Өнөөдөр гурваас хоёр дүүргийн дунд эрүүг, иргэний хэргийн шүүх байгуулан ажиллаж байгаа. Тэгвэл энэ тогтолцоо маргаашаас эхэлж буюу 2016.06.01-ны өдрөөс эхлэн дүүрэг тус бүрт эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, иргэний хэргийн анхан шатны шүүхтэй байхаар болж байна.

Энэ өөрчлөлт давж заалдах шатны шүүхэд мөн хамааралтай. Тэгвэл шүүхийг ийнхүү өөрчлөхөд 2.5 тэрбум төгрөг шаардагдаж байгаа. Энэ мөнгийг уг нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах саналтай байсан ч Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүсийг чангалж байгаад гаргахаар болжээ. Ингээд анхан болон давж заалдах шатны шүүх хэрхэн өөрчлөгдөж байгааг дэлгэрэнгүй байдлаар хүргэе.

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2016 оны 05 дугаар сарын 13-нд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Хуулийн хүрээнд шүүгчдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр шинээр байгуулагдах шүүхийн орон тоог шийдвэрлэх бөгөөд дээрх тогтоолын төсөлд тусгаснаар аймаг, нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 25 шүүхэд 25 ерөнхий шүүгч, 118 шүүгч, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 1 ерөнхий шүүгч, 15 шүүгч, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч, 88 шүүгч, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч, 74 шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны 22 шүүхэд 22 ерөнхий шүүгч, 82 шүүгч, сум дундын Иргэний хэргийн анхан шатны 21 шүүхэд 21 ерөнхий шүүгч, 99 шүүгч, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 21 шүүхэд 21 ерөнхий шүүгч, 72 шүүгч, сум дундын 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч 31 шүүгч байх буюу улсын хэмжээнд нийт 693 шүүгчийн орон тоо хэвээр байна.

 

Давж заалдах шатны шүүхийн тухайд:

Орхон, Дархан-Уул аймгаас бусад аймаг бүрт Эрүүгийн болон Иргэний хэргийн танхим бүхий давж заалдах шатны шүүх байгуулагдана. Харин хүн амын нягтаршил, хэрэг маргааны гаралтын төвшнөөр өндөр Орхон, Дархан-Уул аймагт одоогийн байгаа Эрүүгийн болон Иргэний хэргийн төрөлжсөн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаа явуулна.

Аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Эрүүгийн, Иргэний хэргийн танхимын аль нэгэнд харьяалагдаж, бусад танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохгүй байх, мөн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад холбогдох өөрчлөлтийг оруулна.

 

 

Дүүргийн тухайд:

Нийслэлийн 7 дүүрэг тус бүрт эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүх байх, харин Багахангай дүүргийн хүн амын тоо, хэрэг маргааны гаралт бага байгаа нөхцөл байдлыг харгалзан Багахангай, Налайх дүүргийн дунд эрүү, иргэний тус бүр нэг шүүх байхаар тусгалаа. Ингэснээр дагнан мэргэшсэн шүүх, шүүгчээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхийг зорьсон шүүхийн шинэтгэлээс ухрахгүйгээр Үндсэн хууль зөрчсөн зөрчлийг арилгах юм. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн 8 шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдан анхан болон давж заалдах шатны 99 шүүх 115 болж нэмэгдэнэ. Шүүгчдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр 13 аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 55,8 хувийг нүүлгэн шилжүүлнэ.

 

Уг хуулийг хэрэгжүүлэхэд нийтдээ 2533,2 сая төгрөгийн төсөв шаардлагатай байгаа ч Засгийн газар, Сангийн яамнаас төсөв гаргаж өгөх боломжгүй гэсэн учраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны батлагдсан төсвийн хүрээнд дээрх өөрчлөлтийг хийхээр болж байгаа юм.