БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Ли Көцяны Монгол Улсын Засгийн газрын урилгаар 2016 оны 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалаа эхэллээ.

Энэхүү айлчлал нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын 6 жилийн дараа Монгол Улсад хийж буй айлчлалын зэрэгцээ Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны дараа хятадын талаас хийж буй Ерөнхий сайдын анхны айлчлал болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон олон асуудлаар санал солилцов. Албан ёсны хэлэлцээний дараа талууд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, санхүү, эрчим хүч зэрэг олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурав.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, 15-16-ны өдрүүдэд АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад оролцох юм.

*******************************************************************************************

ХОЁР ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ерөнхий сайд Ли Көцяны Монгол Улсад хийж буй айлчлалын үеэр 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян нар байлцав. Уг арга хэмжээний үеэр:

Хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын 2017-2018 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө,
Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,
Монгол Улсын Засгийн газрын өрийг чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын протокол,
БНХАУ-ын Засгийн газраас 2014 онд олгосон 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд 3 сургуулийн төслийг эхлүүлэх тухай солилцох захидал,
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх эд материал бэлэглэх тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын санамж бичиг,
Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын стратеги, хамтын ажиллагааны төлөвлөгөө,
БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Баянхонгор – Байдрагийн гүүр-ний 129 км авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Тосон цэнгэл – Улиастай-н 114 км авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар – Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих” төслийн хяналт, зөвлөх үйлчилгээний гэрээ,
Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын ЭКСИМ банк хооронд Улаанбаатар хотын 7 дугаар хорооллын “G” хэсгийн орон сууцны төслийн санхүүжилтийн гэрээ,
Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээ,
МҮОНРТ, Хятадын олон улсын радио хоорондын хамтын ажиллагааны гэрээ,
МҮОНРТ, Хятадын төв телевиз хоорондын хамтын ажиллагааны гэрээ,
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газар, БНХАУ-ын Экспортын зээлийн даатгалын компани хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг,
Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийн барилгын ажлын гэрээг ёсчлох тухай баримт бичиг зэрэг 15 баримт бичгийг байгуулав.