Бид сүүлийн жилүүдэд утаанаас дутуугүй ой, мод устаж байгаа тухай ярих болсон. Энэ нь ч үнэн. Нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудал бол яах аргагүй утаа, ой модны асуудал болоод байна.

Манай улсын нутаг дэвсгэрийн найман хувийг ой эзэлдэг. Харин бид хэрэглээндээ жилд гурван сая гаруй шоометр мод ашигладаг. Хэрэглээний модны 60 орчим хувийг зөвхөн түлшинд зарцуулдаг аж. Тиймээс ойн нөөц багатай Монгол Улс мод, модон материалын импортыг дэмжих, гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэж хэмээн холбогдох албан тушаалтнууд онцолж байгаа юм.

Бид ой модоо хамгаалах үүднээс хулгайгаар мод бэлтгэх, самар жимс түүхийг хориглосон. Гэсэн хэдий ч хориглох тусам хулгайн мод бэлтгэл улам ихсэж,  мөн гал алдсанаас үүдэж ойн түймэр гарч, түймрээс үүдэн хуурайшилт ихэсч, улмаар ойн хортон шавьж өсч үржиж байгаа тухай холбогдох мэргэжилтнүүд хэлж, сануулж байна. Мөн дээрх зүйлүүд ой мод устахад нөлөөлж буй гол хүчин зүйл болдог гэнэ. Ийнхүү хүмүүс бид өөрсдийн гараар  ой модоо хөнөөгөөд байна.

Тоо баримтаас харвал, сүүлийн 3 жилийн байдлаар 570 удаа ой, хээрийн түймэр гарч, нийт 7,9 сая га талбай шатсан байдаг. Үүний 90 хувь нь хүний нөлөөнөөс үүдэлтэй, харин үлдсэн хувь нь байгалиас гаралтай гэж дүгнэсэн байна. Мөн ойн түймрээс болж ойн дагалт баялаг ч хомсдсоор байгаа юм. Тухайлбал, энэ жил гэхэд нийслэлийн ногоон бүсэд жимс ургаагүй байдаг.

Манай ойн сангийн нийт хэмжээ 18849 га талбай,  үүнээс 17610 га талбай нь ойн талбай бөгөөд үүнд байгалийн ой,  сөөг, таримал ой зэрэг ордог.  Гэтэл сүүлийн үед ойн талбай улам хомсдож ойн бус талбайн хэмжээ нэмэгдэж байгаа юм. Ойн  бус талбай гэдэг нь хадлан бэлчээр,  цагаан энгэр, элс, таг  царамыг нэрлэдэг юм байна.

Түүнчлэн мод бэлтгэх, самар жимс түүхийг хориглосон янз бүрийн арга хэмжээ авч байгаа нь ой модыг хамгаалахад  үр дүнтэй нөлөөлж чадахгүй байгаа юм. 

Гадаадын улс орнуудад ойг иргэдэд гэрээгээр эзэмжүүлэн ашиглуулж, түүний хүрээнд иргэд нөхөн сэргээлт хийж, хайрлан хамгаалдаг нийтлэг жишиг байдаг. Ингэснээрээ ойн нөөц ихсэхээс гадна эдийн засгийн хувьд ч ашигтай байдлыг авчирдаг нь улс орнуудын туршлагаар нотлогдсон байна. Ойн санг өмчлүүлсэнээр газрын үр шим нэмэгдэж, арчлан хамгаалах эзэнтэй болно. Энэ бол хамгийн чухал ач холбогдолтой хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байгаа юм.

Ихэнх улс орнуудад ойн сангийн 90 гаруй хувь нь төрийн мэдэлд байдаг. Гэтэл сүйтгэгдэж байгаа ойн ихэнх нь улсын өмчийнх байдаг гэнэ. Харин ард иргэд, хамтын нөхөрлөлийн өмчид байгаа ойн хорогдол маш бага байдаг нь судалгаагаар харагджээ.

Манай  улсын хувьд ойн санг эзэмшүүлэх тухай Засгийн газрын 2009.07.22-ны өдрийн 227-р тогтоолоор баталсан. Харин одоо ойн санг нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлэх журмыг хэрэгжүүлэх ажлыг тухайн орон нутгийн онцлог, хүн амын суурьшмал байдал, ойн сангийн байршил зэргийг харгалзан оновчтой арга хэлбэрээр зохион байгуулах асуудал чухал болоод байгаа аж. Мөн манайд ойн санг эзэмшүүлэх нөхцөл орон нутагт бүрдсэн, харин нийслэлд бүрдээгүй байна. Тиймээс бид үүнийг  хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө “Бидний ой” гэсэн үзлийг иргэдэд бий болгох хэрэгтэй гэнэ.

Ойрын 3-10 жилд Монгол Улсын 8 аймагт огт модны нөөцгүй болно гэсэн судалгаа гарсан аж. Дээр нь ойгоор баялаг Хэнтий, Хөвсгөл аймаг гэх мэтийн аймгуудад модны хулгай, модыг зүй бусаар ашиглах нь бол  улам бүр нэмэгдэж байгаа юм.

Б.Хорлоо