АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбайн өнгө үзэмжийг дээшлүүлэх, гэрэлтүүлгийн болон троллейбусны шон, багануудын ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор нэр бүхий 13 гудамж талбайн төв зам дагуух гэрэлтүүлгийн болон троллейбусны шонгууд дээр тогтоосон бүх төрлийн кабелиудын хариуцагч эздийг 04 сарын 08-ныг хүртэл тогтоон, заасан хугацаанаас хойш эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, ашиглагдахгүй байгаа кабелиудыг тасдан, буулгах юм.

Tиймээс кабель эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд энэ сарын 05-ны дотор нийслэлийн Мэдээллийн технологийн газарт өөрсдийн эзэмшлийн кабелийн урт, тэмдэглэгээний мэдээллийг харгалзах гудамжны нэрийн ард бичиж албан бичгээр ирүүлнэ үү. Цаг хэмнэх үүднээс aлбан бичгээ [email protected] имэйл рүү урьдчилан явуулна уу.

Дээрх хугацаанд мэдээллээ ирүүлээгүйгээс кабель шугам буулгахтай холбогдон гарах хохирлыг кабель эзэмшигчид өөрсдөө хариуцах болохыг мэдэгдье.

Мөн энэ сарын 15-ны дотор нийслэлийн Мэдээллийн технологийн газарт агаараар татсан кабелиа цэгцэлсэн мэдээлэл болон зураглалаа ирүүлнэ үү.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 724 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэл Улаанбаатар хотын гудамж талбайн гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээний журам”-ын 4.1.14 дахь заалтаар Гэрэлтүүлгийн шон дээр Холбоо мэдээллийн болон зориулалтын бус бусад шугам сүлжээ, рекламын самбар зэргийг байрлуулахыг хориглосон байдаг гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Холбоо барих утас: 80045888 /Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн Р.Отгонбаяр/