Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Эдийн засаг, нийгмийн зорилтод тусгагдсаны дагуу орон сууц нэн шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цаашилбал моргейжийн зээл авах нөхцөл нь бүрдээгүй байгаа залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн ИТХ-ын 2013 оны 05 сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг баталсан билээ. Тэгвэл өнөөдөр Ахмадын орон сууц юу болов? Ийн асуухын учир нь Түрээсийн орон сууцанд орох гэж ТОСК-ийн гадаа хонов.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн нийслэл дэх ахмад настнуудыг бүртгэсэн. Хоёр өдрийн дотор нийт 1150 ахмад ТОСК-д хандсанаас 600 ахмад журмын дагуу материалаа бүрдүүлж ирсэн байна. Квотын дагуу бүртгүүлсэн 600 ахмадын 52 нь л түрээсийн орон сууцанд хамрагдах бөгөөд түрээсийн орон сууцанд орох иргэнийг сугалаагаар тодруулах юм.

Уншигч та хамгийн эхний шийдвэрийг харсан биз ээ. Ахмадын орон сууц хөтөлбөр батлагдаж эхний ээлжинд хүмүүсээ оруулсан. Гэвч сүүлийн байруудад нь орох гэхээр санхүүжилтгүй хэмээн гацаагаад ирсэн өргөдөл гомдлыг шийдэж чадахгүй дүүргүүдийн Засаг дарга нарт очоод дарагдаж байгаа гэдгийг ахмадууд учирлав. Уг нь тус байранд орох өргөдөл, гомдлыг хүлээж авч буй хэдий ч орох тал дээрээ асуудалтай байгаа аж.

ТОСК-ийн гадна дугаарлан зогсож буй ахмадууд төр орон сууцаа түрээслэх биш улсдаа хийдгээ хийгээд тэтгэвэртээ гарсан настангуудад шууд өмчлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байв.