Нийгмийн даатгалын ажилчид арилжааны банкуудтай хуйвалдан нас барсан хүмүүсийн нэр дээр тэтгэврийн зээл авдаг байсан хэрэг илэрсэн хэмээн өнгөрсөн оны сүүлээр ЦЕГ- ас олон нийтэд мэдээллээд байсан. Уг мэдээллэл гарсны дараа С.Эрдэнэ сайд “ийм зүйл байхгүй байх боломжгүй” гэсэн утгатай ярилцлага энд, тэнд өгч хэргийн талаарх асуудал хоёр тал болж хуваагдаад намдсан байгаа.

Тэгвэл саяхан уг хэрэг үнэн болох нь батлагдаж, сүүлийн үед нэлээд баримтууд ил болоод байгаа юм байна. Угаас эл хэргийг цагдаагийнхан хоёр жилийн өмнөөс шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал нэгэн иргэн “Өдрийн сонин”-д яирлцлага өгөхдөө ингэж ярьжээ. “Нөхөр маань бурхан болоод хоёр жил болж байна. Гэтэл саяхан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “Ирж мэдүүлэг өг” хэмээн дуудлаа. Ингээд очтол Баянгол дүүргийн нийгмийн даатгал, халамжийн ажилтнуудтай холбоотой, их зузаан хавтаст хэрэг танилцуулсан. Тэд надад нас барсан хүний тэтгэврийг хууль бусаар завшдаг сүлжээ бүхий томоохон гэмт хэрэг шалгагдаж байгаа гэж тайлбарласан. Тэнд бараг 1000 хуудас шахам нийгмийн даатгал, халамжийнхантай холбоотой хавтаст хэрэг харагдлаа. Тэгэхээр надаас өөр олон хүний асуудал байгаа юм байна. Талийгаач маань 400 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Гэтэл таван сарын хугацаанд 350 гаруй мянган төгрөг авсан нь тогтоогдсон. Манай нөхрийн нэрээр нийтдээ хоёр сая гаруй төгрөг авсан нь нотлох баримтаар мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна лээ” гэж ярьжээ.

Үүнээс гадна уг хэргийн мөрдөн байцаалтын шатанд нас барсан 10 мянга гаруй иргэнийг амьд мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн, батлан даагчийн нэрийг сольж, мөнгийг нь авдаг байсан гэх мэдээлэл байгаа юм. Ингэхдээ талийгаачдыг өмнө нь зээлтэй байсан мэт болгож бичээд, эргүүлэн төлөх нэрийдлээр улсаас онц их хэмжээний мөнгө завшсан байгаа юм байна. Харин одоогоор 40 гаруй тэрбум төгрөгийг завшсан нь хэрэг илэрчээ. Тус хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-өөр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

Үүнээс гадна анхлан тэтгэвэрт гаргагчдыг өндөр цалин авч байснаар бичилт хийлгээд, авлигад нь тэднээс хэдэн сая төгрөг авч байдаг гэх мэдээлэл байна. Тодруулбал Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож байх үедээ нийтлэлч Баабар буюу Б.Батбаярын талаарх хуурамч материалыг дэлгэсэн. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ сайд бантсандаа Б.Баабарын булхиаг илчилсэн боловч үнэн хэрэгтээ ийм зүйл газар авсан гэнэ.

Яг дээрх шиг нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшсан хэрэг орон нутагт гарч шүүхээр шийдэгдэж байсан түүхтэй юм байна. Ар гэрийнхэн нь нас барсан ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд тэдний нэрийг улсын бүртгэлээс хасдаггүй бөгөөд харин ч арилжааны банктай хуйвалдан талийгаачдыг амьд мэтээр улсаас тэтгэврийг нь авсаар байгаа эл асуудлыг таслан зогсоохоор Цагдаагийнхан ажиллаж байгаа ч хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм. Магадгүй сонгуулийн үеэр сенсаацлахаар хадгалж байж ч болох юм. Эсвэл С.Эрдэнэ сайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн учраас эл хэргийг дарагдуулаад байна уу.

Н.Чимэг