Энэ оны Оскарын шагналд хэд хэдэн төрөлд нэр дэвшиж ялсан “Өрөө” гэдэг киног та үзсэн үү? Тэр кинон дээр хулгайлагдсан залуу бүсгүй таван настай хүүтэйгээ 3х3 метр өрөөнд амьдардаг талаар өгүүлдэг. Өсвөр насандаа гаж донтонд хулгайлагдсан бүсгүй хүүгээ тэр өрөөнд төрүүлсэн ба нэг ч удаа өрөөг орхиж үзээгүй, хоол хүнс тог цахилгаан хангамж багатай, хамгийн гол нь хүүхэд нь гадаад ертөнцийн талаар ойлголт төсөөлөлгүй байдаг. Таазнаас тусах өчүүхэн нарны гэрэлтэй бүүдгэрхэн умгар өрөөнд хүүгээ бие бялдар, оюун санааны хувьд хэрхэн эрүүл, аль болох хэвийн хүүхдүүдтэй адил хөөр баяраар дүүрэн өсгөх гэж хичээж буй эхийн дүрслэл маш олон сая хүний сэтгэлийг эмзэглүүлж, хөдөлгөж, Кино академийн шилдэг шагналыг ч хүртсэн юм. Маш холын, хүний санаанд багтамгүй мэт энэ айхтар дүрслэл манай улсад байдаг гэвэл хэр үнэмшилтэй сонсогдож байна вэ? Харамсалтай нь эх үрийг хамтад нь хорьдог харгис гаж донтон нь манай улсын төр, хууль өөрөө болчихоод байна!

Эмэгтэй хүний амьдралын оргил үе үрээ тээж төрүүлж, ангир уургаа амлуулан, инээд хөөртэй эрүүл саруул өсөж торнихыг харах байдаг. Өдөр өдрөөр хэвлийдээ өсөн томорч тонгочин наадах үрээ хүйт даасан төмөр торны цаана төрүүлэн бойжуулна гээд та нэг төсөөлөөд үз дээ? Дөнгөж нярайлсан эхийг хамаатан саднууд нь цэцэг бэлгээр булан эмнэлгээс хөл хөөртэй гаргаж, хүнд ажил хийлгэж хөргөж дааруулалгүй, 49 хоног гам бариулж, эх хүүхдийг нөхөр эмээ нар нь асарч тойглодог. Харин ял эдлэж байгаа бие давхар эмэгтэйд энэ бүгд ямар ч хүртээлгүй. Тэр бүү хэл олигтойхон эмнэлгийн үйлчилгээ, нэмэгдэл хоол ч үгүй. Өөрөөр хэлбэл хийсэн хэргийнх нь төлөө төрөөгүй үрийг нь давхар ялласан хэрэг. Наанадаж жирэмсний хордлого, хаван, хүндрэлүүд ямар их билээ? Түүнээс сэргийлж Монгол улсад эрүүл иргэн төрүүлэхийн төлөө жирэмсэн ээжүүд ямар олон шинжилгээ үзлэг хийлгэж, уургаар баян хооллож амин дэм хэрэглэдэг билээ? Гэтэл ялтан ээжийн хэвлийд бойжиж буй яг л адилхан Монгол улсын иргэдийг хүн болж чадвал болог чадахгүй бол хохь нь гэж төр төмөр нүүр гаргах нь хэр зөв бэ?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2002 онд шинэчлэн батлахдаа 111 дүгээр зүйлийн тавд нь “Ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно” гэж заажээ. Энэ нь Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “Гэм буруутны ялыг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байдаг. Одоогийн байдлаар яг ийм зүйл заалтаас болж арав орчим хүүхэд эхтэйгээ хамт хоригдож байгаа сурагтай байна. Хамгийн бага нь 4 сартай нярай торны цаана байна. Ардчилсан шудрага төрт нийгэмд хүүхдээ хорьсон улс байна гэдэг аймшигтай яа? Хэрэг хийсэн хүн шийтгүүлэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ хөөрхий нялх үрс эхийнхээ хийсэн хэргийн төлөөсийг төлж энэ хорвоод мэндлэхдээ торны цаана цагдуулж, нэг насаараа шоронгийн тодотгол зүүж явах ёсгүй. Бусад улсуудад бие давхар ялтанг хүүхдээ төрүүлж нэг нас хүртэл ялыг хойшлуулах, гэрт нь хорих, хүүхдийг улс асрамжинд авах, үгүй ядаж шорон дотроо хүүхдэд эх хүүхдэд зориулсан жирийн орчин өнхцөлтэй тусгай өрөө хангамж бэлтгэж, чанарлаг хоол хүнс витаминаар хангаж, хүүхдийг оюун санаа бие махбодийн хувьд эрүүл өсөх нөхцлийг нь бүрдүүлээд өгчихдөг байна. Гэтэл энэ арваад хүүхдэд улсаас ядаж хоолны мөнгө төсөвлөж өгдөггүй гэнэ. Өвдөж зовлоо, гэмтэж бэртлээ гэхэд үзээд эмчлээд өгөх эмч ч байхгүй. Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдэг нь хаана байна?

Байнга согтуу дарамталж тогоон чинээ гэдэстэй байхад нь яргалан зоддог байсан нөхрийнхөө өөдөөс аргагүйн эрхэнд бие хамгаалалт хийгээд санамсаргүй хөнөөсөн бүсгүй, бие давхар ч гэлээ амьдралаа залгуулах гэж хүнээс мөнгө зээлж багахан бизнес хийх гэж дампуураад эцэст нь залилангийн хэрэгт орсон өрх толгойлсон эмэгтэй та бидэнтэй л адилхан эгэл иргэн, хэн нэгний охин, эгч, дүү, найз, хамгийн гол нь ээж. Гаргасан алдаанаас нь болж үр хүүхдүүд нь хохирон, хожим насан туршдаа “энэ чинь шоронд төрсөн юм” гэж адлагдаж амьдрана гэж бодохоор эх хүний сэтгэл хэрхэн шимширч суудаг бол? Гэтэл тэднээс хүнд гэмт хэрэг үйлдсэн, тэрбум тэрбумаар нь халаасласан эрхмүүд зүв зүгээр. Зарим нь бүр хуулийнхнаар таны байгаа газар чинь очиж мэдүүлэг авъя гэж гуйлгахдаа тулж, хүүхдүүд нь хэд хэдэн хаузтай гадаадад тансаглаж, ард түмэн талх таллаж, тос грамллаж байна гээд матрын нулимс унагаж байна. Саяхан хэдэн их хурлын гишүүн гэнэт хөхүүл хүүхдийн эрх гээд бөөн юм боллоо. Тэр үед 4 настай хүү гэгээн цагаан өдөр нохойд “идүүлчихсэн” байхад, хөхүүл хүүхдийн эрх гээд л зурагт болгоноор шоудадаж байгаа улс төрчид “шоронд ял эдэлж” байгаа нярай хүүхдүүдийг бол бүр тоохгүй шинжтэй. Дарга нартай ойр эсвэл садан төрөл бол эрх нь зөрчигддөг ардын хүүхэд бол амьтанд идүүлж аль эсвэл амьдрал нь яллагдаж байсан ч хамаагүй юм байна л даа. Нэрийг нь дурьдаад яахав нэг гишүүн намайг нялх биетэй байхад барьж авч явж байсан тэр гашуун түүх санагдлаа гэж уйлах шахаж байна лээ. Гэтэл тэнд барьж авах биш бүр хорьж байгаа гэдгийг та анзаарсангүй еэ.

Хумсан толио чинээ нүгэлгүй хүүхдүүд өргөст торны цаана ядаж тусгайлан бэлтгэсэн хөтөлбөр бүү хэл хоол ундны төсөв ч үгүй ялтнуудын хоолны шавхруугаар хооллон шийтгүүлж байхад, хүний эрхийн олон байгууллагууд, хүүхдийн төлөө төвүүд, УИХ-ын эмэгтэй гишүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд нь юунд нүдэн балай чихэн дүлий сууцгаана вэ? Дарга нар шалгагдахдаа хүүхдээсээ холдвол бүгд шуурч очдог хэрнээ ардын нярай хүүхдүүд хэлмэгдэн ялгүй ялтан болж, анхны алхмаа шоронгийн хүйтэн шалан дээр хийх нь байх л ёстой үзэгдэл юм уу? Ямар учраас төр ч, түмэн олон ч тэр хүүхдүүдийг үл хайхран зөвхөн эрх мэдэлтэй, мөнгөтэй эрхмүүдийн эрх ашгийн төлөө санаа тавин шагшралдана вэ? Нүдээ нээгээд сэрэгтүн! Өөрсдийн нялх балчир үрсээ харагтун! Таны хүүхэд шоронгийн бохир хүйтэн шалан дээр мөлхөж, шоронгийн үлдэгдэл хоолоор гэдсээ цатгаж байна гээд төсөөлөөд үз дээ? Эх нь ямар ч гэм нүгэлтэй бай, ямар ч ядуу барлаг бай хэний ч хүүхэд шоронгийн өрөөнд мэндлэх бас тэнд ял эдлэх ЁСГҮЙ !

Д.Ганбаяр