Нийгэм, цаг хугацааны үнэн нүүр царай, түүх соёлыг эргүүлэн сөхөх олон чухал баримт хүн төрөлхтний гарт бий. Тэдний дундаас гэрэл зураг түүхийн үнэнийг ямар ч засваргүйгээр өөртөө шингээн, цаг үе, үйл явдлыг бодитойгоор харуулан үлддэгээрээ илүүрхдэг. Бидний амьдарч буй цаг үеийн түүхийг дуран авайдаа буулгасан монголын 11 гэрэл зурагчин өнөөдрийн нийгмийн хэв маяг, тал нутаг, дөрвөн улиралын өнгө үзэсгэлэн, хүн зоны баяр гуниг, амьдралын хэвшлийг харуулсан бүтээлээрээ Токиод үзэсгэлэн гаргахаар тавдугаар сарын 31-нд Японыг зорьсон юм.

Японы Гэрэл зургийн нийгэмлэг (The Photographic Soceiety of JAPAN ) нь жил бүр Токио хотод "Азийн Гэрэл зургийн сар"-ыг тэмдэглэж азийн орнуудын гэрэл зурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргадаг байна. Арга хэмжээний 13 дахь жилийн зочид нь монголын уран бүтээлчид. Японд уригдсан 17 гэрэл зурагчны 11 нь товлосон хугацаанд Токиод "болзов".

Монголын зурагчдыг Нарита нисэх буудалд угтсан хүн бол японы гэрэл зурагчин Тецуро Шимизу. Монголын тал нутаг, говь хангайг туулж фото зураг авч, дажгүй монголжсон энэ залуу Монгол, Японы гэрэл зурагчдыг холбох томоохон гүүр болж яваа нэгэн. Японы Гэрэл зургийн нийгэмлэг өнгөрсөн онд Монголын гэрэл зурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргахаар манайханд санал тавихад Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо 30 гаруй зурагчны бүтээлийг илгээж 17 хүн үзэсгэлэн гаргах эрх авсан юм.

Үзэсгэлэнд оролцох зурагчдын бүтээлийг дэлхийд алдартай "Canon", "Sony", "Nikon", "Place M" галерейн мэргэжлийн зөвлөл хэлэлцээд өөрийн галерейд хэний үзэсгэлэнг гаргах вэ гэдгээ өөрсдөө сонгон шийджээ. Энэ сонголтын дагуу "Nicon" галерейд Б.Нямгэрэл, Ш.Отгонжаргал, Б.Тэмүүлэн, Н.Билгүүний үзэсгэлэн гарсан бол "Сanon" галерейд Б.Рэнцэндорж, В.Баттулга, Д.Октябрь, Л.Ганзориг, "Sony" галерейд С.Энхжаргал, У.Ганбаяр, Б.Болор-Эрдэнэ, Р.Гоцбаяр, А.Түмэнжаргал, "Place M" галерейд Ш.Гэрэлсайхан, Л.Номингэрэл, Б.Инжинааш, З.Эрдэнэ нар тавдугаар сарын 20-ноос энэ сарын 12-ныг дуустал үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм.

Анхны камераа 80 жилийн өмнө үйлдвэрлэж, дижитал технологи, фото зургийн шийдлийг тэргүүлж яваа "Canon" болон ирэх онд 100 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй алдарт "Nikon" мөн электрон бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд тэргүүлэгч "Sony" корпорацийн галерейд Японы болон бусад улс орны нэр хүндтэй, алдартай мэргэжлийн гэрэл зурагчид үзэсгэлэнгээ гаргадаг байна. Зөвхөн "Place M" галерейд үзэсгэлэн гаргахын тулд мэргэжлийн фоточид хөлсөнд нь 110 мянга, мини цомогоо дэлгэхийн тулд 38 мянган иен төлдөг байна. Японы гэрэл зурагчдад ч ховор олддог эдгээр галерейд бүтээлээ дэлгэнэ гэдэг гэрэл зурагчдын хувьд нэр хүндийн баталгаа, алдаж болохгүй алтан боломж, Монголын гэрэл зургийн хөгжлийг хүрээг тэлсэн түүхэн үйл явдал болов. Энэ үеэр япончууд манай фоточдоор бүтээлийнх нь онцлог, зураг авах үеийн сэтгэгдэл, мэдрэмжийг яриулж, өнгө үзэсгэлэн, хүн зоныхоо амьдралын хэв маягийг ямар ч үггүйгээр тод томруун илтгэх тал нутгийн амьдралыг сонирхоцгоож байв.

"Хэрэгтэй хэрэггүй зургийг дарж явдаг жуулчид бол япончууд. Тэд гар утсаар ч гэсэн зураг авч л байдаг" гэсэн хошиндуу яриа байдаг. Canon, Sony, Nikon зэрэг гэрэл зургийн дижитал аппаратыг үйлдвэрлэгч нь япончууд өөрсдөө мөн гэрэл зураг сонирхогчдын төвшингөөр дэлхийд тэргүүлдэг учраас ийм яриа үүссэн байх. 19 дүгээр зууны сүүлийн хагас жилд Японд анх голландчуудын тусламжтай гэрэл зураг дэлгэрсэн аж. 1910 он гэхэд Японы эзэн хаан гадаадын жуулчдыг хүлээн авахыг зөвшөөрснөөр ихэвчлэн барууны иргэд жуулчдад зориулсан жижиг студи байгуулж тэднээс нутгийн иргэд суралцаж эхэлжээ. Ийн гэрэл зураг массын дунд дэлгэрч, 1912-1945 он гэхэд сонирхогчдын тоо эрс нэмэгдсэн бол үүнтэй зэрэгцэн гэрэл зургийн сэтгүүл, клубууд нээгдэж, дотооддоо камер үйлдвэрлэж, кино бүтээх болжээ.

Дайны дараа буюу 1950 он гэхэд Японд үйлдвэрлэсэн камерууд дэлхийд нэр хүндтэй болж эхлэв. 1960-1989 он гэхэд тус улс Герман, АНУ зэрэг камер үйлдвэрлэгч өрсөлдөгчдөө ардаа орхисон хэдий ч дэлхийн камерын зах зээл ханаснаас болж үйлдвэрлэл нь буурчээ. 1990-2000 он бол камерын зах зээлийг гүн хямраасан жилүүд байж. Энэ үед фото зургийн ном хэвлэдэг үйлдвэр, гэрэл зургийн сэтгүүлүүд эдийн засгийн хувьд хүнд байдалд орж, зарим галерей үүд хаалгаа хаасан байна. Харин XXI зуун бол дижитал технологийн салбарынханд сэргэн мандалыг авчирчээ. Өнөөдөр захын хүн дижитал камер, компьютерийн принтер, тусгай зориулалтын хэвлэгчийг ашиглаж, ингэхдээ хамгийн чанартайг сонгохыг илүүд үзэх болсон.
Одоо тус улсын мэргэжлийн байгууллагад бүртгэлтэй гэрэл зурагчид мянга, мянгаар тоологдож буй. Гэрэл зургийн түүх арвинтай Японы уран бүтээлчид манай гэрэл зурагчдын мэдрэмжийг өндрөөр үнэлж "Дахин сэргэсэн монгол" хэмээн албан бусаар нэрлэсэн байлаа. Төмөр замын сүлжээ өндөр хөгжсөн болоод ч тэр үү япончууд Б.Тэмүүлэнгийн монголын төмөр зам, вагоны зургийг нэлээд сонирхож байв. Түүний авсан Хонхор өртөөний төмөр замын бараг бүтэн шахуу тойргийг ороож яваа ачааны вагоны зураг олон хүнд онц сонирхолтой санагджээ. Тэгээд "Ийм өргөн уудам, тал нутаг харагдаж байхад төмөр замыг яагаад ийм тойруу тавьж байгаа юм бэ" гэж асууж байна билээ.

"Төмөр зам Богд уулын бэлчир, Хонхорын нуурын тойром, хотгор газрыг дайрах учраас зориуд ингэж ороосон хэрэг" гэрэл зурагчдын хариу тэднийг гайхашруулсан юм. Тэдний анхаарлын төвд Б.Рэнцэндоржийн зургууд нэлээд өртсөн байв. Түүнчлэн Б.Нямгэрэл, Д.Октябрь, Ш.Отгонжаргал, В.Баттулга болон бусад гэрэл зурагчдын бүтээлийг Японы мэргэжлийн гэрэл зурагчид цэгцтэй, авч байгаа юмаа их мэдэрдэг, өгүүлэмжээ бүрэн төгс гаргасан хэмээн үнэлж байна билээ. Японы гэрэл зурагчдын дэргэд манайхан дэндүү залуу. Тиймдээ ч тэд манайхыг нэлээн гайхан хүлээн авсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Токиод үзэсгэлэнгээ гаргасан зарим улс орныхон "Манай хамгийн алдартай хүн бол энэ. Энэ хүн сонгогдсонгүй. Миний оронд энэ хүнийг сонгож өгөөч" гэсэн хүсэлт илгээж тэднийг сандаргаж байсан тохиолдол бий гэнэ.

Харин монголчуудын хувьд бүтээл нь шалгарсан зурагчид л ирсэн. Ирэх ирэхдээ олуулаа, зарим нь гэр бүлээ дагуулаад ирсэнд талархахын хамт бусад нь мэргэжил нэгт нөхдөө халуунаар дэмжээд үлдсэн нь сайхан санагдсан гэнэ. Тэгээд "Монгол ямар чөлөөтэй орон бэ. Гэрэл зургийн үзэсгэлэнд зөвхөн залуу зурагчид шалгаран уригдлаа" гэцгээсэн нь энэ. Эв нэгдэл сайтай, бие биенээ дэмжиж чаддаг, зөв зохион байгуулалттай, ажил хэрэгч зангаа гэрэл зурагчид ясны төлөвлөлт сайтай япончуудад үнэлүүлчихээд ирсэн хэрэг.

Энэ үеэр японы мэргэжлийн фоточидтой уулзаж, цөөн асуултад хариулт авснаа уншигчидтайгаа хуваалцъя.

Японы Гэрэл зурагчдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Охира Юүтака:

 

"Монгол зурагчдын ур чадвар стандартаас илүү байна"japan_1211

-Манай гэрэл зурагчдын бүтээлээс харсан Монгол, таны төсөөлж байсан Монгол хоёрын дунд ямар ялгаа байсан бэ?

-"Азийн гэрэл зурагчин" цуврал галерейг бид Токио хотод 13 дахь удаагаа зохиож байна. Энэ удаа Монголын гэрэл зурагчид оролцлоо. Азийн орнууд, Японтой ойр улс орнуудтай сайн танилцахсан гэдэг утгаар энэ арга хэмжээг зохион байгуулдаг юм. Бид бие биенээ мэддэг юм шиг хэрнээ бидэнд бас мэдэхгүй юм их байдаг шүү дээ. Япончууд Монголын талаар, монголчуудын эртний гарал үүслийн талаар мэддэг. Бид танай орныг сумо, хээр тал, Улаанбаатар гурваар л төсөөлж байсан. Энэ төсөөллөөрөө амьдардаг байсан. Гэвч яг Монголын тухай гэрэл зургийг үзээд бидний төсөөлөл огт өөр болсон. Мэдээж хэрэг, гэрэл зургаас Монголын өргөн уудам тал нутаг, уул ус, говь нутгийг харж байгаа ч хүмүүсийн амьдрал ахуй илүү өргөн утгаар харагдаж байна. Монгол гэрийг бид бас мэднэ. Гэхдээ энэ гэр гэрэлгүй, ямар нэг цахилгаан эх үүсвэр гаргах газ байхгүй, тоггүй. Ийм орчинд монголчууд яаж амьдардаг бол. Дэн барьдаг юм болов уу гэж бодож байсан. Гэрэл зургууд сайхан бодол төрүүлсэн. Танай ард түмэн бидний бодлоос огт өөрөөр амьдарч, нарны энергиээс цахилгаан гаргаж, зурагт үзэж байна. Тал нутагтаа орчин үеийн хэрэгсэл хэрэглээд, байгальтайгаа зөв зохицоод амьдарч байгаа сайхан жишээ болж байна гэж бодсон.

-Монголчуудын өөрийн гэсэн өвөрмөц амьдралын хэв маяг таны анхаарлыг нэлээд татсан бололтой. Нүүдэлчдийн ёс заншлаас авах юм харагдав уу?

-Хөгжилд хүрсэн улс орнууд гэрэл цахилгаан, усны хэрэглээ гээд амьдралын тохь тухаа сайн шийдсэн ч гэсэн анхаарах зүйл байгаа юм байна гэж бодсон. Жишээ нь, саяхан манай өмнөд нутгийн Кюшюү арал дээрх Күмамото аймагт газар хөдлөлт болоход тэнд эрчим хүч тасарч газ хэрэглэх боломжгүй болж, айл өрхийн эд юмс эвдэрч сүйдэн, хүмүүс амьдрах боломжгүй болж өөр тийшээ нүүхэд хүрсэн. Ганцхан япон ч биш бусад хөгжилтэй улс орнууд гамшиг тохиход яг монгол хүмүүс шиг өөрийнхөөрөө амьдарч, өөрт хэрэгтэй зүйлээ өөрсдөө бий болгож амьдрах аргыг монгол хүнээс сурах шаардлагатай санагдсан. Үгүй бол газар хөдлөлт ч юм уу, өөр ямар нэгэн аюул тулахад өөрсдөө амьдрах чадваргүй болох магадлал өндөр санагдсан.

-Та бол мэргэжлийн гэрэл зурагчин хүн. Манай гэрэл зурагчдын бүтээл ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ. Хамгийн мэдрэмжтэй, хамгийн их өгүүлэмжтэй гэх мэт үнэлсэн зургаас, уран бүтээлчээс нэрлэж болох уу?

-Токиод 17 гэрэл зурагчин үзэсгэлэнгээ гарлаа. Энэ удаа тэдний 11 нь ирсэн. Зарим нь гэр бүлтэйгээ ирлээ. Хэдийгээр зардлын асуудлыг шийдэж чадаагүй ч олуулаа хүрээд ирсэнд бид баярласан. Одооноос манай хоёр улс зөвхөн сумогоор биш гэрэл зургаар улам илүү ойртон дотно болно гэж бодож байна. Орчин үед дижитал камер өндөр хөгжсөн. Гэсэн хэдий ч монгол зурагчдын ур чадвар стандартаас илүү байна. Фото зургийн тухайд тухайн хүн юуг яаж авмаар байна тэр бодлоороо авдаг. Зургаас өөрийнх нь сэтгэл хөдлөл, мэдрэмж харагдаж байдаг юм.

-Японы мэргэжлийн гэрэл зурагчдын тоо хэдээр хэмжигддэг вэ. Тэдний байр суурь, амьдралын баталгаа ямар байдаг юм бол?

-Японд зураг авдаг, түүгээрээ мөнгө олж амьдардаг хүмүүсийг мэргэжлийн гэрэл зурагчин гэж хэлдэг. Зураг дижитал болоод эхлэхэд бид олон хүнээс зургийг нь зээлж аваад интернэтэд тавьж, тухайн зургийг ашиглахыг хүссэн хүмүүсээс санал авч зарах ажлыг эхлүүлж байсан. Их сайн зураг авдаг ч, түүнийгээ сонирхол болгож авдаг хүмүүс ч бий. Тэднийг нийлүүлээд мэргэжлийн 3000 зурагчин бий.-Та хэдэн жил зураг авч байгаа вэ. Таны сэтгэлд хоногшсон, байнга сэтгэлд дүрслэгдэж байдаг ямар бүтээл байдаг вэ?-Би "Canon"-д 40 жил ажилласан. Ажлаа өгөөд арван жил болж байна. "Canon"-д ажилд ороод зураг авч эхэлсэн. Одоо жил бүр зургаан галерейд үзэсгэлэнгээ гаргадаг. Ямар нэгэн юмыг хүмүүст, хойч үед үлдээх юмсан гэж бодоод зурагчид дурангаа барьж авдаг. Бүтээлдээ бүгд өөрийн мэдрэмж, сэтгэлээ гаргадаг. Би ч зургаа ингэж авдаг. Гэхдээ өөрийн олон мянган зургаас яг тэр нь

ийм гэж онцолж хэлэхэд хэцүү байна.

Сэтгүүлч Д.Отгонжаргал