Н.Цогцолмаа: “Ажил олгогчид”-ын гуравдугаар чуулган ААН-дэд олон боломжийг нээж өгнө
2016/04/20
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 22-ны өдөр буюу Баасан гарагт “Ажил олгогчид”-ын гуравдугаар чуулганыг зохион байгуулна. Уг үйл ажиллагааны талаар нэгдсэн мэдээлэл өгөх үүднээс Сүхбаатар дүүргийн Худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цогцолмаагаас дараах тодруулгыг авлаа.
- Сүхбаатар дүүргээс энэ жил “Ажил олгогчид”-ын гуравдугаар чуулганыг зохион байгуулах юм байна. Тэгвэл өмнөх жилүүдийн чуулганы үндсэн зорилго нь ямар асуудлууд дээр тулгуурлаж байсан бэ?
- Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэмжээнд уг чуулганыг 3 гол сэдвийн хүрээнд явуулахаар зорьсон. Тухайлбал: 2014 онд “Баялаг бүтээгчдийн чуулган”, 2015 онд “Ирээдүйн баялаг бүтээгчид” чуулган, 2016 онд “Ажил олгогчдын чуулган” сэдвийн доор үе шаттайгаар зохион байгуулж, нийт баялаг бүтээгчид, хөдөлмөрийн зах зээл дээр бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа болон ирээдүйн баялаг бүтээгчдийгхамруулан идэвхтэй ажиллаж байна.
Эхний чуулганаар бид баялаг бүтээгчдээ урамшуулж, тэдэнтэй хамтран ажиллах зорилготой байсан. Ингэснээр баялаг бүтээгчид маань урам зориг орж, үйлдвэрэл үйлчилгээгээ өргөтгөх илүү тэмүүлэлтэй болсон. Ер нь баялаг бүтээгчид гэдэг бол өөрөө ажил олгогчид. Дараа нь бид “Ирээдүйн баялаг бүтээгчид” чуулганыг зохион байгуулахдаа залуусыг түлхүү хамруулах зорилго тавьсан. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл эрхлээд зах зээл дээр байр сууриа олчихсон биш, дөнгөж шинээр санаачлан, түүнийгээ ажил хэрэг болгохоор зүтгэж буй идэвхтэй залуусаа түлхүү хамруулсан. Тэр дундаа өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэдийг хамруулахад ихээхэн анхаарсан. Энэ нь эргээд ирээдүйн баялаг бүтээгчид болно. Чуулганаар дамжуулж, худалдаа үйлдвэрлэл эрхлэхэд чиглэгдсэн бүх түвшний мэдээллээр хангах, дүүрэгтэйгээ хамтран ажилласнаар ямар үр дүнд хүрч болох талаар тодорхой чиглэлээ өгдөг. Мөн Санхүүгийн зохицуулах хороо, банк санхүүгийн байгууллага, Ажил олгогч эздийн холбооноос мэргэжилтнүүд авчирч, хэсэгчилсэн сургалтуудыг тогтмол явуулдаг.
- Тэгэхээр “Ажил олгогчид”-ын гуравдугаар чуулган өмнө зохион байгуулагдсан чуулгануудаас яг юугаараа ялгарах юм?
- “Ажил олгогчид”-ын гуравдугаар чуулган өмнө нь зохион байгуулагдсан “Баялаг бүтээгчдийн чуулган”, “Ирээдүйн баялаг бүтээгчид” чуулгануудаа нэгтгэсэн байдлаар явагдана. Үүгээрээ илүү онцлог. Өөрөөр хэлбэл,энэ удаагийн чуулганд баялаг бүтээгчид, ирээдүйн баялаг бүтээгчид болон томоохон үйлдвэрүүд хамрагдаж, гурван талт байдлаар зохион байгуулагдана гэсэн үг. Ингэснээр ААН-үүд хоорондоо уялдаа холбоотой ажиллах, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэгэндээ нэвтрүүлэх цаашлаад төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломж үүсэх юм. Дүүргийн зүгээс ААН-үүдээ хооронд нь холбож, нэгдсэн байдлаар мэдээллээр хангах зорилтот ажлууд хийгдэнэ.
- Жил дараалан эдгээр зорилтот чуулгануудыг зохион байгуулах явцад та бүхэнд тодорхой үр дүн ажиглагдаж байна уу?
- Бид хийсэн ажлынхаа үр дүнг эргээд нэгтгэх замаар ажлаа явуулдаг. Нэг жижигхэн ТҮЦ-тэй байсан хүн дэлгүүр болгоод томсгочихсон, цайны газраа рестарон болгоод өргөжүүлчихсэн худалдаа үйлчилгээ эрхлэгчид өчнөөн байна. Хамгийн гол нь дүүргээс худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг хооронд нь холбож өгөх, зорилтот сургалтуудад хамруулахаад ирэхээр өөрөө хичээвэл хүн юм хийж чаддаг юм байна гэж ойлголт нь улам гүн бат болдог. Ер нь дүүргийн хэмжээнд хаана юу бүтээгдэж буйг иргэд болон ААН-үүд төдийлөн мэддэггүй. Гэтэл үйлдвэрийнх нь үнээр дүүргээсээ бараа бүтээгдэхүүн авах боломж байж л байдаг. Төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах сонирхол байвч өөрсдийн санаснаар бичиж чаддаггүй, хүн гуйдаг тэр нь нэг их сайн болдоггүй тохиолдлууд ч байна. Чуулганд хамрагдагсад энэ чиглэлийн сургалтуудад хүртэл тухайлан хамрагддаг байгаа. Бид энэ удаагийн чуулганы үеэр 2014-2016 онуудад хичнээн иргэнийг баялаг бүтээгчид ажилтай болгосон бэ гэдэг нэгдсэн тоон үзүүлэлтийг нийтэд харуулах юм. Энэ нь эргээд бидний хийсэн ажлын үр дүнг тодорхой харуулна гэж бодож байна.
- Чуулганд хичнээн ААН-үүд ямар хэлбэрээр оролцох бэ?
- Энэ чуулганыг зохион байгуулахаар Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг ажиллаж байна. Сүхбаатар дүүрэг 140 мянга гаруй хүн амтай. Дүүргийн хэмжээнд 10 мянга гаруй ААН, байгууллага байна. Үүнээс чуулганыг зохион байгуулах газрынхаа багтаамж зай талбайгаа харгалзан үзэж, шилдэг 800 гаруй ААН-ийг оруулахаар төлөвлөсөн байгаа. Энэ үеэр ААН-үүд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр үзэсгэлэнгээ дэлгэхээс гадна Хөдөлмөрийн яам, Хүн ам хөгжлийн яам, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтсүүд ирж, холбогдох чиглэлүүдээрээ мэдээлэл өгөхөөр төлөвлөгдсөн.
-Танайд гэрийн нөхцөлд үйлдвэрлэл явуулахаар оролдож буй учраа олохгүй байгаа иргэд хэр их ханддаг вэ?
- Нэлээд ханддаг. Ялангуяа дүүргийн жижиг дунд үйлдвэрийн төв дээр санхүүгийн боломжгүй хэдий ч юм хийе гэсэн зорилготой хүмүүс маш их ирдэг. Тийм хүмүүсийг бид дүүргийн жижиг, дунд үйлдвэрийнхээ төв дээр түрээсгүй байршуулж, бүтэн жилийн турш “бойжуулдаг”. Нэг л арга эвээ олохгүй байгаа хүмүүс тань хийх гээд зүтгэж буй бусдынхаа дунд ороод бие биенээсээ туршлага судалдаг юм билээ. Тухайлбал, Оёдлын техник технологи ерөнхий зарчмын хувьд ижил учраас нэхмэлчин, гуталчин хоёр ч туршлагаа хуваалцдаг. Ийм замаар бойжуулаад явахад гэрээрээ юм хийх гээд, орчин нөхцөл нь нэг л болж өгөхгүй байсан улсууд зүгшрээд эдийн засгийн хувьд ч тэр чадамжтай болоод ирдэг юм. Ингэснээр тэд төсөл хөтөлбөрт хамрагдаад ажил олгогч болж, хөгжөөд явчихдаг. Энэ мэтээр дүүргийн зүгээс жилдолон арван хүнийг бойжуулах зорилтот ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.