НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнийг энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буланд урьж ярилцлаа.

-Залуучуудын төлөө нэ­лээд­­гүй ажил хийж, тэд­ний дуу хоолойг төр засагт хүр­гэ­­хийн төлөө ажиллаж бай­гаа залуу гэдгээр чинь мэд­дэг учраас энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” ярилцлагын булан­даа урьж ярилцъя гэж бод­лоо. За­луучуудын талаар тө­рөөс авч хэрэгжүүлж бай­гаа ажлууд үр дүнгээ өгч чаддаг уу гэдгээс ярилц­лагаа эхлэх үү?
-Төрөөс залуучуудын та­лаар авч хэрэгжүүлж байгаа бод­лого ал­га байна. Төр залуучуудын­хаа талаар ямар бодлого хэ­рэг­­жүүлэх, залуучуудын хөгж­лийн гарц, эх орны хөгжилд тэд­ний оролцох үүрэг оролцоог дэм­жих бодлого алга.

Төрөөс залуу­чуу­дын баримтлах бодлогын талаар дүгнэлт хийж, ялангуяа суурь үндсэн судалгаа хийж, тодорхой шинжлэх ухааны үн­дэслэлтэй дүгнэлт гаргах цаг нь болжээ. Ганцхан жишээ дурь­дахад өнөөдөр 35 хүртэлх насны залуучуудын 60 орчим хувь нь ажилгүй, гудамжинд явж байна. Ажил хийж байгаа за­луучуудын дөнгөж 47.8 хувь нь цалингаараа өдөр тутмын хэрэгцээгээ л ханган амьдарч байгаа.

Хоол идэх, хувцас өм­сөх, хүүхдээ тэжээх, автобус унаан­даа суух гэхэд авдаг ца­лин нь хүрэхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Залуу өр­хүүд ядахдаа цалингаараа хан­галт­тай амьдарчихдаг бол­чихвол нэг дэвшил биз дээ. Хоёрдугаарт, хот хөгжиж байгаа гэдгийг барилгын салбараар төлүүлж ярьж байгаа. Энд тэнд баригдаж байгаа чамин хийцтэй барилгуудын хэдэн хувьд нь залуучууд амьдарч байна вэ? Энэ асуултыг төр засгаас асуумаар байна? Өнөөдөр дийлэнхи залуучууд маань чамин хийцтэй сайхан орон сууц, сэтгэл хангалуун амьдралын гэхээс илүүтэй “оромж” төдий зүй­лийн төлөө, түрээсээ олж байрандаа амьдрахын төлөө амьдралаа зориулж байна. Цалин нь тийм л зүйлийг авахад хүр­дэг. Энэ нь өнөөдөр ерөө­сөө болохгүй байна.

Улс орны хөг­жил за­луу­чуудад ямар байд­лаар нөлөөлдөг, төр энэ тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ гэдгээ сайн бо­дох учиртай юм. Тэгэхээр Мон­го­лын залуучуудад гурван том асуу­дал тулгараад байна гэж дүг­нэж байна. Нэгдүгээрт, орон сууц, хоёрдугаарт, ажлын байр, гуравт мэргэжлээрээ ажил­лах боломж. Өнөөдөр их дээд сургууль төгссөн за­луу­­чуу­дын хэдэн хувь нь мэр­­гэж­лээрээ ажиллаж бай­на вэ гэдгийг анхаарч үзэх­гүй бол мэргэжилтэй ажил­гүй­­­чүүд нэ­мэгдсээр байгаа юм.

Энэ бү­хэн төрийн бод­лого үгүй­лэг­дэж байгааг л харуу­лаад бай­гаа хэрэг. Залуус боловс­рол эзэмшихдээ ихэнх нь эцэг эхийнхээ зааврын дагуу мэр­гэжлээ сонгодог нь нууц биш. Үүнд ч гэсэн төрийн бодлого, за­луу­чуудын байгууллагын су­дал­гаа зайлшгүй хэрэгтэй бай­­даг. Монгол Улс ирээдүйд аль салбарт түлхүү хөгжих нь вэ гэдэг судалгаа, тодорхой бод­­лого байсан тохиолдолд л за­луучууд ямар мэргэжил сон­го­вол ирээдүйд ажилтай, орлого­той, амьдрах орон сууцтай байх вэ гэдэг баталгаагаа олж харах бо­ломж бүрдэнэ.
 
-ХАХНХЯ-наас хүн амын цогц бодлого боловс­руулж байгаа. Мэдээж за­луу­чуудын талаар төрөөс хэрэг­жүү­лэх бодлого тусгагдсан бай­­на лээ. Энэ бодлого хэр үр дүнтэй санагдав, залуу­чуу­­дын байгууллагууд дуу хоо­лойгоо хүргэж чадсан уу?
-Боловсруулж байгаа бодло­го нь өнөөдрийн байдлаар хэ­дэн байгууллагад хүрснийг би мэдэхгүй байна. Интернэт, он­лай­наар лав цацагдаагүй. Одоо­гоор миний хувьд олж хар­­сан зүйл алга. Таны хэ­лээд байгаа бодлогын талаар ба­римт хэлье. 2003 онд Мон­голын за­луучуудын хөгжлийн хэрэг­цээ гэдэг суурь судалгааг явуул­сан байдаг. Бас 1997 онд Төрөөс залуучуудын талаар баримтлах бод­лого гэж гарсан.

2005 онд Хүн амыг орон сууцаар хангах бодлого, Итгэлийн мөнгө, Залуу гэр бүлд олгох мөнгөн тэтгэмж, 2006 онд Өсвөр үе залуучуудын үн­дэсний хөтөлбөр гэж гарсан. Хам­гийн сүүлд буюу таны одоо хэлж байгаа бодлого гарч бай­гаа бололтой. Гэхдээ урьд нь гар­гасан бодлогууд нь яагаад хэрэгжээгүй вэ гэдэг нэг асуулт бай­на. Яагаад залуучуудын та­лаар баримтлах бодлого сүү­лийн 10 жилд батлагдаж гарсан ч үр дүнд хүрч чадаагүй байна, гэдэг бас нэг асуулт байна. Тэ­гэх ёстой, ингэх ёстой, тэдэнд ийм асуудал тулгарсан гэж тун­хаглаж зарласнаас бус бо­дитоор шийдчихсэн асуудал ерөө­сөө алга.

Энэ бодлого, ба­римт бичгүүд үнэхээр үр дүнтэй байж чадсан бол өнөө­дөр залуучуудын амьдрал маш сайхан болчихсон байх ёстой. Гарч байгаа бодлого, арга хэмжээнүүд залуучуудын өмнө тулгамдаад байгаа олон асууд­луудыг шийдэх гарц нь болж чадаагүй, тунхаглалын шинж­тэй байсан, магадгүй залуу­чуу­дын бодлогыг 50-иас дээш нас­ныхан боловсруулсан байх гэ­хээс өөр хэлэх үг үнэндээ алга.

Өнөөдөр монголчууд төвшингийн хувьд бараг л хоёр хуваагдчихсан. Хэт баян, хэт ядуу гэсэн хоёр хэсэг. Энэ хоёр заагийн дунд улс орны эдийн засгийг авч явж байгаа дундаж бүлэг байдаг. Гэтэл хамгийн эмгэнэлтэй нь энэ бүлэгт хамаарах залуучууд нь төрийн бодлогогүй байгаагаас болж дээд боловсролтой ч ажилгүй, нийгмийн халамжийн мөнгө хүртээд л сууж байгаа, ядуу бүлэгт хамаарахаар болчихсон байна гээд бод доо.

Энэ байдал үргэлжилсээр ядуурал гэдэг зүйл бараг үе дамжин өвлөгдөж байна. Ажилгүй учраас залуучууд ядуу байна, сэтгэлгээ нь ч ядуу байна. Тиймээс л залуусыг нийгмийн халамжийн бодлогоор биш, ажлын байраар хангах, ажиллах орчин нөхцлийг нь бүрдүүлэх, ажил хийж байгааг төрөөс илүү дэмжээд өгөөч ээ гэж гуйгаад байгаа юм. Бид бодох ёстой.

Ирээдүйдээ итгэлтэй амьдрах тэр итгэлийг нь залуучуудад буцааж өгмөөр байна. Бидний хувьд залуучуудын орон, 70 хувь нь залуус гэж яриад байгаа мөртлөө энэ гол хүчиндээ анхаарлаа хандуулахгүй байгаа асуудлыг хөндөх гэж хэчээн ажиллаж байна.

-Тунхагийн чанартай бодлогоо яаж хөрсөнд буулгах гээд байна. Энд тэнд л залуучууд том чуулган зохион байгуулсан гэж дуулддаг. Тэр чуулаад байгаа залуучуудынхаа дуу хоолойг төр засагт хүргэх ёстой байгууллага нь Монголын залуучуудын холбоо, бас намын дэргэдэх залуучуудын байгууллага гэж ойлгодог. Холбоо ер нь юу хийгээд байна вэ?
-Таны хэлдэг үнэн. Монголын залуучуудын холбоо өнөөдөр унтаа, нөхөн сэлбэх үйл ажиллагаа явуулдаггүй байсан бол залуучуудын байр суурь арай өөр байх байсан. Хамгийн том жишээ гэхэд л энэ байгууллага 10 жил Их хурлаа хийгээгүй. Их хурлаа хийгээгүй байна гэдэг чинь төрд хүргэх Монголын залуучуудын бодлого 10 жил орхигдсон гэсэн үг.

Их хурлаа хийнэ гэж яриад, доторхи ажлын албаны 10 хүн л Монголын залуучуудын холбооны дүрмийг өөрчлөөд сууж байна. Өөрөөр хэлбэл, хүн амын 70 хувийг бүрдүүлж байгаа залуучуудын бодлого ажлын албаных нь 10 хүний гарт байгаа хэрэг. Ингэж болохгүй ээ. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх залуучуудын байгууллагын төлөөллийг татан оролцуулж, дүрмийн ажлын хэсгээ байгуулаад Монголын залуучуудын талаар баримтлах бодлоготой холбоотой, залуус нээлттэй хөгжих боломжийг нээсэн дүрэм боловсруулах хэрэгтэй.

Яагаад энэ холбоо аль нэг намын харьяанд ажиллаж байх ёстой гэж. Гадаадад ажиллах хүчээр явж байгаа залуучуудын талаар ч хэлж байгаа үг алга, тэдэнд. Хуаран шиг байрлуулж байгаад тэндээс эрүүл саруул, гадагшаа гарахын тулд мөнгө төлчих чадвартай хэсгийг нь ялгаж аваад явуулаад байна. Улсын бодлого нь өөрөө тэр залуучуудыг явуулах хүсэлтэй болчихсон. Наад зах нь үүнээс болж л төрийн бодлого алдагдаж эхэлж байна. Залуус нь эх орондоо байснаар энэ улс орны хөгжлийг ярих учиртай.

Гэтэл залуучуудын холбоо нь энэ асуудалд ямар ч бодлого баримталдаггүй. Зүгээр л спорт уу, спирт үү гэж яриад л явж байна шүү дээ. Залуучуудын байгууллагын бодлого нь залуустай хамт дугуй унаад явах биш, тэр дугуйг унах бололцоо орчныг бүрдүүлэх явдал байхгүй юу. Гэтэл иймэрхүү жижиг сажиг зүйлд анхаараад хайран сайхан төсвийг зарцуулаад явж байна.

Энэ мөнгийг тэгвэл эрдэмтэд, асуудлаа мэддэг социологичдод зарцуулаад бодлогоо гаргаад ирэх хэрэгтэй. Бодлогоо гаргаад төр засагтаа хүргүүлмээр байна. Энэ ажлаас авахуулаад залуучуудын холбоо ажиллаж эхэлбэл эрүүлжиж байна гэж ойлгоход болно.

-Ер нь намууд  дэргэдээ Залуучуудын холбоотой байх хэрэг байдаг юм уу?
-Хэрвээ Монголын залуучуудын холбоо залуучуудынхаа төлөө ажиллаж чаддаг байсан бол тэдний эрх ашгийг хамгаалсан, хөгжих боломжийг нээсэн бодлогыг боловсруулах чадалтай байсан бол намын дэргэдэх Залуучуудын холбоо байх хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг ярьж болно. Намын дэргэдэх залуучуудын холбоо яагаад байгуулагдсан бэ?,   МЗХ залууст чиглэсэн үйл ажиллагаа явуулж, ажлаа хийхгүй байгаа учраас л намын дэргэд залуучуудын байгууллагууд байгуулагдсан.

Хоёрдугаарт, энэ байгууллага өөрөө үе дамжсан хааны үе шаттай юм шиг АН-ын гишүүд л энэ холбоог тэргүүлдэг учраас бусад намууд үүнийг нь хараад дэргэдээ Залуучуудын байгууллага байгуулаад эхэлчихэж байгаа юм. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, н.Зоригтбаатар, А.Мөнхбат гэсэн Ардчилсан намын үе залгамжилсан хэлбэрийг халах хэрэгтэй байна.

Тиймээс МЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг нээлттэй хэлбэрээр явуулах хэрэгтэй. Залуусын төлөө амьдардаг, тэдний төлөө буцалж байдаг хүн МЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвших нөхцөл бүрдэж байж л энэ холбоо амьд ажиллах  болно. Тэгж чадахгүй л бол эл байгууллага хэвээрээ  унтаа явна.

-Тухайлбал, би залуу хүн. Гэхдээ энэ байгууллагаас явуулсан үйл ажиллагаанд хамрагдаж үзээгүй. Сонгуулийн үеэр намын дэргэдэх Залуучуудын байгууллага утасдаж 1000 нэгж өгч байсныг харин санаж байна. Оюутан байхдаа цуврал лекцэд хамрагдах байдлаар л энэ байгууллагын ажлыг дүгнэхээс хэтрэхгүй. Надтай адилхан залуус олон байгаа шүү?
-Үнэхээр үнэн. Маш хөнгөхөн жишээ хэлье. 2011-2012 онд бид судалгаа гаргаж үзсэн. Энэ судалгааны дүгнэлт нь харамсалтай байсан. Өөрөөр хэлбэл Монголын төр залуучуудыг чиглэсэн бодлогогүй, залуучуудын төлөө ажилладаг байгууллага нь ажлаа хийдэггүй гэдгийг харуулсан. Нийт ажилгүйчүүдийн 60 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлж байгаа судалгаа гарлаа. Үүнээс дүгнэхэд, Монгол Улсын ажилгүйдэл ядуурал нь залуусын ядуурал юм гэдэг дүгнэлт гарч байна. Хоёрдугаар асуудал нь, нийт залуучуудын 76.8 хувь нь цалин багатай.

Дээр хэлсэнчлэн, энэ цалингийн 12.8 хувь нь өдөр тутмын хэрэгцээгээ ч  хангаж чадахгүй байна. Тэгвэл 47.8 хувь нь цалингаа дөнгөж хүргэдэг юм байна. Өдөр тутмын хэрэгцээ гэдэг нь байр, хоол, унааны мөнгө шүү дээ. 33.2 хувь нь өөрийнхөө орлогоор амьдардаг гэнэ. Үлдсэн нь буюу 66.8 хувь нь хэн нэгний тусламж дэмжлэгээр амьдардаг юм байна. Тодруулбал, эцэг эхийн тусламжаар тэд амьдардаг гэсэн үг. Энэ ямар үзүүлэлт вэ. Гэр бүлээ зохиочихсон залуу гэр бүл ядахдаа амьдралынхаа хэрэгцээг асуудалгүй хангачихмаар байна шүү дээ. Маш хэцүү тоо баримт байгаа биз дээ.

Тусдаа гарчихсан залуус эцэг эхийнхээ тусламжаар амьдарч байна гээд бод л доо. Иймэрхүү асуудлыг залуучуудын холбоо маань хийх учиртай юм. Таны хэлээд байгаа жишээ үнэхээр үнэн. Энэ байгууллага заавал гишүүнчлэл тогтоох шаардлагагүй. Лекц явуулах төдийхнөөр өнгөрч боломгүй. Монголын залуучуудын холбоо бодлогоороо хамгийн түрүүнд хэдээс хэдэн нас хүртэлх залуусыг залуу хүн гэх вэ гэдгээ эхлээд тодорхойлох учиртай. 40 юм уу, эсвэл 38-аас доош юм уу гэдгээ тодорхой болго. Жишээ нь намын дэргэдэх залуучуудын байгууллагууд ихэвчлэн 35 хүртэлх нас гэж заадаг.

Тэгвэл дийлэнх гадаад орнуудад 38 байдаг. Тэгэхээр хэдэн нас хүртэл бодлогоо тавьж боловсруулах вэ гэдгээ эхлээд тодорхой болгохоор судалгаа явуулж, чиглэлээ тодорхойлох гээд олон ажил байна. Намын байгууллага юм шиг ажилладаг, сонгуулийн үеэр үйл ажиллагаа нь идэвхждэг байдлаар яваад үр дүн гаргахгүй ээ.

-Тоо судалгаа дурьдаад ярих нэг хэрэг. Харин алслагдсан сумын малчин Дорж гэх залуугийн амьдралд юу дутагдаж байгаа, тэр залуу юу хүсч байгааг энд байгаа залуучуудын байгууллагын удирдлага сонсдог гэдэгт итгэхгүй байна. Юу хэлэх гээд байна вэ гэхээр, орон нутагт байгаа залуучууд тодотголтой байгууллагууд зөвхөн намын нэрээр ажиллахаас биш тэдний дуу хоолойг хүргэж чадахгүй байна шүү дээ. Энэ талаар яаж ажиллах ёстой вэ?
-Аймаг, сум, багт очдог хамгийн том залуучуудын байгууллага бол ний нуугүй хэлэхэд НАМЗХ. Залуучуудын холбооны салбар бараг л суманд, багт байхгүй. НАМЗХ-ны хувьд хөдөөд ажиллаж байгаа малчин, тариаланч залуучуудыг хамарсан бодлогыг дан ганц нам гэхгүйгээр гаргаж тавихыг зорьж байна.

Суурь судалгааны үндсэн дээр гаргаад тавьчихвал тэр малчин залуугийн эрх ашгийг хөндөхөөс өөр аргагүй. НАМЗХ малчин залуучуудыг аль болох нийгэмшүүлэх, суманд нь оруулж ирээд нэг шинэ зүйлийг ч гэсэн дуулгахыг зорьдог. Малын бэлчээр дээрээс нь авчраад дуу хоолойг нь сонсох гэж байгаа нэг хэлбэр. Бид 100 хувь хүрч ажиллаж чаддаггүй гэдэг нь үнэн.

Тиймээс л бодлогыг нэг төвшинд зангидах шаардлага бий болоод байгаа юм. МЗХ дангаараа байх юм уу, намын дэргэдэх залуучуудын холбоо байх хэрэгтэй юу, байх ёстой бол ямар төвшинд уялдаа холбоогоо хангаж ажиллах вэ гэдгээ ярилцах учиртай. 25 настай малчин залуу, 25 настай хотын залуу хоёрын асуудал өөр. Бүр гэр хорооллын залуус, байранд амьдардаг залуусын хооронд асар  том ялгаа гарч ирдэг. Залуус учраас сонсдог хөгжим, хүсэл тэмүүлэл нь нэг байж болох ч амьдрах орчин, нийгмийг дүгнэх дүгнэлт нь өөр өөр.

Тиймээс л МЗХ энэ бүхний уялдаа холбоог хангаж ажиллах хэрэгтэй гэж дахин дахин хэлээд байна. МЗХ-ны Их хуралтай холбогдуулаад НАМЗХ-оос нийт залуучуудын байгууллагад хандсан уриалга гаргалаа. Залуучуудын байгууллагууд хамтарч ажиллах цаг нь болжээ. Нам, шашин шүтлэг гэдгийгээ хаяад нийт залуучуудынхаа төлөө нэгдсэн байдлаар ажиллах, бодлогоо хамтраад гаргахын тулд МЗХ-ны Их хурлаа хамтраад хийцгээе гэж уриалга хүргүүлсэн юм.

-Уриалгад дурьдагдсан нэг асуудал нь улстөрждөг байдлаас залуучуудыг салгая гэх санаа байсан. Энэ асуудал ч хөндөгдөх хэмжээнд хүрчихсэн. Залуус цахим ертөнцөөр, эсвэл аль нэг намын төлөө хэтэрхий их улстөржиж байна. Ухамсар нь ийм дорой болчихсон юм уу гэж бодоход ч хүргэдэг шүү?
-Онлайнд би ч гэсэн идэвхтэй байдаг. Таны шүүмжлээд байгаа зүйл их ажиглагддаг. Нийлдэг найз нөхөд, ордог газар нь нэг байхгүй юу, тэдний хувьд. Энэ улс төр ярьж, улс орны хөгжлийн төлөө бухимдаж байгаа залуучуудынхаа мэдлэгийг хэзээ яаж ашиглах вэ гэдэг бодлого байхгүй байна. Би дахиад л бодлого ярих гэж байна.

Яах аргагүй энэ бодлогын асуудал. Тэр залуус улстөржиж хэрэлдэх үү, бааранд орох уу, эсвэл тамхиа татаад гудамж метрлэх хэрэгтэй юу гэдгийг төрийн бодлогоор хэмжиж үзэх хэрэгтэй. Онлайн ертөнцөд улстөрждөг, бусдыг муулдаг гэж залуусыг шүүмжилдэг. Гэтэл үнэндээ бол гадаад улс орнууд шиг иргэний үнэмлэхээ үзүүлэхгүйгээр орж суугаад ном уншчихдаг том номын сан байна уу, чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх газар хаана байна. Энэ нь өөрөө том асуудал.

Хамгийн их залуучууд цугладаг газар “Централ таур”-ын урд тал болчихож. Худалч хүнд энд хамгийн чухал том бодлогыг нэг хувийн хэвшлийн байгууллага явуулж байна. Энд орой ирэхэд залуучуудын амьдрал буцалж байгаа нь орчин тэнд байгаа учраас тэр. Ийм орчныг хувийн хэвшлийн нэг байгууллага биш Монголын төр өөрөө бүрдүүлж өгөх ёстой юм. Бизнесийн байгууллагаасаа долоон дор байна. Төр өөрөө хийж чадахгүй бол залуучуудын агентлаг байгуулаад менежмент хийх залуучуудыг авчраад суулгачихаар байгаа юм. 50 настай хүн залуучуудын бодлогыг боловсруулна гэдэг хэцүү биз дээ.

Тиймээс агентлаг байгуулаад тэргүүлэгч, удирдлагаар нь 18-тай, 25-тай, 36 настай залуусыг тавих хэрэгтэй. Залуус бидэнд юу хэрэгтэй вэ гэдгийг юу юунаас илүүтэй тэд мэдэх учраас төрөөс ч илүү бодлого гаргаад, агентлагаараа дамжуулаад хэрэгжүүлнэ. Ийм боломжтой болчихвол тэд улстөржих үү, хэн нэгнийг муулах уу гэдэг нь өөр төвшинд яригдана. Ажилгүй орлогогүй, гэртээ хий дэмий сууж байгаа учраас залуус хийрхэлд автчихсан байна шүү дээ.

-Манай улсын боловсролын төвшин маш муу байгаа нь ажилгүй, хий дэмий сэлгүүцэх залуучуудыг бий болгож байна гэж шүүжилдэг. Санал нийлэх үү?
-Санал нийлж байна. Наадахыг чинь л арилгахын тулд дээр хэлсэнчлэн судалгаа гаргаж ирэх ёстой юм. Мэргэжилтэй ажилгүйчүүд яагаад их байна, тэд яагаад гудамжинд байгаад байна вэ. Боловсролын түвшин сул учраас уу, эсвэл ажлын байр нь бага байгаа юм уу, нөгөө талаар хэрэггүй мэргэжлээр их дээд сургуулиуд олон төгсөгч аваад төгсгөөд байна уу гэдгийг судалгаагаар гаргаж ирнэ.

Магадгүй тухайн залуугийн өөрийнх нь хүсч мөрөөдөж байсан мэргэжил Монголд байхгүй учраас өөр мэргэжил эзэмшиж, түүнээсээ болоод ажилгүй гудамжинд яваад байна уу гэдгийг ч бодох л ёстой. Энэ чинь өөрөө Монголын ажилгүйдэл, ядуурлын гол шалтгаан болчихсон байна.

Гэтэл МСҮТ-ийг төгссөн бүх залуучууд ажилтай байгаа. Техникум төгссөн залуусыг ажилд авна гэсэн зар маш их байна. Тэгвэл их дээд сургууль төгсөөд би аз жаргалтай амьдарна гэж бодох ёстой юу, техникум төгссөн ч би жаргалтай амьдрах юм байна гэж бодох ёстой юу гэдгийг төр ялгаж салгаж, зааглах учиртай. Австралид хамгийн өндөр цалин авдаг, сайхан амьдардаг хүмүүс сантехникч, сувилагч, гагнуурчин гэсэн нарийн мэргэжилтнүүд байдаг. Гэтэл Монголд тоо баримт нэгтгэж байдаг Статистикийн газар нь хүртэл залуучуудын талаар судалгаа байхгүй л байна.

Залуучууд ойрын 5, 10 жилд Монгол улсад ямар салбар илүү түлхэцтэй хөгжиж, ямар бодлогоор улс маань хөгжих гээд байгааг олж харахгүй, мэдээлэл байхгүй байгаа учраас л өөр өөрсдийн үзэл бодол, эцэг эх, найзыгаа дагаад хүсээгүй мэргэжлээ эзэмшээд байна. Энгийн жишээ хэлэхэд л баригдаж байгаа барилгын гадна маш олон машин байдаг. Тэр барилгачин залуучууд өөрийнхөө унах унааг бэлдчихсэн, бас амьдралын баталгаагаа олчихсон байдаг. Тэд барилгын техникум төгссөн байна. Гэтэл дээд боловсролтой нэг нөхөр өнөөдөр гудамжинд явж байгаа.

-Залуучуудыг бас тэдний төлөө ажиллах төр засаг,байгууллага холбоог нэлээдгүй шүүмжилж ярилцлаа. Ярилцлагаа Монголын залуучуудын өөдрөг ирээдүйн талаархи сайхан үгээр өндөрлөе?
-Монголын залуучууд өнөөдөр хүчтэй, чадалтай, мэдлэг боловсролтой. Өнөөдөр биднийг төр бодлогоороо дэмжээд өгвөл ажил, мэргэжил, оюун ухаанаараа гэр бүлээ, улсаа аваад л явчихна. Магадгүй тэд дэлхийд тэргүүлж чадна. Тэгэхээр төр засаг маань энэ сайхан боломж бололцоог олгож өгөөч. Залуучуудын агентлаг байгуулж өгөөч. Залуучуудаар өөрсдөөр нь ажил хийлгэж, тэд чаддаг юм байна гэдгийг нотлон харуулах тэр боломжыг бидэнд олгож өгөөч. Залуучуудын ирээдүй гэрэлтэй гэдэгт итгэлтэй байна.