Ц.БАЯР

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөдрийн төрхийг орон сууцны үнэ тодорхойлж байна. Уг зах зээлд тогтсон үнийн “хөөс” өдгөө хагарч эхлээд байна. Энэ нь орон сууц шинээр худалдан авах хүсэлтэй болон банкны зээлд хамрагдахаар хөөцөлдөж байгаа иргэдийн хувьд таатай мэдээ. Харин орон сууц зарахаар зорьж буй иргэн болон аж ахуйн нэгжийн хувьд үнийн бууралт төдийлөн сайхан сонсогдохгүй байх. Орон сууцны үнийн индекс энэ оны эхний хагас жилдийн байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 10.3 хувиар буурсан дүнтэй гарлаа. Эдийн засгийн өсөлт удааширч, иргэдийн орлого болон орон сууцны эрэлт буурсан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнийн уналтыг улам дэмжихээр харагдаж байгааг зарим эдийн засагчид хэлж байна.