Онцлох үйл явдал-7
2016/04/17
Өнгөрч буй долоо хоногийн үйл явдлын тоймыг уншигч авхай танд хүргэж байна.
Улс төр: Сонгууль болох жил жагсаал, цуглаан хийх нь ихэсдэг. Төлбөртэй, төлбөргүй гээд л улс төрийн жагсаал цөөнгүй болно. үүний нэг тод жишээ жагсаал өнгөрөгч долоо хоногт болсон юм.
“Монголоо аваръя” хөдөлгөөнөөс Майхантай суулт хэмээх сүржин нэртэй цуглаан зохион байгуулж, ижил өнгийн майхан эгнүүлэхдээ УИХ-ын дарга З.Энхболдыг эсэргүүцсэн билээ. Уг жагсаалыг МАН-ын зүгээс зохион байгуулж, ивээн тэтгэж хийлгэсэн байгаа юм. Хамгийн өрөвдөлтэй нь суулт зохион байгуулагчдын урдаа барьж буй гурван асуулт нь буюу эрх баригч намыг буруутгаж буй шалтгаан нь нэгдүгээрт “Өнөөдөр нэг Монгол хүнд хэдэн төгрөгийн өр ногдож байгаа вэ, Монголчууд нийтээрээ хэзээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ, Монголчууд хэзээ Монголдоо хүн шиг сайхан амьдрах вэ” гэсэн байгаа юм.
Дэлхийн эдийн засаг болон Хятадын эдийн засгийн хямралаас үүдээд монголд эдийн засгийн хямрал болж, иргэдийн ажлын байр хомсдож, ядууралтай байгааг тэнэг хүн ч мэдэж байгаа.
Харин хэзээ хэн яаж ямар арга замаар энэхүү хямралаас гаргаж, ядуурлыг даван туулж, эх орныхоо ирээдүйг гэрэлтүүлэх вэ гэдэг л бидэнд сонин байна. Эсвэл МАН-ынханд амлах, хэлэх зүйл байхгүй болохоор энэ мэт өчүүхэн зүйлээр эсрэг намаа харлуулахаас өөрийг чадахгүй байгаа биз ээ. Өнгөрсөн дөрвөн жилд ч мөн МАН хийсэн болгоныг харлуулж, хэлсэн бүхнийг нь эсэргүүцэхээс өөрийг гийгүүлээгүй. Ирэх сонгуульд гарвал яг ийм байдлаар байх нь байна. АН-ыг эсэргүүцэж буй жагсаал цуглааныг МАН зохион байгуулдаг гэдгийг иргэд сонгогчид хатуу анхаарчих хэрэгтэй байна шүү.
Басхүү нэг өдрийн хагаст нэлээдгүй дуулианыг дэгдээсэн үйл явдал болсон нь "Х.Баттулгагийн хоёр компанийг шалгасан хэрэг" байв.
Тодруулбал, түүний Баялгийн хувь ХХК, Түмэнхишигтэн ХХК-ны санхүүгийн шалгалт хийх хэрэгцээ шаардлага гарч тусгайгийн прокурорын зөвшөөрөлтэй, хөндлөнгийн гэрчтэйгээр нэгжлэг явуулсан юм. Энэхүү үйл ажиллагааа эхлэх үеэр Х.Баттулгын туслах "Даргын албан өрөнд дайран орж ирж шалгалт хийж байна. Түүнийг баривчлах юм шиг байна" хэмээн хэвлэлийнхэнд мэдээлэл өгснөөр олон нийтийн анхаарлыг ихэд татаж улс төрчдөөс эхлээд спортынхон хүртэл очиж Баянгол зочид буудалд оффис рүү нь орохыг оролдсон ч тэднийг дотогш нэвтрүүлээгүй юм. Хотын даргаас авахуулаад Д.Дагвадорж аварга, Н.Түвшинбаяр, Херогийн Баатар, Б.Гарамгайбаатар, Г.Уянга, М.Зоригт мөн иргэдийн төлөөлөл хүртэл очсон. ЦЕГ-аас баривчилгаа явагдахгүй хэмээн мэдэгдсний эцэст дуулиан намжсан.
Энэ үйл явдлын Женкогийн улаан хамгаалагчид -аас нийтлэлээс уншаарай.
Нийгэм: Эрүүл мэндийн салбарт онц байдал зарлаач Ерөнхий сайд аа!!!
Хоёр хүүхэд дундаа нэг амьсгалын аппараттай байна Ерөнхийлөгч өө!!!
Улаанбурхан өвчнөөр 59 хүүхэд нас баржээ
Улаанбурхан өвчнөөр бяцхан үрсээ алдаж байхад улс төрчид хэрүүлийн алимаа хувааж идээд л сууж байх юм. Өчигдөр чуулганаар уг асуудлыг авч хэлэлцсэн ч онц байдал зарласангүй. Шоронгийн шалан дээр эхийн цагаан сүү дусалж байна хэмээн ширүүхэн тэмцэлд уриалсан Г.Уянга зэрэг эмэгтэй гишүүд дуугүй л сууна. Харин Улс төрд нэр дэвших гэж буй иргэн М.Нарантуяа ХӨСҮТ дээр өөрийн биеэр очиж хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй уулзаж, ямар байгааг газар дээр нь үзээд төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад албан хүсэлтийг өгсөн юм.
УИХ-ын хаврын чуулганаар буюу өчигдөр улс төрчид "Эндсэн хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд, 50,8 хувь нь лабораторийн шинжилгээгээр онош нь батлагдсан, нийт эндсэн хүүхдүүдийн 70 хувь нь архаг, суурь, хавсарсан өвчтэй, тухайлбал, тураал, цус багадалт, архит, диатез, төрөлхийн дархалаа дутагдал, уруул тагнай нь сэтэрхий, уналт таталт, төрөлхийн гаж хөгжил, цусны хорт хавдар зэрэг архаг суурь өвчтэй байна. Эдгээрийн 96.8 хувь нь уушигны хатгаа, 3.2 хувь нь ларингитаар хүндэрсэн байна. Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбогдуулан Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яамнаас олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна" хэмээсэн илтгэлийг л сонсоод өнгөрөв. Тэднээс газар дээр нь очиж байдал хэрхэн хүндрээд байгааг мэдэх чин хүсэлтэй хүн гарч ирсэнгүй. Басхүү амьсгалын аппаратын дутагдалд ороод байгааг шийдэх арга хэмжээ авсангүй ээ. Тэднийг тоо баримт сонсож суух хооронд их аварга Д.Дагвадорж "Япон улс руу амьсгалын аппарат, бас бус хэрэгтэй зүйлсийг захисан сэтгэлээрээ туслах болно оо" хэмээн жиргэж олны хайр хүндлэлийг хүлээгээд байна. Түүний захисан хэрэгтэй зүйлс удахгүй ирэх буй за.
Эдийн засаг: Бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн таван жилд “үсрэнгүй” нэмэгджээ
Та таван жилийн өмнө нэг удаагийн ууттай кофег 150 төгрөг, бэлэн хоол 850 төгрөг, үхрийн махаа 4700 төгрөгөөр худалдан авдаг байсан гэдэгт итгэх үү. Бараг л худлаа байлгүй дээ гэх байх нийслэлийн Статистикийн газрын цахим хуудсаар хэдэн оны хэдэн сард гол нэрийн бараа бүтээгдэхүүн хаана хэдэн төгрөгөөр зарагдаж байсныг харах боломжтой.
“Атар талх” 2011 онд 650 төгрөгөөр зарагдаж байсан бол өнөөдөр 1200 төгрөгөөр худалдаалж
Бараа бүтээгдэхүүний үнэ таван жилийн хугацаанд хэрхэн “үсрэнгүй” өссөнийг та бүхэнд танилцуулж байна. Шатахууны үнэ нэмэгдэх болгонд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ даган өсдөг. Ялангуяа 2013-2014 онд бүх төрлийн бараа бүтээгдэхүүн дунджаар 700 төгрөгөөр өссөн байгаа юм. Жишээлбэл, “Алтан тариа” дээд гурил 2011 онд 900, 2012 онд 930, 2013 онд 950, 2014 онд 1100, 2015 онд 1200, 2016 онд 1300 төгрөг хүртлээ нэмэгдсэн байна.
Харин дээрх таван жилийн хугацаанд элсэн чихрийн үнэ хамгийн тогтвортой байсан бөгөөд 1600 төгрөгөөс 1900 төгрөг хүртэл нэмэгджээ. Харин “Сүү” ХК-ийн нэг литр сүү 700 төгрөгөөс 2200 төгрөг хүртлээ “үсрэнгүй” 1500 төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм.
Гэвч дээрх бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа ард иргэдийн цалин хангамж, яг л 2011 оныхтойгоо ижил төвшинд байна. Өнгөрсөн онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж дундаж цалин нь 630 мянган төгрөг болсноос өөр үзүүлэлт алга. Төрийн албан хаагчдаас гадна хувийн аж ахуйн нэгжүүдийн цалин нэмэгдсэн зүйл ч амьдралд байхгүй байгааг захын хүнээс асуухад хэлээд өгнө. Бараа бүтээгдэхүүний үнэ шатахууны үнээс болж нэмэгдсэн юм бол одоо шатахууны үнэ буурлаа. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах нь зүй ёсны юм шиг санагдах юм.
Ялангуяа 2013-2014 онд бүх төрлийн бараа бүтээгдэхүүн дунджаар 700 төгрөгөөр өссөн байгаа юм.
Дээрх иргэний орлого, зарлагын дэвтрээс харахад манай улсад тухайн нэг бараа бүтээгдэхүүний үнэ хуй салхи шиг өдөр, сар, жилээр өсдөг байна. Гэтэл саяхан Японы зайрмагны компани 25 жилийн турш анх удаа Гаригари-кун зайрмагаа 60 иенээс 70 иен болгож байгаа даа толгойн бөхийн албан ёсоор уучлал гуйсан юм. Гэтэл манай улсын хувьд нэг л өглөө босоод ирэхэд талх, сүү, махны үнэ өсөхөд хэн ч ямар ч тайлбар өгдөггүй.
Голлох нэрийн барааны үнээ хэрхэн тогтвортой барих талаар төр засгаас ч анхаар ч байгаа зүйл огт алга. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байдаг авдаг цалин маань нэмэгдэхгүй байна шүү дээ.
Спорт: Монголын шатарчид багийн дүнгээр тэргүүлэв
Өсвөрийн шатарчдын Азийн аваргын блиц, рапид болон сонгодог гэсэн гурван төрлийн тэмцээнээс нийт 126 медальтнууд төрснөөс Монгол Улсын баг тамирчид 54 медалийг хүртсэн амжилтаар тивийн 18 орноос тэргүүлэв.
Монгол улсад анх удаа амжилттай зохион байгуулагдсан тус тэмцээнд БНХАУ, Энэтхэг, Узбекстан, Австрали, Шинэ Зеланд, АНЭУ, Вьетнам, Иемен, Индонези, Иран, БНСУ, Монгол зэрэг 18 улсын 470 гаруй өсвөрийн шилдэг шатарчид 6, 8, 10, 12, 14, 16, 18 хүртэлх насны ангилалд блиц (түргэн), рапид (түргэвчилсэн) болон сонгодог төрлүүдэд өрсөлдлөө.
Тэмцээний сүүлийн өдөр буюу энэ сарын 14-нд сонгодог төрлийн дүн гарч аваргууд тодорсон юм. Энэхүү төрөлд Иран улс 4 алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол 3 алт, 9 мөнгө, 6 хүрэл, Энэтхэг 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтайгаар удаах байруудад орлоо. Узбекистан, Вьетнам 2 алт, Киргизстан, Казахстан, БНСУ-ын багаас тус бүр 1 мөнгөн медаль хүртсэн бол БНХАУ-ын баг тамирчид 2 хүрэл медаль авсан байна.
Энэ удаагийн тэмцээнд 6 хүртэлх насны ангиллыг Монголын шатрын холбооны саналаар оруулсан бөгөөд хөвгүүдээс Узбекистаны Бегмуратов Хумоюн, Монголын Г.Энх-Уянга нар тивийн анхны аварга цолыг хүртлээ.
Өсвөрийн шатарчдын тивийн аваргын үеэр шатрын спортын нэгэн төрөл бодлого бодолтын тэмцээнд 10 орны 10-14 насны 87 бодогч 6 даалгаврыг 90 минутын хугацаанд гүйцэтгэснээс Узбекистаны Якубоев Нодирбек түрүүлж, Энэтхэгийн Харшавардан, Монголын С.Чингүүн нар мөнгө, хүрэл медалийг авсан юм.
Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа
Зочин · 2016/04/17
Ардчилсан намын зарим нөхөд болимоор юм намын нэр баастаад та нар ийм бохир ажил хийгээд бвал хэн манай намд итгэх үү