1072 хувьцааны 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь зарах боломжтой боллоо
2016/06/10
Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм. Зарим иргэн хувьцаагаа Засгийн газарт худалдаж, цөөнгүй иргэн худалдалгүй үлдсэн. Тэгвэл өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон байна. Улмаар иргэдийн 1072 хувьцаатай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Уг арга хэмжээг “Сайн хувьцаа” хэмээн нэрлэж хэрэгжүүлэх хүрээнд цаашид иргэдийн гарт үлдэх буюу 70 хувьтай тэнцэх хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар төлөвлөсөн байна.
Иргэдийн 1072 хувьцааг худалдан авах эрх зөвхөн Засгийн газарт нээлттэй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар иргэдийн тодорхой хэсгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нь нэрлэсэн үнээр худалдан авсан. Нийт 2 сая 858 мянган иргэн хувьцаа эзэмшсэнээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4,8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор 1 сая 216 мянга 734 иргэнд 464,8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгөжүүлсэн байна. Эдгээрээс бусад 1 сая 650 мянган иргэний хувьцаа мөнгөжөөгүй байгаа юм. Эдгээр иргэд өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргавал эхний ээлжинд 323 хувьцааг нь нэрлэсэн үнээр нь худалдаж авахаар болж байна. “Сайн хувьцаа” арга хэмжээ энэ сарын 13-наас эхлэн хэрэгжих юм. Ингэснээр иргэд хувьцаагаа зарах боломжтой болох юм.
1072 хувьцаатай холбоотой мэдээлэл дуулгахад, УИХ дахь МАН-ын бүлгээс 1072 хувьцааг нэг сая төгрөгөөр худалдан авах тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр нар "Эрдэнэс Таван толгой" хувьцаат компанийн иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлсэн 1072 хувьцааг мөнгөжүүлэх асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа Засгийн газарт хүргүүлсэн байна. Иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг нэг ширхгийн нэрлэсэн үнэ 933 төгрөгөөр үнэлэн 1 сая төгрөгөөр худалдан авах ажлыг зохион байгуулах даалгаврыг Засгийн газарт үүрэг болгохыг тогтоол санаачлагчид санал болгожээ. Иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцаа буюу нийт 3 тэрбум хувьцааг мөнгөжүүлэх арга хэмжээ авснаар хувьцаа эзэмшигч нийт 1.5 сая иргэд, түүний дотор цалин, тэтгэвэр, арилжааны зээлтэй байгаа 971 мянган иргэний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болно гэж тогтоол санаачлагчид үзжээ.
Тэгвэл Урт цагаан орчимд иргэдийн 1072 хувьцааг бэлэглэлийн гэрээгээр худалдан авч байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Одоогоор 2-3 хүнийг шалгасан ажээ.
Уншиг та Эрдэнэс тавантолгой ХК 1072 ширхэг хувьцаа таньд байгаа эсэхийг ЭНД ДАРЖ орж регистрийн дугаараа хийж шалгаарай.
Зочин · 2016/06/12
enuugeer chn orj harj bolohgui bn
Зочин · 2016/06/10
super