Ганхүүгийн Батбаяр: АТГ оффшорчдыг хаацайлж байна
2016/06/10
Манай улсын нэр бүхий 49 хүн оффшор данстай нь тогтоогдоод байгаа. Эдгээр данс эзэмшигчид дотор өнөө ч монголын улс төрд байгаа, өмнө нь байсан, ирээдүйд ч байх магадлалтай эрхмүүд багтсан билээ. Ирээдүйд гэсний учир нь эдгээр хүмүүсийн нилээд хэсэг нь энэ жилийн УИХ-ын сонгуульд намаа төлөөлөн оролцохоор нэр дэвшсэнтэй холбоотой. Тэгвэл оффшор бүсэд данстай эрхмүүдийг шалгуулахаар хуульч, өмгөөлөгч Ганхүүгийн Батбаяр ажиллаж байгаа. Энэ асуудлыг ямар шатандаа явж байгааг түүнээс асууж тодрууллаа.
- Оффшор данстнуудыг хуулийн дагуу шалгуулах тухай өргөдөл гаргасан байсан. Энэ асуудал ямар шатандаа явна вэ?
- Оффшор бүсэд данстай болох нь зарлагдсан нэр бүхий этгээдүүдийг шалгуулахаар 5 сарын 11-нд ЭЦГ-ын Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтэст өргөдөл гаргасан. Тус газар өргөдлийг шалгаад Авилгалын Эсрэг Хуулийн 4.1 дэх хэсэгт заагдсанаар “..улс төрчид..” холбогдсон тул харъяалалын дагуу Авилгатай Тэмцэх Газарт шилжүүлвэл зохих хэрэг байна гэж үзээд шилжүүлсэн тухай хариуг 2016.05.18-ны өдөр өгсөн юм. Харин 6-р сарын 9-ний өдөр эдгээр нэр бүхий хүмүүсийг нэг бүрчлэн шалгахад хүндрэлтэй байгаа учир эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналыг Нийслэлийн Прокурорын Газарт хүргүүлсэн тухай мэдэгдээд байгаа.
- АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням“.. оффшор данстнуудыг шалгах нь зөв..” гэж ярилцлагадаа дурдсан байсан. Тэгвэл ийнхүү мөрдөн шалгахаас татгалзсан нь хууль эрх зүйн хувьд үндэслэлтэй юу?
- МУ-ын Үндсэн Хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “..иргэн бүр татвар төлөх үүрэгтэй..” гэснээр Эрүүгийн хуулийн холбогдох заалтууд орж ирнэ. Гадаад улсын “оффшор бүс” гэх татвараас зайлсхийгч нарт зориулсан газарт данс нээж мөнгө байршуулан тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээллэх, нуух, хууль бус орлого гэдгийг мэдсээр байж эзэмшсэн, ашигласан, эх үүсвэрийг нь далдалсан, шилжүүлсэн бол Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 166 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”[1], 1661 дүгээр зүйлд заасан “Мөнгө угаах”[2], 2701 дүгээр зүйл “Хууль бусаар хөрөнгөжих” гэсэн эрүүгийн заалтуудаар шалгах боломжтой юм. Хэрэв хууль ёсны орлогоос гадна их хэмжээний эд зүйл, мөнгө олсон нь тогтоогдвол дээрхи зүйл ангиар шалгах үндэслэлтэй. Гэтэл эдгээр оффшор данстнуудыг мөрдөн шалгахаас татгалзсан нь АТГ үүргээ биелүүлж чадахгүй, бусдын нөлөөнд автсан буюу Эрүүгийн хуулийн 9.1-д заасныг зөрчиж гэмт этгээдэд ял завших боломж олгож байна гэж үзэхэд хүргэж байна. Саяхан сэтгүүлч Л.Мөнхбаясгалан гэх эмэгтэй оффшор данстнуудын талаарх мэдээллийг гартаа оруулснаа мэдэгдээд байтал АТГ ийнхүү Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16.1-д заасан үүргээ биелүүлэхгүй байгаа нь эрх мэдэлтнүүдийн гар хөл болсон юм биш биз гэсэн эргэлзээг давхар төрүүлж байгаа юм. Нөгөө талаас МАН, АН-аас оффшор данстан, оффшор компани байгуулсан, хувьцаа эзэмшиж үнийн дүн болон ашгаа нуусан хүмүүсээ сонгуульд нэр дэвшүүлэхээр болсонтой холбоотойгоор хянан шалгуулахаас хаацайлж байна. Мөн сонгууль эхэлж байгаагаас хоёр намын оффшор данстнуудын тухай сөрөг мэдээллүүдийг гаргахгүй байх талаар Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хаалтын гэрээ гэгч хуульд байхгүй гэрээ хийсэн байгаа юм. Тиймээс энэ асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөх хүсэлтийг Нийслэлийн Прокурорын Газарт гаргаж байна.
Ярилцсанд баярлалаа.