Цагдаагийн ерөнхий газрын дарга тушаал гарган цагдаагийн алба хаагчид ажлын бус үеийн дүрэмт хувцастай зураг, ямар нэгэн хэрэг, зөрчил, ажил үүргийнхээ дотоод асуудлаа олон нийтийн цахим сүлжээ болох өөрийн цахим хуудсандаа тавихгүй байхыг үүрэг болгосон байна.

Энэхүү тушаал заавартай холбоотойгоор Цагдаагийн байгууллагын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж байгаа талаар чөлөөтэй санал хүсэлтээ илэрхийлж чадахаа больсон аж.


Тиймээс Цагдаагийн Алба Хаагчдын Эрх Ашгийг Хамгаалах Холбооны facebook группд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлэг зохион байгуулагч нь хуульд заасан үндэслэл, холбооны мэдээлэл хүлээн авах журмын дагуу алба хаагчдын нэр, албан тушаалыг нь ил гаргахгүйгээр алба хаагчдаас ирсэн гомдол, санал болон ёс зүйгүй аашилж байгаа дарга нарын талаар цагдаагийн ерөнхий газрын удирдлага болон холбогдох албан тушаалтнуудад уламжилж, ирсэн асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө алба хаагчидтай хамтран ажиллах болно гэжээ. Уг холбоонд Цагдаагийн алба хаагчдаас дараах санал хүсэлтийг илэрхийлжээ. Үүнд:

  • Алба хаагчдын нэг хүнд оногдох ажлын норматив нь тогтоосон норматив хэмжээнээс их, орон тоо дутмаг учраас ажлын ачаалалдаа дарагдах, хэрэг, зөрчил шийдвэрлэх хуулийн хугацаанд баригдаж тухайн хэрэг зөрчлүүд дээр процессын үйл ажиллагаа явуулах цаг хугацаа олддоггүй, амрах, хооллох цаг хомс учраас үдийн цайндаа орох цаг гардаггүй. Үүнээс болж алба хаагчид стресст өртөх, зөв хооллох горим алдагдагдсанаас эрүүл мэнд муудах шалтгаан болдог.
  • Дээрх хүндрэлүүдээс гадна янз бүрийн бичиг цаасны ажил их байдаг нь алба хаагчдад албан үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учруулахаас гадна хүнд сурталтай гэх ойлголтыг ард иргэдэд бий болгодог.
  • Алба хаагчдыг өдөр тутам зөрчил илрүүлэх, торгууль оногдуулах хэмжээгээр шахаж, эдгээр хэмжигдэхүүнээр ажлыг нь үнэлж, төсөв бүрдүүлэх гол хэрэгсэл болгож байгаа нь ард иргэдийн дунд цагдаагийн байгууллагын нэр хүнд унах, алба хаагчид иргэдийн хооронд үл ойлголцох асуудлыг улам их бий болгож байна.
  • Зарим тохиолдолд албан үүргээ хуулийн дагуу гүйцэтгэсний төлөө зарим нэг дарга нартаа ад үзэгдэж, зуугдаж эхэлдэг билээ. Харин зарим нэг дарга нар шат дараалан алба хаагчидтайгаа зүй бусаар харьцаж, доромжилж, дээрэнгүй ханддаг.
  • Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Газар хэлтсүүдэд олон дарга нар бий болж, хоорондын уялдаа холбоо байхгүй болсноос үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна олон дарга нарын тушаалаар энэ тэнд эргүүл, хамгаалалтад гарч явсаар амрах, гэр орондоо анхаарал тавих цаг гарахгүй байгаа бөгөөд ажлын идэвх, үр бүтээл буурсаар байна. Тодруулбал үүнд 24 цаг үүрэг гүйцэтгэж ээлжинд гарч буй бүх алба хаагчид болон Хэрэг Бүртгэгч, Мөрдөн Байцаагч нар хамаарна.
  • Эмчийн дүгнэлтээр эмнэлэгт хэвтэх, ар гэрийн гачигдлаар чөлөө авах зэрэгт хүндрэлтэй байдаг. Учир нь араас хулгайч мөрдөж буй адил эмч нартай уулзах, тодруулах зэргээс болоод эмч нар нь хүртэл бидэнтэй харьцахаас төвөгшөөдөг болсон. Ингээд алба хаагчид өвчнөө хүндрүүлж явсаар амь насаа алдсан тохиолдол олон гарсан.
  • Жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулах ёстой байдаг. Гэтэл энэ нь нэр төдий болж өвчин илэрсэн алба хаагчдынхаа төлөө гэсэн сэтгэлгүй, эмчилгээ хийлгэх болон хэвтүүлэх арга хэмжээ авдаггүй. Иймээс олонх алба хаагчид өвчнөө хүндрүүлж явсаар өөрсдөө эрүүл мэндээрээ хохирдог.
  • Төрөөс албаны үйл ажиллагааны зардлыг хангах ёстой. Үүнд Хувцас, форм, утасны нэгж, бичиг хэргийн зардал, канон, принтерийн хор , ийш тийш албан ажлаар явах унаа, бензиний зардал. Энэ бүхэнд алба хаагчид авсан цалингаасаа өөрсдөө төлсөөр яваа юм. Зарим нэг дарга нь өөрсдийн цалингаасаа зарцуулж ажлын байраа тохижуулах, албан ажлын хэрэгцээний зүйлсийг худалдаж ав гэх шаардлагууд тавьдаг. Гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулах цалингаа албандаа зарцуулж, ар гэртээ анхаарал тавих цаг наргүй ажиллаж явсаар ар гэртээ ад үзэгдэх, гэр бүлийн таарамжгүй байдал үүсэх, үл ойлголцох шалтгаан болж зарим нэгэн гэр бүл салж сарниж байна.
  • Эмэгтэй албан хаагчид хүүхэд төрүүлээд эргэн ажилдаа ороход хэцүү болсон. Шилжилт хөдөлгөөн албан тушаалын томилгоо, шагнал урамшуулал зэрэг нь шударга бус байдаг. Энэ асуудлууд дандаа ар өврийн хаалга танил талаар шийдэгдэж байна.
  • Танил тал, ар өврийн хаалгаар орсон алба хаагчид нь ажлаа мэддэггүй, мэдэхгүйгээрээ далимдуулаад ажлаа хийдэггүй. Түүнд ажлыг нь зааж өгсөнгүй гэж хажуу хавирганы хүмүүсийнх нь цалинг хасдаг. Мөн захиргааны зөрчил болоод сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулдаг.
  • Алба хаагчдын цалин хөлс бага, ажлын ачаалал их, нийгмийн хамгаалал болон хууль эрх зүйн хамгаалалт, баталгаа нь хуулинд тусгагдаагүй.
  • Цагдаагийн Алба Хаагчдын Эрх Ашгийг Хамгаалах Холбооны группэд олон дарга, алба хаагчид нэгдсэн учраас энэ бүхнийг ойлгож, ухаарч, цаашдын үйл ажиллагаандаа тусгаасай гэсэн бодлоор санал хүсэлтээ илэрхийлдэг билээ. Гэтэл цагдаагийн ерөнхий газраас олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буюу нийгмийн сүлжээгээр өөрсдийн санал бодол, үзэл бодлоо илэрхийлэхийг хориглосон. Ингээд бид санал бодлоо илэрхийлснийхээ төлөө илтээр ад үзэгддэг юм.
  • Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын газарт гомдол гаргахаар нууцлалгүй байдаг бөгөөд гаргасан гомдол, мэдээллийн талаар тухайн хүн нь мэдсэн байдаг. Энэ байдал нь алба хаагчдад сөргөөр нөлөөлж улам их дарамт шахалтад өртөж, сэтгэл зүйн дарамт болдог. Харин биднийг хуулийн дагуу албан үүргээ гүйцэтгэтгэсний төлөө иргэдээс гомдол, санал их ирдэг билээ. Гэвч энэ асуудлыг Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын газар болон дарга нар хуулийн дагуу шийдэхгүй алба хаагчдаа буруутгаж, өөрсдийн нэр хүндээ хадгалж үлддэг. Ийм байдлаар алба хаагчид албан үүргээ биелүүлснийхээ төлөө хохирч байгаа юм. Алба хаагчдын итгэл үнэмшил, ажиллах урам зориг, идэвх нь буурсаар байна.

Алба хаагчдын хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж, албан үүргээ гүйцэтгэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, санал хүсэлтээ илэрхийлсний төлөө сэтгэл зүйн дарамтад өртөж байгаа зэрэг зүйлүүдийг засч сайжруулах, шийдвэрлэж өгөхийг хүсэн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.

Алба хаагчдын итгэл үнэмшил, ажиллах урам зориг, идэвх нь буурсаар байна. Алба Цагдаагийн Алба Хаагчдын Эрх Ашгийг Хамгаалах Холбооны группд олон алба хаагчид болон дарга нар нэгдсэн байдаг учраас саналыг нь хүлээн авна гэсэн бодлоор хүсэлтээ илэрхийлсэн байна.

Б.Элбэрэл