Бага ангийн боловсрол /цуврал-2/: Зөв бичих дүрмийн аль нь зөв бэ? буюу Цээж үү, Чээж үү
2016/04/01
Ерөнхий боловсролын сургууль 12 жилийн сургалттай болсонтой холбогдуулж сургалтын агуулгад өөрчлөлт орж, цөм хөтөлбөрийг боловсруулан түүний дагуу сурах бичгүүд шинэчлэгдсэн. Зургаан настай балчир үрс өнөөдөр эрдэмд шамдан тоглож, эрхлэхээ умартан эцэг, эхдээ толгой өөд таталгүй хичээлээ хий хэмээн загнуулах болсон. Айлын хүүхдээс муу сурчих вий гэсэн эцэг эхчүүдийн бодлоос болоод зарим хүүхдүүд таван настайдаа тоо, үсэгтэй найзалж эхэлсэн нь нууц биш.
Монгол хэлний хичээлээрээ "Цагаан толгойн" үсгээ үзэж, нүдлэн холбон уншиж байгаа хүүхдийн хичээлдээ хэрэглэж буй сурах бичгүүд нь алдаа ихтэй мөн монгол гэсэн арга барилыг гээсэн тал байгаа нь анхаарал татаад байгаа юм.
Иймд Бага ангийн боловсролын талаар цувралаар уншигч танд хүргэж байгаа билээ. Энэ удаад Монгол улсын гавьяат багш, Монгол хэлний арга зүйч багштай "Заах аргын талаар болон зөв бичих дүрмийн талаар ярилцлаа.
-Заах аргадаа алдаад байгаа гэлээ. Энэ талаар?
- Манайхан хүүхдэд буруу заачихаад юу ч сурахгүй, мэдэхгүй байна гэж зэмлээд байна. Нэгдүгээр алдаа, Эгшиг, үсэг хоёрын дуудлага, нэр хоёр нь тохирдог. А гэж дуудаг, А гэж нэрлэдэг юм нь. Жишээ нь Х үсгийн нэр нь Х. Харин үгийн төгсгөлд л дуудаж байж зөв дуудагдана. Манайхан Х үсгээ шууд энэ бол Х гэж заадаг. Тэгэхээр сурагчид ХАР гэдэг үгийг уншихдаа ХЭАР гэж уншдаг. Арга үгүй шүү дээ Х гээд шууд заачихсан юм чинь хүүхэд тэгж уншихаас өөр яахав дээ.
Гийгүүлэгч үсгийг зөв дуудья гэвэл дандаа үгийн төгсгөлд дуудна. Харин заахдаа дандаа үеэр заана. Х үсгийн нэр нь Х юм аа. Уншихдаа ХА, ХЭ, ХО гэж уншина шүү гэж зааж өгнө. Эгшиг ороогүй байхад гийгүүлэгчийн нэр нь Х байх нь ээ дээ. Энэ ялгаагаа хүүхдүүдэд сайн хэлж өгөөгүй байж хүүхдийг удаан уншлаа гэж загнадаг.
Хэрвээ зөв хэлье гэвэл АХ, ЭХ, ОХ гэж байж Х үсэг зөв дуудагдана. Буруу зааснаас болоод хүүхэд удаан уншаад байгаа юм. Үгийн нэр, авианы дуудлага хоёрыг ижил юм шиг заадаг. Үсэг, авиа хоёр чинь ондоо хоёр юм.
Хоёрдугаар алдаа нь Цагаан толгой зааж байхдаа зөв бичиж, сургах анхны дэвсгэр ухагдахууныг хамт зааж байх ёстой. Энийг гийгүүлэгч гэнэ. Үүнийг эгшиг гэж. Яагаад гийгүүлэгч гэдэг юм. Яагаад гийгүүлэгч гэж байгаа гэдгийг өөрсдийнх нь хэмжээнд тааруулж ойлгуулах хэрэгтэй.
Эгшиг дуунаас бүтдэг, гийгүүлэгч анираас бүтээд байгаа гэж хэлэх нь зөв. Анир, дуу хоёр гэж өөр зүйлүүд байдаг гэдгийг хүүхдүүд мэдэж аваг л дээ. Бүүр болохгүй бол тэр булангаар нэг хүн цаашаа явчихлаа. Та нар нэрийг нь мэдэхгүй юм чинь дууд гэнэ. Ааа, эээ гэхээр тэр хүн эргэж харна аа даа. Учир нь дуу тэр хүний чихэнд сонсогдож байгаа болохоор эргэж харж байгаа юм. Ссс гээд орилвол тэр хүн яагаад ч эргэж харахгүй.
-Зөв бичгийн дүрмийг хичээлээс хасчихсан юм уу?
-Зөв бичгийн дүрмийг хасчихсан байж зөв бичиж сур гээд байгаа юм. Энэ дүрмийг хассанд би үнэхээр гомдож явдаг.
-Журамласан 700 үг байгаа. Мөн сурах бичгүүд дээр бүжин гэдэг үгийг “Бөжин” , Цээж гэх үгийг “Чээж” гээд бичсэн?
- Утгаа алдсан. Би хүртэл сольсон үгээр нь биш хуучнаараа бичиж алдаад байна. Заах аргаа сайжруулах хэрэгтэй байгаа юм. Буруу заасанаас болоод хүүхдүүд их удаан уншиж байгаа. Хоёрдугаарт, эгшиг, гийгүүлэгчийн ангилалыг мэдэж байж зөв бичгийн дүрмийг сурдаг. Ер нь зөв бичнэ гэдэг чинь эгшиг, гийгүүлэгч хоёрын шүтэн барилдуулахыг л хэлдэг юм.
Үг юунаас бүтдэг юм эгшиг, гийгүүлэгч хоёроос л бүтнэ. Х гээд бичихлээ одоо Эгшиг байж заавал үе болно. Одоо үг болгоход юу дутаж байна. Дэм нь дутаад байгаа биз дээ. ХА+С=ХАС болж байна. Эгшгийг нь амь гийгүүлэгчийг нь дэм гэж ойлгуулах хэрэгтэй. Монголчууд мундаг ухаантай байсан байгаа юм. Гийгүүлэгч үсэг гэж яагаад нэрлэсэн бэ? Гэгээрүүлнэ, гийгүүлнэ гэсэн утга биш. Дэмжинэ тусална гэсэн утгыг агуулдаг. Бид нар хүүхдүүдээ загнахдаа “Чи юугаар гийгүүлсэн гэж дүүгээ загнаад байгаа юм” гэдэг дээ. Гийгүүлчихээд гэдэг нь тусалчихаад гэсэн үг байхгүй юу. Тэгвэл энэ аминд дэм хэрэгтэй. Үг амилна гэдэг чинь утгачилна гэсэн үг. А эгшиг нь тусдаа М гийгүүлэгч нь тусдаа байхаар утга алга. Харин нийлээд АМ болохоор утга ороод амилж байна аа даа. Ингэж заахгүй байгаагаас их алдаж байгаа юм. Заах аргын талаар яриад байвал цаашаа их юм бий.
-Журамласан үгийг одоо яах уу?
-Ц.Дамдинсүрэнгийн дүрэмд гар хүрэхээ больё гэж ярилцсан байгаа. Одоо монгол хэлний хуулийн дагуу гарах толь бичигт тайлбар хийх хэрэгтэй. Яагаад ингэж бичив гэдгээ тайлбарласан байвал сайн. Жишээ нь уламжлалаар бичив үү, үг зүй баримталж бичсэн үү гэж. Эмхэтгэх, цомхотгох, гэдэг үгийг “с, х, т”-гийн дүрмээр бичнэ гээд болиулчихсан. Гэтэл -тго, -тга гэсэн бүтэцтэй дагавар байна гэж чи боддог “даатга” гэж бичихэд язгуур нь –да, үүндээр –“га” гэж болохгүй. Суутга гэхээр –су язгуур нь, -сууг гэж залгаж болохгүй ш дээ. Хэвийн –“га, гэ”, -“лга”, -“лгэ” гэдгээс гадна –тга, тго, тгэ гэсэн бүтэц байна. Үүнийг үгүйсгэснээс болоод эмхэтгэх, цомхотгох гэдэг дээр дүрэм өөрчлөөд байгаа юм.
400 мянган язгуур үг бий. Б.Ренчин гуай 100 мянга гаруй байна гэсэн юм. Санжаа багш язгуур үгийг 3 сая шахуу байна гэж байна лээ. Үүн дээр чинь 400 гаруй дагавар, нөхцөл залгаж байж хэл яриа үүсч байгаа юм. Тэгэхээр үүнийгээ хөгжүүлэхээр бид нар 160 сая үгээр ярьж, бичиж байгаа. Хүүхдүүд яаж цээжлэх вэ? Иймд дүрмийн л заагаад өгөх хэрэгтэй. Ердөө дөрвөн дүрэмд багтчихна. Их хураангуйлж, ерөнхийлвөл ганцхан дүрэмтэй. Энэ нь балархай эгшгийн дүрэм. Балархай эгшгийг жийрэглэнэ, жийрэглэхгүй, балархай эгшгийн оронд “-ь” зөөлний тэмдэг “-и” болно.
-Бага ангийн сурах бичгүүдэд хэлц үг их ховор оржээ. Зургаан настай сууж байгаа болохоор хассан юм болов уу?
-Зүйр цэцэн үгийг ганц, хоёр оруулсан байна лээ. Цэцэн үг нь утга бага шилждэг. Цэцэн үг бол юмыг гайхалтай сайхан онож хэлсэн байдаг юм. Зүйр үг, хэлц үг, өвөрмөц хэлц болоод ирэхээр утга нь нууцлагдаад ирдэг. Оньсого хүүхдийн оюун ухааныг тэлдэг гайхамшигтай зүйл.
Махан тулгатай, модон тогоотой тэр юу вэ? энэ оньсогийг монгол хүүхэд л таадаг юм даа. /хулаар айраг уух/.
Бага ангид хүүхдийн суурь тавигддаг. Нэгдүгээр ангидаа цагаан толгойгоо үзээд уншиж, бичих анхны дөртэй болно. Үүнийхээ дараагаар унших чадвараараа дамжуулж ном уншдаг болно. Уран зохиолыг сонирхож эхэлнэ. Ном уншаад ирэхээр үгийг яаж зөв бичдэг вэ? гэдгийг харааны ойд нь тогтчихсон байдаг. Сурах бичигт сонгон оруулж байгаа эхийн сонголт их тааруу байгаагаас алдаа их гараад байгаа юм.
Монгол хэл, унших бичгийн хичээлээр заавал хүүхэд шинэ үгийн утгыг тайлбарлаж, хэл ярианд нь оруулан үгийн баялагийн сайжруулж байх хэрэгтэй л дээ. Өнөөдөр манай монгол хүүхдүүдийн үгийн сан маш их ядуу болсон. Тийм болохоороо өөрийн санаагаа үгээр илэрхийлж, ярьж, бичиж чадахаа байсан. Хэдхэн цөөхөн үгийн хүрээнд эргэлддэг болчихсон. Энэ чигээрээ явбал цаашдаа бид үггүй болж дохио зангаагаар харилцдаг болох аюул нүүрлээд байна. Хүүхэд сайхан ярьж чадахаа байсан нь үгийн баялаг дутсантай холбоотой. Тэгэхээр монгол хэлний хичээлийн чухал зүйлийг орхигдуулж болохгүй. Тухайлбал, ойролцоо утгатай үгийг ялган бичих аргыг хүүхдэд эзэмшүүлж сургах нь чухал. "Цас" яаж ордог уу. Цас сайвсан орох, Цас шуурч орох, Цас малгайлан орох зэргээр маш олон ойролцоо утгатай үйл үгнүүдийг оруулж үгийн сангийн баяжуулахад анхаарах хэрэгтэй.
-Үүнийг бага ангийн сурах бичигт оруулсан уу?
-Нэгдүгээр ангиас дөрөвдүгээр ангийн монгол хэлний сурах бичигт энэ насны хүүхдүүдийн мэдэхгүй үгийн утгыг тайлбарласан зүйл бараг байхгүй.
-Сурах бичгүүдийг ажиглахад нэг эх эсвэл оньсого бичсэн. Түүнийгээ ихэвчлэн дуурайж бич гэсэн даалгавартай байна?
-Дуурайж бичих ажлыг бага насны хүүхдүүд хийж чадахгүй. Ахлах ангидаа бол дуурайж бичих шаардлага тавьж болно. Бага ангийн сурагчдаар эх зохиолгоод багш нь найруулга, үг сонголт ямар байна, алдааг нь хэлж өгөх хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр ингэж ажилладаг арга зүйтэй багш ховордсон. Зөвхөн сурах бичигт юу заахыг оруулж өгсөн байна тэрийгээ л заадаг болсон. Д.Нацагдоржийн "Цагаан сар хар нулимс", "Хоёр цагаан юм"-ыг уншаагүй хүүхдүүд оюутан болж байна.
Бага ангийн сурагчдын үгийн баялагийг нэмэгдүүлж, ном унших дур сонирхолтой болгохын төлөө БСШУЯ юу хийж байна. Алдаатай сурах бичгүүд, үгийн яруу сайхныг мэдрүүлсэн ЭХ, СЭДЭВ сурах бичигт огт алга. Өөрөөр хэлбэл, агуулга том, хүүхдэд үлдэцгүй эх, сэдэвтэй сурах бичгээр дүүрсэн гэхэд буруутахгүй нь ээ.
Үргэлжлэл бий...
Холбоотой мэдээ: Бага ангийн боловсрол /цуврал-1/ - Иргэний боловсрол хичээл Уран зохиолын хичээлийг орлож чадах уу
Зочин · 2016/04/01
ХОТЫН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ЦЭНДСҮРЭН ГЭГЧ БААХАН НОМ СУРГУУЛЬД ШАХДАГ БӨГӨӨД БАГШ НАРЫГ ЗАРУ ӨГӨХГҮЙ БОЛ ДАРАМТАЛДАГ
Зочин · 2016/04/01
Tseej gej bichih yostoi sh de.heregleen deere zarim ugsiig suurilah yostoi.bolovsrol buruu yavad bga.
Зочин · 2016/04/01
ene yuy bolj baina muunii buruu yu