Монголдоо цорын ганцад тооцогдох язгуур урлагийн “Алтай” хамтлагийн тоглолт болоход ердөө хоёр хоног үлдлээ. Тус хамтлагийнхан өнгөрсөн өдүүдэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, тойром бүжиг бүжих арга хэмжээ зохиож, уламжлалт соёл, үндэсний урлагийг хойч үедээ таниулан сурталчилсан юм. Тус хамтлагийн тоглолтыг Тэнгэрийн Модун төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж, Cityinfo.mn сайт мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Тиймдээ ч бид “Алтай” хамтлагийн ахлагч Д.Ганпүрэвээс тоглолтын талаарх болон тойром бүжигийн онцлогийн талаар тодруулж ярилцлаа.

-Тойром бүжиг залууст ихэд таалагдаж байх шиг байна?

-Их ач холбогдолтой зүйл байгаа юм. Тойром бүжиг бүжихийг харсан хүмүүс эхнээсээ бидэнтэй холбогдоод, үүнийг хөгжүүлье, яаж хөгжүүлэх вэ гэж асууж байна. Хөдөө орон нутгуудаас холбогдож байгаа. Увсад хөгжүүлэх гэсэн юм бүжгийн хөгжмөө өгөөч гэж байна. Угаасаа тойром бүжиг гэдэг их сайхан өв соёл. Энэ зайлшгүй байх ёстой, байхгүй болсон, өнгөрсөн хугацаанд байгаагүйд нь их санасан байна Монголчууд. Энд бүжиглэж буй хүүхэд залуус бол мэдэхгүй мөртлөө, маш эвсэлтэй, сэтгэлтэй, эмоцтой бүжиглэж байна. Тэгэхээр үндэсний энэ их өв соёл тэдний цусанд байна гэсэн үг.

-Тойром бүжиг монголын язгуур урлаг уу, Буриадын ёохороос ялгаатай юу?

-Өнгөрсөн 2014 онд Олон улсын язгуур урлагийн наадам болсон юм. Наадамд соёл урлагийн багш нар, эрдэмтэн судлаачид оролцсон. Буриад улсын Ерөнхийлөгч энэ үеэр ярихдаа “ Манай ёохор бол монголын тойром бүжигээс угшилтай ” гэсэн байдаг. Ерөнхийдөө ёохор бол монголын тойром бүжгийн нэг хэлбэр байгаа юм. Бид энэ тойром бүжигийг монголын хамгийн том тойром бүжиг байгаасай гэж хүсэн сэргээн таниулах ажлыг ийнхүү эхлүүлж байна. Олон үндэстэн ястны эв нэгдлийн бүжиг гэж ойлгож болно. Бүжигийн хүрээгээ задлахгүйгээр, хүрээ үүсгэж бүжээд, хүрээн дотроо Захчин, Торгууд Урианхай, Буриад байна уу хамаагүй өөр, өөрийнхөө язгуур ястны бүжигийг бүжээд, хүрээндээ орж, хамтдаа нар зөв эргэж бүжнэ. Нар зөв эргэж буй энэ гоё эрчим нь хүмүүсийн зовлон гунигийг мартуулдаг, тиймээс бүжиглэж, цаг хугацааг мартаад сайхан алжаалаа тайлж байгаа юм. Өнөөдөр гэхэд л нэг эмээ тэр довцог дээгүүр арай гэж гарч ирсэн мөртлөө, тойром бүжигт ороод, ядрахаа мартан, хөлсөө гартал бүжиглээд явлаа. Үүнийг байр байшин гэх мэт өрнөдийн дөрвөлжин соёлд хийж болдоггүй, олон хүний тойрог үүсгэдэг, дуу хууртай, чимээ шуугиантай учраас “Үндэснй цэцэрлэгт хүрээлэн”- нд бүжиглэцгээж байна. Энд амарч, зугаалж буй хүмүүс “тойром бүжиг” хийгээд, зугаатай, сайхан байх шиг байна. Тоглолтынхоо төгсгөлд мөн үзэгчидтэйгээ тойром бүжиг хийнэ.

-Энэ сарын 22-нд болох “Алтай” хамтлагийн “Золгоё доо” тоглолт Монголдоо тоглож буй анхны бие даасан тоглолт болж байна уу?

-Өнгөрсөн 5 жилд гадны улсуудаар нэлээдгүй аялан тоглолт хийлээ. Мөн хөдөөгүүр тоглолтоор явсан, тусгай арга хэмжээнүүдэд тоглож байгаа. Бие даасан тоглолтоо одоо хийх гэж байна. Тоглолтонд нэрт ятгач Ч.Мөнх-Эрдэнэ түүний олон сайхан шавь нар оролцоно. Олон жилийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр бүтсэн уран бүтээлүүд минь тоглогдоно. Монголын соёлын яам, улс төрийнхөн, Асемийн зохион байгуулагч, Монголын соёлыг гадаадад хариуцаж буй мэргэжилтэн, соёлын асуудлыг хариуцдаг дарга нар, соёлын өвийн төв зэрэг газрын дарга нар энэ тоглолтыг өөрийн биеээр ирж үзэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Биетээр нь судлаж, зохиож бүтээсэн бүтээлүүд минь байгаа учир миний хувьд бол маш үнэ цэнэтэй тоглолт. Манай Монголчуудын хувьд ч үнэ цэнэтэй язгуур урлаг. Ер нь монгол улсын хэмжээнд сүүлийн 20 жилд тоглогдоогүй тоглолт гэж би бардам хэлж чадна. Их сайхан тоглолт болно. Ганцхан удаа ганцхан өдөр тоглох гэж байна.

-Тоглолтын билет ямар үнэтэй байгаа вэ?

-Билетний үнэ 25 мянган төгрөг 5 жил судалгаа хийж язгуур урлагийг бүтээн туурвисан их хөдөлмөрийн хажууд маш хямд үнэ. Гэхдээ их үнэ цэнэтэй тоглолт. Хийсэн ажил, тоглогдох бүтээлүүдээ бодоод үнэ тооцох юм бол хамгийн багадаа 120 мянган төгрөгөө үнэлэх болов уу гэж би бодож байна. Гэхдээ улсын эдийн засгийн байдал хүндхэн байгаа учир үнийн хувьд маш хямд байхаар тооцсон. Ихэнх суудал нь урилгынх болчихоод байгаа. Язгуур урлагийн үнэ цэнийг мэддэг, мэдрэхийг хүссэн, сонирхсон хүмүүс эхнээсээ билетээ авсан.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99167471, билетийг УДЭТ-ын кассаар худалдаалж байна.

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9

  • 10

  • 11

  • 12

  • 13

  • 14