Увс аймагт дулаарч, цас хайлаад, аймгийн төв хэсгээр нэлээд устай байгаа юм байна. Гэтэл “Гудамж” төслийн зам талбайд ус зайлуулах хоолой хийгээгүйгээс болоод явган хүн тэр ч бүү хэл машин явахад ч бэрх байдалтай болсон байна.

Уг нь аймгийн Засаг даргын тамгын газрынхан үүнийг ОУ-ын стандартад нийцсэн авта зам болсон хэмээн хэвлэлээр ярьдаг ажээ. Гэтэл одоогийн байдлаар, замын хажуугаар шуудайтай шороо тавьж, айлын хашаа, албан байгууллагын дундуур сэтлэж, нүх гарган ус зайлуулж байгаа аж. ОУ-ын стандартын зам уг нь ийм байдаггүй баймаар юм.

АН-ынхан уг гудамж төслийг хэрэгжүүлж, улсын төсвөөс нэлээд хөрөнгө зарсан байгаа. Тэд хүн бүхний нүдэнд харагдаж байгаа хамгийн зөв нүдээ олсон ажил гэж ярьдаг. Угаас авто зам манай улсад хамгийн тулгамдсан асуудал байсан нь үнэн. Үүнийг хийж, хэрэгжүүлж буй нь ч зөв. Гэхдээ тэд танил тал, өөрсдийн компанидаа тендэр өгч, замын ажил мэдэхгүй, чанаргүй хийдэг компаниар зам тавиулж, үр дүнгийн алдаа гаргааад байгаа нь харамсалтай байна. Ус тогтсоноос болоод зам амархан эвдэрнэ. Үүнийг дахин засч, янзлахад иргэдийн татварын мөнгийг л үрнэ. Өөрөөр хэлбэл нэг эмнэлэг, цэцэрлэг эсвэл сургууль барьчих мөнгө ийм байдлаар урсаж алга болсоор байгаа юм.

“Гудамж төсөл” зөвхөн нийслэл хот төдийгүй бүх аймгуудаар хэрэгжиж байгаа юм байна.

Уг төслийг хөдөө орон нутагт ажил хэрэг болгох анхны аймаг бол Увс байжээ.

Ингээд "Гудамж" төслөөс Увс аймагт нийтдээ 11.15 км авто зам, 10 уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдсэн байна. Тодруулбал авто зам, замын уулзварууд уулзваруудын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, худалдааны гудамжны 2.1 км зам, Шинэ дулааны станцын арын 500 м, Галданцэрэн хааны гудамжны 500 м авто замын ажлууд зэрэг байдлаар шинэчилсэн аж.

Аймгийн төвүүдийн авто зам, дэд бүтцийг анхнаас нь зөв төлөвлөлттэй хөгжүүлэх нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн орчныг сайжруулаад зогсохгүй нийслэлийн төвлөрлийг сааруулах гол хөшүүрэг гэж үзэж, ийнхүү хөдөө орон нутгийн аймгуудад “Гудамж” төслийг хэрэгжүүлж буй юм байна.

Гэхдээ дээрх байдлаар ус зайлуулах хоолойг ч тооцолгүйгээр хийгээд байвал иргэдэд хэрэг болох байтугай гай болж байгаа нь энэ. Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн та ОУ-ын стандартын зам талбайгаа одоо нэг эргэн харах хэрэгтэй байх. Ардчилсан намын нөхдөө танай намаас гарч, Увсыг удирдаж буй Засаг дарга чинь “Гудамж” төслийг ийм байдлаар хийж, хэрэгжүүлжээ. Сонгуулийн оноо авахын тулд нүглийн нүдийг гурилаар хуурдаг энэ мэт үйлдлээ улстөрчид больвол таарна.

Н.Ганаа