Бөх сонирхогчид болон наадамчин олныхоо хүндлэлийг зүй ёсоор хүлээсээр ирсэн Завхан нутгийн хүү Ц.Цэрэнпунцаг гарьд анх 1989 оноос улсын наадамд зодоглож эхэлсэн билээ. Олны өмнө барилдаж эхэлсэн цагаасаа өөрийн уран хурц, дайчин барилдаанаараа бусдаас онцгойрч, эгэл даруухан төрхөөрөө наадамчин түмнийхээ итгэлийг олсон залуу гарьд Ц.Цэрэнпунцаг “Регби бөмбөг” хэмээх спортын нэгэн төрлийг Монголд оруулж ирж байлаа.

“Жем интернейшнл” компаниа үүсгэн байгуулж, хөл дээр нь босгосноосоо хойш АНУ-д гэр бүлийн хамт аж төрөх болоод арваад жилийн нүүр үзэж байна. Сураг сонсох нь ээ, гэргий Б.Ойгонжаргалынхаа дүү Б.Ойгонгэрэлд компаниа хариуцуулан үлдээгээд өөрсдөө АНУ дахь эдлэн газартаа амьдардаг гэнэ лээ.

Ц.Цэрэнпунцаг гарьдын ах Ц.Бэгзсүрэн начин залуу насны алдаагаар “аавын хаалга” татаж байсан удаатай. Яах аргагүй зулай дээрээ гишгэж төрсөн, газар дээрх ганц ахыгаа залуу насны ааг омгоор хэрэгт орсноос нь хойш гэмгүй атлаа гэмтэй юм шиг гэмших болсон тэрээр хэсэгтээ нам жимхэн амьдарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээс зугтаж байсныг уншигч та мэднэ. Хүний амьдралын баяр баясгалантай, сэтгэл хангалуун өдрүүдийг нэг л өглөө сэрэхэд уй гуниг, зовлон гутрал хамхуул шиг аваад оддогийг аав, ээжээсээ адил заяасан залуу бөхчүүдийн амьдрал тухайн үед харуулж байв. Гэхдээ нэг нь биеэрээ зовж байхад, нөгөө нь сэтгэлээрээ шаналж байсныг сэтгүүлч би таамаглаж байна. Юутай ч сэтгүүлч миний бие бүтэн жил хөөцөлдөн байж 2005 онд түүнтэй хийсэн ярилцлагаа энэ удаа бүрэн эхээр нь хүргэж байна.

-Тийм ээ, хуучин оноо үдэж шинэ оноо угтахад хүн бүр л хувь хувьдаа өнгөрсөн жилийнхээ ололт амжилт, дутагдлаа дүгнэж, цэгнэдэг. Миний хувьд ажил маань үр дүн сайтай өнгөрсөн гэж бодож байна.

Би жүдо бөхийн холбооны нарийн бичиг шүү дээ. Хажуугаар нь “Регби” холбоо гэж манайд саяхан байгуулагдаад, хийх ажил ихтэй байна.

-“Регби бөмбөг” гэж огт сонсож байгаагүй юм байна?

-“Регби бөмбөг” гэдэг спортын нэгэн төрлийн талаар манайхан ховорхон сонсож байсан байх. Үгээр тодруулж тайлбарлавал сүрдмээр хамгаалалтын хувцас өмсөөд бөмбөг тэврэн гүйдэг Америк хөл бөмбөгтэй төстэй боловч хулгар чихтэй, богино ханцуйтай цамц өмссөн хүмүүс бас бөмбөг тэвэрчихээд зууралдаад гүйдэг спорт юм. Энэ “Регби бөмбөг”-ийг Англи, Австрали, Шинэ Зеландын тамирчид голдуу тоглодог. Гэхдээ дэлхийд их өндөр хөгжсөн спорт л доо. Манай монголчуудын бие хаад их зохицохоор спортын төрөл учраас бид “Регби бөмбөг”-ийг хөгжүүлэхэд санаа тавьж байна. Мөн зуны 28-р олимпоос жудо бөхийн тамирчин Х.Цагаанбаатар маань хүрэл медальтай ирснийг ард түмэн мэдэж байгаа шүү дээ. Товчлон яривал иймэрхүү л амжилттай ажиллаж байна.

-Та хулгар чихтэй хүмүүс “Регби бөмбөг”-өөр тоглодог гэж хэллээ. Ер нь бөхийн төрөлтэй “Регби бөмбөг” илүү ойрхон гэж ойлгож болох уу?

-Тэгж хэлж болох юм. Нэн ялангуяа чөлөөт, үндэсний бөх, жудо гэх мэт бөхийн төрлөөр хичээллэдэг хүмүүс тоглох боломжтой. Бид чинь сагс, хөл бөмбөг тоглож чадахгүй шүү дээ. Тиймээс манай “Регби” холбооны удирдах зөвлөлийн 9 хүн энэ спортоо монголчууддаа танилцуулж хөгжүүлэх гээд идэвхи зүтгэл гарган ажиллаж байна. Тун удахгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Регби бөмбөг”-ийн талаар сурталчилгаа явагдахаар аяндаа хүмүүс мэднэ. Бид энэ жил анх удаа гурван сард Ази руу энэ чиглэлээр тэмцээнд явах гээд баг тамирчдаа бүрдүүлээд, бэлтгэл хийж эхлээд байна.

 

 

-Тэгэхээр энэ спортыг мөдхөн олонд танилцуулна гэсэн үг юм байна шүү дээ. Сониноос 28-р олимпоос таны хариуцдаг холбооны тамирчин Х.Цагаанбаатар ганцаараа хүрэл медальтай ирсэн. Хажуунаас нь харж байхдаа тамирчин хүний хувьд багийн хүмүүсээ чамлах сэтгэгдэл төрж байв уу?

-Үгүй ээ. Манай тамирчдадмедальгүй ч ирэх үе байсан. Хүрэл медальтай ирснийг нь бага гэж чамлахгүй ээ. Би хувьдаа тамирчдаа амжилттай сайн явсан л гэж бодож байна. Жүдо бөхийн олимпод оролцсон баг тамирчид насны хувьд бага залуу учраас дараагийн 2008 оны олимпод дахин оролцох байх. Харин тэр үедээ илүү их амжилт үзүүлэх болов уу гэж найдлага тавьж байгаа л даа.

Үргэлжлэлийг People of Monolia сэтгүүлээс уншина уу