Цусны донорын дэлхийн өдрийг тэмдэглэлээ
2016/06/15
Дэлхий нийтээрээ 2004 оноос эхлэн жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг бусдад амьдрал бэлэглэсэн ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй, ялангуяа эрүүл бие бялдартай залуучуудыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор “Цусны донорын дэлхийн өдөр” болгон зарлаж Монгол улс 13 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жилийн Цусны донорын дэлхийн өдрийг “Цус амьдралын амин холбоо“ сэдвийн дор “Цусаа бэлэглэж, амьдралыг тэтгэе” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийн хүрээнд цусаа бэлэглэдэг ачтан донорт талархал илэрхийлсэн алхалтыг зохион байгуулж уг үйл ажиллагаанд ЦССҮТ, МУЗН, МДХ, АЙВИКО тарилгын эмийн үйлдвэрийн хамт олон идэвхтэй оролцлоо.
Тус үйл ажиллагааны үеэр энэ жилийн хамгийн залуу “Хүндэт донор” цол тэмдгээр 21 настай Нямдэлгэр овогтой Амгаланбаатар, “Топ өгөлттэй” донороор Долгор овогтой Цэнгэлбаяр, Санжаажив овогтой Даваамаа нар шалгарч өргөмжлөл бэлэг дурсгалын зүйлээр урамшууллаа.
Мөн байгууллага хамт олноороо идэвхтэй донорын эгнээнд нэгдсэн Монгол улсын боловсролын их сургууль, Зэвсэгт хүчний 119-р анги, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагууд өргөмжлөгдлөө.
Донорын эгнээг өргөжүүлэн дэмжих зорилго бүхий Цусны донорын дэлхийн өдрийг тэмдэглэхэд JCI капитал, Сүү ХК, Монголын гэр бүл сайн сайхны нийгэмлэг, Монос групп, Ганаа майхан, Монголын Трансфузиологийн холбоо, Үнэртэй усанд дурлагсдын клуб, ЭM-CИ-ЭС Коко Кола, АЙВИКО тарилгын эмийн үйлдвэр, Бурхны сүм сайн мэдээний авралын зар нийгэмлэг зэрэг олон байгууллага хамтран дэмжин ажиллаа. Мөн донорын үйлсийг сурталчлагч шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар МҮОНРТ шалгарлаа.
Жил бүрийн Цусны донорын дэлхийн өдрөөр 35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудыг МУЗН-ийн “Хүндэт донор” цол олгож алдаршуулах, тэднийг нийгэмд таниулах зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг. Улаанбаатар хотод 2016 онд 43 донор “Хүндэт донор” цолны болзол хангаж цол тэмдгээр шагнууллаа.
Цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, цусны донорын үйлсийг сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 124 дүгээр тушаалаар Сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарласантай холбоотойгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын улаан загалмай нийгэмлэг нь төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тус өдрийг тасралтгүйгээр зохион байгуулж байна.