“Хамаг монгол” төслийг санаачлан хэрэгжүүлэгчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Монгол Улсын Гавьяат жүжигчин Жавхлангийн санаачилсан “Хамаг Монгол” төсөл амжилттай хэрэгжсээр байна. Монгол, Буриад, Халимаг, Тува, Өвөр Монголын ахан дүүсээ дуу хуураар нэгтгэх зорилготой уг төслийн “Хамаг Монгол”  тоглолт энэ сарын 28-нд Их эзэн Чингис хааны талбайд болох юм.

Өнгөрсөн 3-р сараас хэрэгжиж эхэлсэн “Хамаг Монгол” төслийн аялан тоглолт ОХУ-ын Тува, Буриад, Халимаг орнуудад нийт 9 удаагийн тоглолтыг амжилттай зохион байгуулаад байна. Энэхүү төслийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Их эзэн Чингис хааны талбайд тоглогдох тоглолтод 250 гаруй монгол  үндэстэн оролцож, монгол үндэсний дуу бүжиг, соёлын гайхамшигийг үзэгч түмэндээ өргөн барих юм.
 
Одоогоор тоглолтод оролцох улсын багууд эхнээсээ хүрэлцэн ирсэн  бөгөөд Тува, Буриад, Халимаг улсуудаас үндэсний соёлын чуулгууд ирж буйгаараа ихээхэн онцлогтой юм. Тоглолтын үеэр тулганы гал бадраах ёслол мөн болох талаар зохион байгуулагчид нь онцолсон юм.
 
Тус тоглолтын  “Олуулаа” уриаг дэмжиж, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн байна. Мөн “Хамаг Монгол” төслийн хүрээнд хийгдсэн цомгийн нээлт энэ сарын 26-нд “Хөх нуруут” төв дээр болох аж. “Зээргэнэтийн шил”, “Залбирал”, “Хар хархан харц”, “Хамаг Монгол” зэрэг нийт 18 дуунаас бүрдсэн энэхүү цомог нь монгол үндэстний ая аялгууны гайхамшигийг нэгэн дор багтаан өгснөөрөө ихээхэн онцлогтой юм.
 
Ийнхүү монгол үндэстнүүд нэгэн дор хуран цуглаж, элэг нэгт ахан дүүстэйгээ их эзэн Чингис хааны талбайд уулзацгаах алтан боломжийг олгож буй “Хамаг Монгол” тоглолт үнэ төлбөргүйгээр үзэгч түмэндээ хүрэх бөгөөд бүх монгол хүн бүр хүрэлцэн ирэх бүрэн эрхтэй хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.
 
Дашрамд дуулгахад, “Хамаг Монгол” тоглолтын мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа МҮОНТ-ээр өнөө орой 22:30 цагаас Халимаг улсад хийсэн тоглолт цацагдах юм байна.