Өнгөрсөн жилүүдэд автомат тоглоомын төвүүдтэй холбоотой гомдол удаа дараа гарч байсан билээ. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага болон цагдаагийн газраас нэлээд хяналт шалгалт явуулж, зарим тоглоомын төвийг торгож, заримыг нь хаах хүртэл арга хэмжээ авч байсан юм. Гэвч саяхныг хүртэл зөрчилтэй байдал арилахгүй байсан учир Нийслэлийн соёл урлагийн газраас автомат тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.

Ингээд Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах газраас бүх тоглоомын төвүүдийг хааж, дахин үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулан хяналт, шаардлага тавьж ажиллахыг тухайн дүүргүүдийнх нь Цагдаагийн хэлтэст даалгасан байна.

Тодруулбал өмнө нь Нийслэлийн соёл урлагийн газраас тоглоомын төвүүдэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог байсан бол саяхнаас эхлэн уг эрхийг Улаанбаатар хотын цагдаагийн газарт шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл автомат тоглоомын төвүүд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй бол УХЦГ-аас зөвшөөрөл авах юм байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд нийтдээ 30 гаруй автомат тоглоомын төв байдаг бөгөөд үүний 11-нь Соёл урлагийн газрын зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол бусад нь ямар ч зөвшөөрөлгүй байжээ.

Гэхдээ энэ удаагийн шийдвэрээр зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй байсан бүх тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг хаасан ч одоогийн байдлаар хоёр автомат тоглоомын төв ажилласаар байгаа аж. Тодруулбал Баянгол дүүрэгт Хурд группийн барьсан Нарны хороололд байрлах уг автомат тоглоомын төвийн эзэн гэх залуу цагдаагийн ажилтны шаардлагыг эсэргүүцэж, улмаар “Даргатайгаа утсаар ярьчих, манайх угаасаа хаахгүй, танай даргатай чинь би тохирчихсон” гэх зэргээр эсэргүүцэл үзүүлж, үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм байна.

Мөн уг газартай холбоотой бас нэгэн тоглоомын төв Баянгол дүүргийн 3,4-р хорооллын эцэст байрлах "Lion Tower" зочид буудлын нэг давхарт ажиллаж байгаа аж. Уг нь автомат тоглоомын төв оройны 22.00 цаг хүртэл ажиллах журамтай байдаг ч дээрх хоёр газар шөнөжингөө буюу 24 цагаар ажилласаар байгаа юм. Бусад тоглоомын төвүүдийн үйл ажиллагаа хаагдсан учир үйлчлүүлэгч ихтэй байгаа бөгөөд ийнхүү цагаа сунгахад хүрч, ашиг орлого арвинтай болжээ. Тиймээс хууль дүрэм үйлчилдэггүй уг тоглоомын төвүүдийн асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллага нь анхааралдаа авах биз ээ.

Н.Ганаа Эх сурвалж: Dorgio.mn

Үргэлжлэл бий...