Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийн нэрсийг хүлээлгэн өгөхөд 10 гаруй хоног үлдэв. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 20 гэхэд намынхаа тийзийг халааслана.

 

Тиймдээ ч намын дарга, генсекүүдийн үүдийг сахигчид яг л цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхээр дугаарладаг шиг олноороо бужигналдах болж. Аанай л үүдийг нь сахиж хонохгүй юм. Одоогоор аль тойрогт хэн хэн нэр дэвших нь урьдчилсан таамаглал төдий яригдаж буй. Тухайлбал, нэгдүгээр тойрог буюу Архангай.

 

Арын сайхан хангайг усалж тордон өөрийгөө сойчих санаатай олон хүн бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва. Намын даалгавараар мань хүн давхар Сонгинохайрхан дүүргийг ч усалдаг. Эл дүүргээс гурвантаа сонгогдсон тэрбээр төрсөн нутаг руугаа буйр сэлгэх магадлал өндөр буй. Гэхдээ усалж тордсон газраа хөсөр хаяад явахгүй. Оронд нь өөрийн гарын шавиа үлдээнэ гэх мэдээлэл бий.

 

Тэр нь Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т.Дуламдорж. Эрхэм гишүүний туслах, зөвлөхөөр ажиллаж байсан түүнийг их улс төр рүү гүн гүнзгий оруулахаар зэхсэн нь энэ. Харин мань хүн өөрөө төрж, өссөн нутгаа бараадах санаатай байгаа аж. Нутгийнхан нь түүнийг дэмжиж ажиллахаа мэр сэр илэрхийлсэн гэж байгаа. Ямартай ч тэр Архангайд горилогчдод хатуу самар байх нь гарцаагүй. Түүнтэй хамт Н.Удвал горилж мэдэх юм. Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан тэрбээр өмнөх сонгуулиар Архангайд нэр дэвшсэн ч босго даваагүй. Гэхдээ дахин үзнэ хэмээн тойрон хүрээлэгчиддээ хэлж байсан гэлцдэг. Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл үзээд алдсан түүнд дахин өрсөлдөж эцсийг нь үзчихэд буруудаад байх зүйлгүй.

 

Цэнхэр булангийнхан энэ удаад амжилт үзүүлнэ гэхэд эргэлзээтэй. Тавантолгойг таллахдаа хэн хэнийгээ гомдоож, хэрүүл маргаан нь ил цагаан болоод байгаа. АН-ынхны хөшиг гэнэт нээгдэж хуйвалдаан нь ил гарсан тул олон нийт тийм ч таатай хүлээн авахгүй л болов уу. Өөрөөр хэлбэл, АН-ыг сонгосон ард түмний итгэл сохор байсныг тэд ойрын өдрүүдийн үйл явдлаараа гэрчлэх болсон гэхэд хилсдэхгүй. Иймээс шонхоруудаа тулаанд нисгээд ч амжилт олно гэхэд эргэлзээтэй. Уг нь энэ тойргийг УИХ-д Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор нар төлөөлж суугаа.

 

“Фортуна” Батбаяр энэ бүрэн эрхийн хугацаанд бондын хөрөнгийг зах замбараагүй зарцуулахад мутраа хайрласан “гэмтэй”. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхаас нь Монгол Улсын өрийн тоолуур хурдацтай гүйж эхэлсэн гэх бараан мэдээллүүд хөвөрнө. Цаашлаад Төрийн ордонд халамцуу ирдэг гээд сайн гэхээсээ саар мэдээлэл чамгүй. Иймээс энэ удаа тэрбээр тойрог бараадахгүй болов уу. Харин хүч түрэмгий байдлаа “ашиглаж” жагсаалтын дээгүүр жаалах боломж түүнд бий.

 

Сангийн сайд Б.Болорын хувьд харин тойрог руу “хөөгдөх” вий. Залуу хүн, дээр нь өмнөх сайдын алдаа мадгийг арилгах гэж зүдэрч яваа гэх өмнөтгөл зүүчихвэл өрөвдөж хайрлахдаа гарамгай монголчууд дэмжээд л өгнө. Сонгогчдын өр зөөлөн сэтгэлийг оновчтой ашиглаж чадвал Н.Энхбаяраас олон лайк цуглуулж мэднэ шүү. Түүнтэй дөрөө харших хүнээр Р.Гончигдоржийг нэрлэж байсан ч мань эр Цэцийг овоо хараандаа авчихаад байгаа. Иймээс энэ асуудал эцэслэгдтэл тэр нэр дэвших тухай санахгүй биз.

 

Сүүлийн үед цэнхэр өнгөнд ээлтэй болоод байгаа эл тойргийг улаалгахад амаргүй байх нь гарцаагүй. Иймээс МАН хүчтэй нэр дэвшигчдээ энэ тойрогт илгээлтийн эздээр явуулна гэх мэдээлэл бий. Тэдний нэг нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нэрлэгддэг. Яруу найрагч залуугийн хувьд МАН-ын гал тогоог хариуцаж байгаа тул жагсаалтад дээгүүр эрэмбэлэгдэх биз. Тиймээс намын даалгавраар тийш зүглэ­дэггүй л юм бол сонгуулийн үеэр голомтоо орхиод гүйхгүй л болов уу. Харин түүний оронд Т.Бадамжунай явж мэднэ гэх таамаглал улс төрийн хүрээнд бий. Гэхдээ түүний хувьд тийм ч баталгаатай хувилбар байж чадахгүй. Нөгөөтэйгүүр, улаан өнгө тусаана гэхэд ч эргэлзээтэй.

 

Намаас тийз олгож мэдэх ч бооцоогоо авахад хүнд. Ё.Баатарбилэгийн тухайд ч ялгаагүй. Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан тэрбээр өмнөх сонгуулиар өрсөлдсөн ч өвдөг шороодсон. Удаа ч үгүй авлигын хэргээр АТГ-т шалгагдаж байв. Иймээс нөгөө тал нь энэ бүхнийг өгөөш болгож ашиглах магадлалтай. Тиймээс нэр цэвэр эрхэм нь НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн. Өмнөх сонгуулиар нэр дэвшихээр зэхэж байсан ч өрсөлдөөгүй. Иймээс хурааж, хуримтлуулсан боломжоо ашиглах таатай боломж энэ удаад олдож байж мэднэ. Өөрөөр хэлбэл, цэнхэрийг улаалгах, үгүй ядаж алаглуулах шаанс түүнд байх магадлалтай.

 

Л.Нинжсэмжид