Улаанбаатарт бөх байдаггүйтэй адил депутат бас байдаггүй
2016/04/19
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн бариад байгаа. Үүний гол утга нь УИХ-д нийслэлээс сонгогдох нэр дэвшигчдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэгджээ.
Үүнийг буруу, зөв гэж хаа сайгүй шүүмжилж байгаа. Хууль санаачлагчийн зүгээс “Нийслэлийн сонгогчдын тоо өмнөх сонгуулийнхтай харьцуулбал ихэд өссөн, хот хөдөөнөөс сонгогдож байгаа УИХ-ын гишүүдийн иргэдийг төлөөлөх мандат, сонгогчдын тоо нь харьцангуй зөрүүтэй байгаа. Тиймээс нэрсийн жагсаалтаар сонгогдох мандатаас нийслэл рүү шилжүүлж болох, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж гишүүдийн тоог нэмэх замаар сонгогчдын төлөөллийг тэнцвэржүүлэх боломжтой гэж үзсэн. Энэ үзэл санааны дагуу намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа 28 мандатаас зургааг нь нийслэлийн зургаан тойрогт тус бүр нэг, нэг мандатаар нэмж оруулах замаар шийдвэрлэх боломжтой” хэмээн тайлбарладаг. УИХ-ын намрын чуулганаар баталсан Сонгуулийн тухай хуульд өмнө байсан “Ээлжит сонгууль эхлэхээс зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан байх ёстой” гэсэн заалтыг авсан болохоор энд хууль зөрчсөн ямар нэгэн асуудал байхгүй юм. 2003 онд УИХ-аар батлагдсан Монгол Улсын хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрт “Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт бий ч УИХ-аар батлагдсан хууль нь тогтоомжоосоо илүү хүчин чадалтай гэсэн тайлбарыг Ш.Түвдэндорж гишүүн өгч байсан.
Үнэндээ нийслэлд Монголын хүн амын тал орчим хувь нь амьдардаг. Худалдаа, эдийн засгийн эрэлтийн гол цөм нь Улаанбаатар бөгөөд манай урдаа барьдаг томхон үйлдвэрүүд ч энд төвлөрсөн. Сонгуулийн тухай хуульд УИХ, орон нутгийн сонгуулийг явуулахдаа хүн амын тоог харгалзаж тойрог, мандатын тоог тогтооно гэсэн заалт бий. Олон улсад ч энэ жишгийг мөрддөг. Энэ утгаараа нийслэлд УИХ-ын 76 гишүүнээс тал нь сонгогдсон ч болохгүй юмгүй. Магадгүй, хамгийн шударга хуваарилалт ч энэ байж мэднэ. Өнөөдрийн хүн амын төвлөрлийн хэмжээгээр тооцоод үзвэл нийслэлд нэг гишүүн 100 орчим мянга, орон нутагт 50 орчим мянган сонгогчийг төлөөлж байгаа. Хэрэв хотоос дэвших гишүүдийн тоог нэмбэл нийслэлийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах тэдний төлөө дуугарч, ажил хийх төлөөлөл нэмэгдэх юм. Энэ хэрээр хотын амьдрал дэгжиж дээшлэн, улс орны хөгжлийн хөшүүрэг болсон бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Улаанбаатарын нүүр царай бол улс орны өнгө төрх юм.
Монголчууд бидний хамгийн их нутаг усныхаа нэрийг дуудуулж, нутгархдаг зүйл бол үндэсний бөх. Тэр аймгийн тийм сумын харьяат гээд тод томруунаар нутаг усаа зарлаж ирээд л барилддаг. Захын жижиг сумаас хичнээн ч бөх төрсөн байдаг юм. Бүр аварга арслан цолтнууд нэг аймаг сумаас олноороо төрсөн байдаг. Харин хамгийн их хүн амтай Улаанбаатар хот нэг ч бөхгүй. Бүгд нийслэлд амьдардаг хэрнээ Улаанбаатар хотын харьяат гэж нэг ч бөх цоллуулдаггүй. Бөхийн дээд цолтнуудаас үзэхэд л Д.Сумъяабазар аварга Өвөрхангайнх гэдэг бол Б.Гантогтох гарьд Увсаараа цоллуулдаг. Уг нь дээрх хоёр бөх хоёулаа Улаанбаатарт төрсөн юм билээ. Энэ мэт бүх бөхчүүд аав, ээжийнхээ аймаг сумын нэрийг дуудуулдаг.
Яг үүнтэй адилхан Улаанбаатар өөрийн гэсэн депутатгүй. Хотоос сонгогдсон гишүүд нь мөн л нутаг усаа гэнэ. Д.Арвин гэхэд л нийслэлээс сонгогдсон мөртөө Хэнтий л гэдэг. Д.Ганхуяг гишүүн ч хотын сонгогчдыг төлөөлж гарсан хэрнээ Архангай гэхийг нь яана. Энэ мэт бүгд л нутаг усаа гэнэ.
Одоо улаанбаатарчууд унаган нутгийн депутаттай болмоор юм. Улаанбаатарын унаган хүүхдүүдээ УИХ-д гаргаж, өөрийн гэсэн өөриймсөг төлөөлөлтэй болохгүй бол хотын олон асуудал сумын улаан булан, угтах хаалганы цаанаас гарч ирэхгүй нь. Да хүрээний гаралтай хүмүүсээрээ депутат хийхгүй бол нийслэлчүүдийн төлөө гэсэн сэтгэлтэй, Улаанбаатарыг хотын дайтай хот болгочих чин хүсэлтэй хүмүүс гарахгүй. Өөх идээд ч өөриймсөхгүй хүмүүс улаанбаатарчуудыг төлөөлж хичнээн жил төрд суусны үр дүнг өнөөдөр бид харж л байна. Утаа, тоос шороо, хот төлөвлөлт, үнэр танар гээд түмэн асуудалд дарагдсан навсайсан хотод бид амьдарч байна. Бүгд хүнийрхүү, хичнээн жил ажиллаж амьдарч байж энэ хотыг олз, ашиг хонжооны талбар гэж хардаг. Намайг энд хүн танихгүй юм чинь яаж ч аашилж авирлаж болно гэж ойлгодог. Яг тэр бодлоороо өөртөө л ашигтай хувилбараар ажилладаг. Улаанбаатар бол том хот. Том хотын асуудал том байдаг. Харин хүнийрхүү сэтгэлтэй хүмүүс том асуудал биш өөрийнхөө жижиг эрх ашгийг өмнөө барьж зүтгэсээр иржээ. Ийм хүмүүс нутагтаа баатрын дүрээр очдог. Жижиг сумын асуудлыг том болгон хөөргөж, мянган хүнтэй сууринд хоёр мянган хүний суудалтай театр барьж өгөх нь энүүхэнд.
Байдал ийм л байгаа. Тэгэхээр хотоос сонгогдох гишүүдийн тоог олон болгох зайлшгүй хэрэгтэй юм. Тэр дундаа хотын төлөө сэтгэлтэй, Да хүрээний угшилтай депутатуудтай болмоор байна.
Зочин · 2016/04/19
Яг тийм шүү