Өдрийн сонины №163(5428) дугаараас авч нийтлэв

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон “Алдар” спорт хорооны тамирчдыг өчигдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзав. “Алдар” спорт хорооноос энэ жилийн баяр наадамд улсын аварга цолтон нэг, арслан цолтон нэг, харцага цолтон хоёр, улсын начин цолтон долоо төрсөн билээ. Үндэсний их баяр наадамд 10 давж түрүүлэн аварга цол хүртсэн Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дэслэгч Ч.Санжаадамба болон Улсын арслан цол хүртсэн Архангай аймгийн Булган сумын харьяат, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн дэслэгч Р.Пүрэвдагва нарт Батлан хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг болон хоёр өрөө байр, мөнгө аяга, батламжийг гардуулсан юм. Мөн Улсын харцага цол хүртсэн Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Монгол Улсын мэргэн Д.Норжмаа нарыг “Дайчны алдар-I” медалиар шагнасан бол Улсын начин цол хүртсэн Ц.Чимэддорж, Л.Шинэбаатар, Ц.Нямдорж, Б.Ганзориг, М.Бат-Отгон, Б.Дэлгэрсайхан, Б.Чимэдвандан, Урианхай сурын харваанд тэргүүлсэн Ж.Энхбат нарыг “Эх орны төлөө-I” хүндэт тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.

Тэдэнд шагнал гардуулах үеэр Архангай аймгийн Булган сумын уугуул “Алдар” спорт хороо “Бөхбилэгт” дэвжээний бөх Монгол Улсын шинэ арслан Ренчинбямбын Пүрэвдагватай ярилцлаа.

Тулгар төрийнхөө тэгш ойн баяр наадамд урамтай сайхан барилдаж Монгол Улсын арслан цол хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Олон жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж Үндэсний их баяр наадмаар ес даван үзүүрлэж, Монгол Улсын арслан хэмээх хүндтэй том цолонд хүрсэндээ сэтгэл их өндөр байна.

-Таны хувьд энэ жилийн баяр наадмын онцлог юу байв. Наадмын өмнөх бэлтгэлээ хаана базаасан бэ?

-Тэгш ой тохиосон өнөө жилийн баяр наадмаар 1024 бөх барилдсан нь онцлог байлаа. Мөн аймгуудын наадмыг Үндэсний баяр наадмын дараа хийж байгаа нь улсын наадамд барилдах бөхчүүдийн чансааг өндөр болгосон гэж бодож байна. Өөр нэг зүйл онцолж хэлэхэд Үндэсний их баяр наадмаар түрүүлж, Улсын аварга болсон Ч.Санжаадамба бид хоёр хоёулаа 31 настайдаа түрүү, үзүүр булаалдсан. Харин 31 жилийн өмнө “Алдар” спорт хорооны хоёр бөх мөн адил түрүү, үзүүрт үлдэж байсан түүхтэй юм билээ. Энэ жилийн хувьд бэлтгэл гайгүй байсан. Би 2006 оноос эхлэн Г.Өсөхбаяр аварга тэргүүтэй нутгийнхаа ах нарын хамт “Бөхбилэгт” дэвжээндээ наадмын бэлтгэлд гарч байна. Энэ жил ч мөн нутгийнхаа бөхчүүдийн галд гарч наадмын бэлтгэлээ базаасан.

-Та ихэвчлэн тунаж барилддаг. Ингэхдээ улсын начин Б.Пүрэвсайхантай олонтаа таарсан. Харин одоо хоёулаа өндөр цолонд хүрчихлээ?

-Тунаж барилдах муу зүйл биш. Би харин ч арслан цол авсныгаа тунаж барилдаж байсны арга туршлага юм болов уу гэж бодож байна. Олон удаа учраа таарч барилдсан Б.Пүрэвсайхан маань сайхан барилдаж, улсын заан цолонд хүрсэнд баяртай байгаа. Цаашдаа ч олон таарч тунах байх. Тэр болгонд хичээж барилдах болно.

-Улсын арслан цолны болзол хангаад есөн хөлт цагаан сүлдээ тойрох тэр агшин ямар байсан бэ. Түрүү, үзүүрт үлдэх хүртэл хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?

-Мэдээж хэрэг маш сайхан байсан. Олон жилийн бэлтгэлийн үр шимээ хүртэж одтой сайхан барилдаж, мөрөөдсөн цолондоо хүрнэ гэдэг ямар ч тамирчин хүний сэтгэл огшоосон мартагдашгүй сайхан мөч байдаг. Учраа бөх, даваа болгон чанга байсан ч бодсон мэхээ зоригтой хийж, төлөвлөгөөтэй барилдаж энэ эрхэм цолонд хүрлээ гэж бодож байна. Ер нь улсын наадмын өндөр даваанд сул өрсөлдөгч гэж байдаггүй. Тавын даваанд Ховд аймгийн арслан Н.Батсайханыг даваад начин цолоо гурвантаа батлах сайхан байлаа. Дараа нь зургаагийн даваанд аймгийн арслан Б.Чимэдванданг давж улсын харцага цол авчихаад үнэхээр их баярласан. Наадмын даваа бүр маш хариуцлагатай, хүнд байлаа. Долоогийн даваанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Монгол Улсын гарьд Б.Гончигдамбатай барилдаж баруун талдаа мушгиж долоо даван Монгол Улсын заан цолны болзол хангачихаад өөртөө ч итгэхгүй байсан шүү. Наймын даваанд Улсын арслан П.Бүрэнтөгстэй дахин барилдан давж Монгол Улсын гарьд цолны болзолд хүрчихээд мөн л адил өөрөөрөө бахархаж, баярласан. Тэр үед багш дасгалжуулагч, нутгийн сайхан бөхчүүд “Миний дүү болоогүй шүү, дахиад хоёр ч том даваа байна, сайн хичээгээд барилдаад бай” хэмээн хэлсэн нь маш их урам зориг өгсөн дөө. Ингээд Н.Батсуурь арслангаар ес давж Монгол Улсын арслан цолны болзол хангачихаад есөн хөлт цагаан тугаа тойрох сайхан байлаа.

-Дөрвийн даваанд учраа таарах магадлалтай бөхчүүдээ та судалж байсан биз дээ?

-Би тийм судалгаа огт хийдэггүй. Улсын наадмын хэдийн ч даваанд хэнтэй ч таарч болно шүү дээ. Тэгээд ч торгон ногоон дэвжээнд учраа таарсан л юм хойно хэнтэй ч уран мэхийг уралдуулан барилдъя гэж боддог. Ер нь бол ямар ч үед бэлтгэл сургуулилтаа тогтмол сайн хийгээд шударга барилдвал сайхан.

-Наадамчин олныг суудлаас нь өндөлзүүлж, мөн багагүй маргаан дагуулаад авсан наймын давааны тухайд та юу хэлэх вэ?

-Наймын даваанд улсын арслан П.Бүрэнтөгстэй таарч барилдсан. Бид хоёрын барилдаан нэлээн удаан хугацаанд үргэлжилсэн. Ер нь бол хоёр бөхийн барилдааны шийдвэрийг ерөнхий хөлийн цэц, засуулууд хоорондоо хэлэлцэн монгол бөхийн дүрэм журмын хүрээнд шийдвэрлэсэн гэж бодож байна. Хөлийн цэц, засуулуудаас дахин барилдах шийдвэр гарсан. Ингээд дахин барилдахаар шодож миний талаар бууж, би барьц сонгон давсан. Барилдаан ийм л болсон. Хүн бүр П.Бүрэнтөгс арслантай барилдсан барилдааныг надаас асууж байна. Бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй гэж хэлмээр байна. Бид хоёр үнэн хүчээ үзэж, шударга л барилдсан шүү дээ.

-Зуугаад жилийн дараа сэргээн зохион байгуулсан Их хүрээний даншиг наадам удахгүй болох гэж байна. Таны хувьд өнгөрсөн жилийн даншигт түрүүлж даншгийн арслан болсон. Энэ жил зодоглох уу?

-Тийм ээ. Монголчуудын маань бас нэгэн уламжлалт баяр наадам гэдэг утгаараа маш сайхан болох байх. Даншгийн арслан Үндэсний их баяр наадмын арслан цол гэдгийг зэрэглэх их дургүй. Адилхан наадамд адилхан хүч хөлсөө урсгаж авсан цол шүү дээ. Хоёр том наадмын арслан цол авсандаа ихэд бэлгэшээж байгаа. Энэ жилийн даншиг наадмаар барилдана.

Э.МӨНХТҮВШИН