Өнөөдөр Монголын Залуучуудын Холбооны санаачилсан “Хулгайчгүй Монгол” үндэсний чөлөөлөх хөдөлгөөнөөс улс төрчдийн “Хар жагсаалт”-ыг албан ёсоор зарлалаа.

Энэхүү жагсаалтыг хэд хэдэн үе шаттайгаар гаргасан бөгөөд 1992 оноос хойш Үндсэн хуулийн үзэл баримтлалд харшилсан 100 Хар үйл явдлыг олон нийтийн санал асуулгаар нэрлэсэн. Тэгвэл өнөөдөр зарласан “Хар Жагсаалт”-д уг 100 хар үйл явдалд оролцсон болон нэр нь дурдагдсан бүхий л хүмүүс багтсан юм.

Энэ талаар Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат “100 хар үйл явдалд оролцсон этгээдүүдээ намууд дахин төр түшүүлэхээр нэр дэвшүүлж байгаа нь харамсалтай. Тиймээс 100 хар үйл явдалд оролцсон этгээдүүдийг бид Хар жагсаалтад оруулж, УИХ болон орон нутгийн сонгуульд тэднийг битгий сонгоорой гэж олон нийтийг уриалж байна” гэсэн юм.

Ингээд МЗХ-ын Ерөнхийлөгч А.Мөнхбатын Сонгогч түмэн олондоо хандах үг”-ийг хүргэе

 

Монголын ирээдүй болсон олон залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын залуучуудын холбоо төрийн түшээдээ сонгох их сонголтын өмнө сонгогч олон түмэндээ дахин хандаж байна. Монгол төрд бугшин төр засаг болон тоглож байгаа булгай нарын хуурамч нүүр царайг илчилж, өндөр төрөө цэвэр ариун байлгах зорилгоор орон даяар “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн өрнүүлж, бүтэн жилийн турш асар их зөрчил тэмцэл, гүтгэлэг доромжлол, элдэв янзын дарамт шахалттай нүүр тулж байсан хэдий ч, амласан ёсоороо хар, цагаан жагсаалт гарган ухаант ард түмэндээ толилуулж байна. Монголын өнөөгийн нийгэмд үнэн худал, цэвэр бохир холилдон, орон зайгаа атаа жөтөө, хэрүүл тэмцлээр дүүргэн, ирээдүйгээ эрээ цээргүй бузарлаж, зөвхөн эрх мэдэл, хөрөнгө мөнгөнд шунах үзэл ноёрхож байгаа энэ үед зөв сонголт хийх асуудал хурцаар тавигдаж байна. Энэхүү сонголтоос эх орны минь эрх ашиг, ард түмний минь ирээдүйн хувь заяа шууд шалтгаалах учраас алтан дээд үнэнийг мөрдлөг болгон зөв сонголт хийх шаардлагатайг эрхэмлэн сануулж байна. Бид худал амлаж, хулгай хийдэг төрийн түшээдтэй байх уу, аль эсвэл үнэний зам мөрийг чанд мөрддөг өөрийн төлөөлөлтэй байхуу гэдгийг зөвхөн та бидний сонголт л шийднэ. Та бид орчлонгийн амин чанарыг онож үйлддэг байсан агуу их эцэг өвгөдийнхөө бий болгосон СУУ билэг, эрдэм оюуны замыг сонгох уу, аль эсвэл өнөөгийн байгуулаад байгаа их хар ертөнцийн арван зургаан нийгмийг сонгох уу, гэсэн их сонголтын ацан хоёр салаа замын яг уулзварт нь тулж ирлээ. Нэг нь бидний ихэс дээдэс, эцэг өвгөдийн таньж олсон мөнх оршин амьдрахуйн гэрэлт зам, нөгөөх нь хүн төрөлхтнийг сүйрлийн аюулд хүргэж байгаа мунхаглал, мухардлын харанхуй зам юм. ТНГР-ийн эзэн эрхэт, СУУ билгийн эзэд гэдгээ дахин нотолж, түүхэн уламжлал, уг үндэс, үүсэл гарлаа сэрээн энэ цагийн өнгөн дээр цоо мөр ил гарч мандан бадрахын тулд, төрийн аль ч шатанд хулгайч шургалах замыг хааж, үнэний хорвоод үнэнээр амьдарч байсан эцэг өвгөдийнхөө цэвэр ариун зам мөрийг сэргээн бадраах сайхан цаг үе айлчлан ирж байгааг дахин сонордуулж байна. Энэ бол алдаж болохгүй сайхан боломж, торгон агшин. Монголчууд бид ихэс дээдсийнхээ ариун цагаан мөрийг сэрээх сайн цагийн эхлэл тавигдчихаад байгаа энэ цаг үед, хувь заяаныхаа агуу их эргэлтийн эрхэм дээд сонголт хийхдээ алдах будлих эрхгүй хэмээн үзэж байна. Буруу сонголт хийвэл өөрийн өөдгүйн боол, бусдын идэш болдог гашуун үнэнийг мартаж хэрхэвч болохгүй. Монгол төрийн онол, дэг жаягийг жишиг болгон өнөөгийн Монгол төрийн түшээдэд тавигдах амин чанарын шалгуурыг алтан дээд үнэний хэмжүүрээр дүгнэн цэгнэж, жагсаалтад хамрагдсан хар мөрт хүмүүсийг дахин сонгохгүй байхыг сонгогч олон түмэндээ уриалж байна. Эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашигт тулгуурлан, агуу их үнэнд зохицон, орон зайгаа эв эеэр, оюун ухаанаа эрдэм мэдлэгээр дүүргэн, орчлон ертөнцийн жам ёс, зүй тогтлыг танин мэдэж, амин чанарт нь зохицсон ахуйн, засаглалын, хүний хөгжлийн болон төрийн онолуудыг боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж, үүслээсээ урган цэцэглэж, мандан бадрах ариун үйлд улс төрийн бүх намуудыг уриалан дуудаж байна. Энэ ертөнцөөс зөвхөн хүмүүний уг хөх толботод хувь тавилан болгон өгсөн СУУ билгээ нээн, ихэс дээдсээсээ удамшин ирсэн эрч хүч, авьяас чадлаа сэрээн, үнэний мөр дор эх орон ард түмнээ гэсэн сэтгэлээр хандаж, элдэв янзын муу арга заль хэрэглэхгүйгээр, ард түмэндээ ил тод байж, цэвэр шударгаар өрсөлдөхийг бүх нэр дэвшигч дэд уриалж байна. Их төрийн үйлтний цэгц журмыг баримтлан, ойр зуурын ашиг сонирхол, өчүүхэн бодолдоо хөтлөгдөн буруу ташаа үйлдэл хийхгүй хуулиа хатуу чанга баримтлан үнэний зам мөрийг чанд мөрдөж ажиллахыг сонгуулийн хороо болон бүх шатны сонгуулийг зохион байгуулж байгаа нийт хүмүүст уриалж байна.