Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалтай ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагын 95 жилийн ой тохиож байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад юу шаардлагатай байна вэ. Алба хаагчдын эрхзүйн байдлын тухай хууль батлагдахгүй удаж байна гэсэн шүүмжлэл нэлээд байна. Энэ тухайд та саналаа хэлэхгүй юу?

-Цагдаагийн байгууллагын тухай хуулийг өөрчлөөд Цагдаагийн албаны тухай хууль болгосон. Энэ яахав, цагдаагийн байгууллага ямар бүтэц зохион байгуулалтаар ажиллах талаар зааж өгсөн хууль л даа. Цагдаагийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулийг одоо хүртэл батлаагүй байгаа нь хүлээлт үүсгээд байна. УИХ энэ хуулийг нэн яаралтай баталмаар байна. Цагдаагийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хууль батлагдаагүй, тодорхой биш байгаа учраас цагдаагийн алба хаагчид ямар нөхцөлд яаж ажиллах нь тодорхойгүй. Хэдийд галт зэвсэг хэрэглэх юм, хэдийд тусгай хэрэгсэл хэрэглэх юм, олон нийтийн эмх замбараагүй байдлын үед ямар, ямар техник хэрэгсэл хэрэглэх юм. Энэ бүх асуудал нь эрхзүйн байдлын тухай хуулиар шийдэгдэх юм. Цагдаагийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулийг батлаагүйтэй холбоотойгоор олон алба хаагч гэмт хэргийн хохирогч болж байна. Сая хөдөө орон нутагт цагдаагийн алба хаагч харамсалтайгаар амиа алдлаа.

 

-Цагдаагийн алба хаагчийн хангалт, үйлчилгээ сайжирч байгаа гээд байгаа шүү дээ?

-Цагдаагийн алба хаагчийн хангалт үйлчилгээ сайжирч байгаа мэт боловч хамгийн чухал зүйл болох алба хаагчдын тусгай хэрэгсэл, хамгаалалтын хэрэгсэл байхгүй байгаа нь асуудал болж байна. Галт зэвсэгтэй, хурдан машинтай хүний өөдөөс гар мухар тэмцэж өөрсдөө хохирч байна. Дээр нь одоо сонгууль болох дөхөж байна. Дараа нь АСЕМ болно. Цагдаагийн алба хаагчид ачаалалтай ажиллах болно. Цагдаагийн албан хаагчийг хэн дуртай нь загнаж, аашилдаг, дарамталдаг болсон.

-“Баянгол” зочид буудал дахь Х.Баттулга гишүүний хувь эзэмшдэг гэх компаниудад нэгжлэг хийсэн. Та энэ үйл явдлыг хөндлөнгөөс хараад юу гэж бодож байв?

-УИХ-ын гишүүд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлогыг их хийдэг. Халдашгүй дархан байдал гэдгээрээ айлгаж, дарамталж, сүрдүүлдэг асуудал байдаг нь нууц биш. Цагдаагийн ерөнхий газрын даргад чинь чамайг хэлнэ, сайдад чинь хэлнэ гэж сүрдүүлдэг. УИХ-ын эрхзүйн байдлын тухай хуульд УИХ-ын гишүүн нь бусад байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэсэн заалт бий. УИХ-ын гишүүн тэнгэрээс буугаад ирсэн хүн биш. Бидний дундаас сонгогдож, төрийн түшээ болж чадна гэж ам өчиг өгч сонгогдчихоод одоо ингэж өөрсдөө хууль зөрчиж энэ мэтээр аяглаж байгааг хараад шүүмжлэлтэй хандаж байлаа.

“Баянгол” зочид буудлын гадна болсон асуудлыг харахдаа УИХ-ын гишүүний дархан эрхээрээ далимдуулж, цагдаагийн үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого гаргасан. УИХ-ын гишүүн өөрөө хууль зөрчсөн алхам хийснийг олон нийт харсан. Хэд хэдэн гишүүн очоод олон нийтэд мэдээлэл өгөхдөө, бид УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлыг хамгаалж Баттулга гишүүнийг аварлаа гэж буруу мэдээллийг олон нийтэд цацаж байна. Энэ асуудлаа болих хэрэгтэй.

-Энэ үйл явдлын дараа Цагдаагийн ерөнхий газрын даргыг огцруулах асуудал яригдлаа. Энэ асуудлыг юу гэж харж байв?

-Энэ бол Засгийн газар, Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Өнөөдөр Засгийн газар танхимын бүрэлдэхүүнээр ажилладаг. Засгийн газрын тэргүүн болох Ерөнхий сайд нь хэнийг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилох вэ гэдэг саналаа гаргаад Засгийн газрын хуралдаанаар оруулдаг. Энэ бол Засгийн газрын эрх хэмжээний асуудал болохоос биш УИХ-ын гишүүдийн хийх ажил, оролцох асуудал биш. УИХ-ын гишүүн Засгийн газрын бүрэн эрхэд халдаж, тэрийг соль, боль гэдэг асуудал тавих нь зохистой биш. Гишүүн хүн ёс суртахуунтай байх хэрэгтэй гэдгийг хэлэх гээд байна.

-Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, эрх бүхий дээд байгууллага нөлөөлж байна гэж хэлэх гээд байна уу?

-Нөлөөлж байна. Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудалд нөлөөлж байна гэж би харж байна. Хоёрт цагдаагийн байгууллагын дотоод асуудалд оролцож, нөлөөлж байна. Цагдаагийн алба хаагчдад хуулиар олгогдсон эрхэд хүртэл оролцож, нөлөөлж байна. Хуулийг буруу тайлбарлаж, олон нийтэд буруу мэдээлэл өгч, асуудлыг шоудаж дэврүүлдэг энэ байдлаа болих хэрэгтэй. Би өөрөө цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа ийм байдалтай таарч байсан хүний хувьд хэлж байна. УИХ-ын бүрэн эрх, халдашгүй байдлын асуудлыг Улсын дээд шүүхээс олон нийтэд зарлаж тайлбарлаж хэлж өгмөөр байгаа юм.

-Танд жишээлбэл, ямар дарамт ирж байсан гэж?

-Нэрийг нь хэлээд яахав. УИХ-ын гишүүний дархан эрх гэдгээр гэмт хэрэгт нөлөөлөх гэж утсаар ярьдаг, хүнээр дамжуулж хэлдэг, дээрээс яриулдаг дарамт шахалтууд байдаг байсан. Цагдаагийн захын алба хаагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдад тулгардаг дарамт учраас нуугаад яахав. Цагдаагийн алба хаагчид эрх мэдэлтэй хүмүүсийн ийм дээрэнгүй байдлыг мэдэрдэг.

-Долдугаар сарын 1-ний үймээн гарах тэр үед та ажиллаж байсан. Энэ үед маш олон иргэд, цагдаагийн алба хаагч хохирсон. Тэр үед гал нээх тушаалыг дээрээс өгсөн байх гэсэн яриа одоо ч иргэдийн дунд байдаг шүү дээ?

-Би долдугаар сарын 1-ний үймээн гарах тэр үед цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд, энэ үйл явдал манай ард түмэнд хамгийн их сургамжтай зүйл болсон. Харамсалтай нь таван хүний эрдэнэт амь хохирсон. Дээр нь цагдаагийн 400 гаруй алба хаагч хөнгөн бөгөөд хүнд гэмтэл авч хохирсон. Өрөөсөн бөөргүй болсон, нүд нь гэмтсэн, цагдаагийн албанд тэнцэхгүй болсон арав гаруй хүн байна. 30 гаруй хүн цагдаагийн эгнээнээс халагдаж группт орсон. Энэ үйл явдлыг дахиж давтахгүй байх ёстой. Гал нээх тушаалын хувьд, цагдаагийн албан хаагчийг буруутай гээд шийтгэсэн учраас нэмж яриад хэрэггүй байх. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газар хэргийг шалгаад тогтоочихлоо гээд зарлачихсан. Шалгалтын үйл ажиллагаанд оролцоогүй учраас надад тодорхой мэдээлэл байхгүй.

-Монголын цагдаа генералгүй боллоо гэж шүүмжлэх хүмүүс байдаг юм билээ. Өнөөдөр генералуудын ойн баяр тохиож байна. Энэ тухайд?

-Генералтай байх, байхгүй нь сонин биш. Одоогийн Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн дарга тэргүүн коммиссар цолтой байна гэж байгаа. Ийм цолтой байж болж байгаа учраас хуулийнхаа дагуу ямар цол хэргэмийг цагдаагийн дарга, орлогч нар авах ёстой юм тэрүүгээрээ л явах ёстой болов уу. Гэхдээ яахав, зүгээр Цагдаагийн ерөнхий газрын даргад генерал цол олгоход болохгүй зүйл байхгүй. Хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж байж шийдэх асуудал юм.

-Өнөөдөр цагдаагийн байгууллага ахмадуудаа хүлээн авч уулзаж байна. Хурлын талаар сэтгэгдлээ хуваалцаач. Цагдаагийн ахмадууд юу ярьж, ямар санал шүүмжлэл хэлж байх юм?

-Соёлын төв өргөөний танхим дүүрэн ахмадууд цугларчээ. Цагдаагийн байгууллагын удирдлагууд ахмадууд биднийг хүлээж авч уулзаасай гэж энд ирсэн хүмүүс хүсэн хүлээж байсан нь мэдрэгдэж байна. Ахмадууд голчлон амьдралаа ярьж байна. Ганц цагдаагийн байгууллагын ахмадууд биш Монголын ахмадуудын нүүр царай ямар байгаа вэ гэдэг нь энэхүү хурал дээрээс харагдаж байна гэж бодлоо. Ахмадуудын амьдрал ядуу байна, амьжиргааны түвшин тааруу, авч байгаа тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцэхгүй байна гэж ярьцгааж байна. Нийгмийн халамж хүсч байна. Яагаад гэвэл, цэрэг, цагдаагаас тэтгэвэрт гарсан улсууд 60 нас хүрээгүй тэтгэвэрт гардаг. Одоогийн хуулиар эмэгтэйг нь 45 хүрэнгүүт суулгаж байгаа бол эрэгтэй албан хаагч 25 жил ажилласан бол насны хязгаар харгалзахгүйгээр тэтгэвэрт гарч байна. Энэ улсууд маань ахмадын нийгмийн даатгалын хуульд хамрагдаж чаддаггүй. Нийтийн автобус унаанд үнэгүй явж чаддаггүй, сувилалд амрах эрхээ эдэлж чадахгүй гэх зэргээр нийгмийн халамж хүртдэггүй. Би уг нь энэ уулзалтын үеэр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар ахмадууд оновчтой зөв сайхан саналуудыг олон гаргах болов уу гэж бодсон ч харамсалтай нь тун цөөхөн хүн ярилаа. Ихэнх нь амьдралын боломж тааруу байгаагаа удирдлагууддаа ойлгуулахыг хүсч байна.

-Гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Онц ноцтой гэмт хэргүүд ихэсч байна гэж мэдээлж байна. Та энэ чиглэлээр ажиллаж байсан хүний хувьд юу хэлэх вэ?

-Гэмт хэргийн гаралт буурахгүй, өсч байна гэдэг бол амьдрал ядуу байна л гэсэн үг. Аль ч улсад тэгдэг. Олон нийтийн амьжиргаа дээшлээд сайжраад ирэхээр гэмт хэргийн гаралт буурдаг. Аль ч улсад ийм байдаг. Одоо гэмт хэргийн гаралт өссөн. Өсөхдөө төвөгтэй байдлаар өссөн. Банкинд халдах гэмт хэрэг Монгол Улсад бага гардаг байсан бол жилдээ хэд хэд гарч байна. Банк дээрэмдэж байгаа этгээдүүд нь галт зэвсэг хэрэглээд бүлэглэх байдлаар үйлдэж байна. Хуучин шиг адуу малыг хөлөөр нь туугаад аваад явчихдаггүй болж. Гэмт хэрэгтэй тэмцье л гэж бодож байгаа бол ард түмний амьдралыг сайжруулах ёстой. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн 60 орчим хувь нь ажилгүй хүмүүс байна. Ид хөдөлмөрлөх насны залуучууд гэмт хэрэгтэн болж байгааг бодох л асуудал.

Х.ЦЭНД-АЮУШ