөгчин намайг хожим нь муулдаг. Уг нь би чадлаараа л зүтгээд байх шиг байсан юм даа.
-“Бавари”-д шинэ хөлбөмбөгчид хэрэггүй. Шинэ хөлбөмбөгчид гэдэг чинь шинэ зовлон, шинэ асуудал гэсэн үг шүү дээ.
-Би уламжлалыг хүндэтгэдэг. Хэрвээ хөлбөмбөгчид намайг Бундеслигт түрүүлсний дараа шар айргаар усалбал би дургүйцэхгүй. Гэхдээ ийм үйлдэл хийсэн хөлбөмбөгч хожмоо Германы цомын финалын тоглолтын бүрэлдэхүүнд багтахгүй шүү гэдгийг санаарай.
-Лам бол миний дасгалжуулж байх хугацаандаа харсан хамгийн ухаантай хөлбөмбөгч. Харин Нойер шилдэг хаалгач нь.
-Би хэрвээ Жозе Моуриньотай таарвал “Чи” гэж харьцана. Учир нь тэр намайг энд тэнд дандаа Пэп гэж хэлдэг. Ер нь Жозе гэж хэн юм бэ. Олон үгтэй цэцэн цэлмэг нэгэн тул би түүнтэй маргалдаад дийлэхгүй. Өөр өөрийнхөө хийдэг ажлыг хийгээд л явж байвал болоо биш үү.
Гвардиолагийн дасгалжуулагч болсон цагаасаа хойш үзүүлсэн амжилтууд
2008-2012 он. “Барселон” багийн ахлах дасгалжуулагч байхдаа:
Испани улсын аварга-2009, 2010, 2011 он
Испани улсын цомын аварга-2009, 2012 он
Аваргуудын лигийн аварга-2009, 2011 он
УЕФА-гийн супер цомын эзэн-2009, 2011 он
2013 оноос өнөөг хүртэл “Бавари” багийг удирдахдаа:
Герман улсын аварга-2014, 2015 он
Герман улсын цомын аварга-2014 он
УЕФА-гийн супер цомын эзэн-2013 он
Багуудын хоорондох ДАШТ-ий аварга-2013 он
Д.БАТ-ЭРДЭНЭ