Улирлын чанартай халдварт өвчин, ан агнуур, мод бэлтгэлийн үед хяналт тавихаар аймаг, нийслэл рүү нэвтрэх зааг дээр хяналтын пост ажиллуулдаг даа. Хэдэн тарвага намначихсан, эсвэл нэг тэвш мод бэлтгэчихсэн нөхөд постнынхныг аргалах гэж ёстой л үйлээ үзнэ.

Гэхдээ л тэд зорилгодоо хүрэхгүйгээр, хаа холоос авчирсан эд бараагаа хураалгана гэдэг бараг л гонжийнжоо. Хориглосон бараагаа нууж амжаад гарах нэгэн байхад сүйхээтэй нэг нь нуух гэж үйлээ үзэх ч шаардаагагүй, хэл ярианыхаа баялгаар постынхныг аргалаад л гараад явчихна. Тэгвэл ийм “хийтэй” постоос дээрдэхээргүй үйл ажиллагаа хилийн боомтууд дээр өрнөсөөр. даруй хоёр жил өнгөрөв.

Одоо бүр сүүлдээ талийгаач бологсдыг хилээр нэвтрүүлдэг том зүрхтнүүд бий болжзэ. Үүний хажууд хориглосон эд бараа нэвтрүүлэх бол асуудал биш гэнэ лээ, хилийн боомтууд дээр. Үнэндээ ингээд ярих энгийн асуудал биш л дээ. Улсын хэмжээний, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэрэг. Монгол Улс 26 хилийн боомттой. Эдгээр хилийн боомтын гол үүргийг хил хамгаалах байгууллага саяхныг хүртэл гүйцэтгэж байлаа.

Тодруулбал, хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх онцгой хийгээд чухал үүрэг тэднийх байв. Харин 2014 онд УИХ-аас Хилийн боомтын тухай хууль батлагдан гарснаар хилийн цэргийнхний үүрэг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт шилжсэн.

Өөрөөр хэлбэл, 1993 онд батлагдсан Хилийн тухай хуулийн гол заалтууд шинэ хуульд шингэж, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын ажилтнууд шалган нэвтрүүлэх, хилийн цэргийнхэн аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээхээр болсон.

Тэгвэл хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаас гадна хориглосон, хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг таслан зогсоох гол ажиллагааг хариуцаж буй Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын ажилтнуудын 80 хувь нь эмэгтэйчүүд байна.

Хил зөрчигчдийн арга өдрөөс өдөрт нарийсч, хориглосон эд зүйлсээ хүний санаанд оромгүй байдлаар нууж хилээр нэвтрэхийг зорьдог болсон. Гэтэл тэдгээрийг эмэгтэйчүүд илрүүлэх нь битгий хэл шалгалтгүйгээр хил нэвтрүүлдэг болсныг албаны эх сурвалж хэлж байна. Ер нь эмэгтэйчүүд олон арван тонны ачаатай автомашиныг хэрхэн шалгах билээ.

Өндөр, өндөр ачаатай том автомашинд авирахаас эхлээд ачаа, бараа задлах, шалгах нь тэдний барах ажил биш. Угтаа энэ ажил мэргэжлийн арга барил шаарддаг. Улсын хилийн аюулгүй байдлыг хангахын тулд өмнө нь хилийн цэргийн бэлтгэгдсэн залуус шалгалтыг явуулж, томоохон зөрчлийг газар дээр нь таслан зогсоодог байлаа. Гэвч одоо энэ ажил цалгардаж, шалгалтгүйгээр хил нэвтрүүлдэг болсныг захын тээвэрчин хэлнэ лээ.

Тухайн үед хууль санаачлагчид Хилийн боомтын тухай хуулийг УИХ-д оруулж ирэхдээ гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох зорилтын хүрээнд хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлж, давхардлыг арилгах зорилготой гэдгийг онцолж байв.

Одоо эргээд харахад хөнгөвчлөх, хүнд суртлыг арилгах, хяналтыг сайжруулна гэсэн сүржин зорилго аль эрт уусан алга болж, эсрэгээрээ хилийн зөрчил гаарч гүйцлээ. Үүнийг батлах хэдхэн жишээг дурдъя.

Баримт-1:

Замын-Үүдийн боомтоор 50 гаруй насны эрэгтэй ачаатай автомашинд нуугдаж хилээр нэвтрэхдээ агааргүйтэж нас барсан хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 2-нд гарчээ. Тэрээр манай улсад эрэн сурвалжлагдаж байсныг хэвлэлүүд сүүлд онцолсон. Талийгаачийг дүү нь хилээр нэвтрүүлэхээр ийм арга хэрэглэсэн байж.

Ер нь БНХАУ-д бичиг баримтаа үрэгдүүлсэн болон барьцаанд тавьсан монгол иргэд эх орондоо ирэхийн тулд хилийн хяналтын сул байдлыг ашиглан автомашин, галт тэргэнд нуугдаж орж ирсэн хэд, хэдэн тохиолдлыг хууль хяналтынхан илрүүлжээ.

Баримт-2:

Замын-Үүдийн төмөр замын боомтоор гарсан ачааны галт тэрэгний зэсийн баяжмал ачсан вагоноос нас бараад удсан эрэгтэй хүний цогцос олдсон хэрэг өнгөрсөн оны тавдугаар сарын 22-нд гарч байв. Цагдаагийн байгууллагаас уг хэргийн талаар “БНХАУ руу шарил нэвтрүүлэхийг завдсан. Хэргийг шалгаж байна” гэж мэдэгдэж байсан билээ.

Зарим хэвлэл хүний цогцос хилээр гаргахыг завдсан нь хүний эд, эрхтний наймаатай холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж байв.

Баримт-3:

Хилийн боомтоор ачаан дунд нуугдаж хууль бусаар хил нэвтрэх санааг зөвхөн манай улсын иргэд ч агуулдаггүй. Бүр гадаадын иргэд Монголын хилээр нууцаар нэвтэрч болдог гэж боддог болжээ. Ийм төрлийн хэрэг саяхан гарсан байна. Тодруулбал, Замын-Үүдийн боомтоор орж ирсэн ачааны галт тэргэнд БНХАУ-ын иргэн өнгөрсөн зургадугаар сарын 28-нд нуугдаж хууль бусаар нэвтэрсэн хэрэг гарчээ.

Баримт-4:

Иргэд бичиг баримтынхаа дуусах хугацааг нягталж үзээгүй, эсвэл санаатайгаар хугацаа дууссан паспорттой хилийн шалган дээр очих тохиолдол эрс нэмэгдсэн байна. Харин манай хилийн шалганы ажилтнууд уг зөрчлийг илрүүлэхгүйгээр гаргадгаас ОХУ, БНХАУ-ын хилийн боомт дээр саатуулагдаж буцаагддаг, цаг хугацаа, эд хөрөнгөөрөө хохирох явдал ч гарах болжээ.

Тухайлбал, С гэгч залуу Д-ийн паспортыг ашиглан Замын-Үүдийн боомтоор нэвтэрч БНХАУ-ын хил дээр саатуулагдсан зөрчил өнгөрсөн оны гуравдугаар сард гарчээ. Мөн С гэгч өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд хугацаа дууссан паспортоор Алтанбулагийн боомтоор нэвтэрч ОХУ-ын талд баригдсан хэрэг ч гарсан байна.

Баримт-5:

Бичиг баримтын зөрчилтэй иргэд өөрсдөө ингэж хил зөрчдөг явдал хилийн боомтууд дээр гаарснаас гадна хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа, бүтээгдэхүүн гаргах явдал чөлөөтэй болж, бүр үүнийг зохион байгуулдаг тусгай бүлэглэл бий болсныг эх сурвалжууд хэлж байна.

Ялангуяа, түүх соёлын хосгүй үнэт бүтээл, дурсгалт зүйл, байгалийн үнэт чулуу, алт, зэс, ан амьтны арьс, түүхий эд, хар тамхи мансууруулах бодис, сум, галт зэвсэг зэргийг хууль бусаар хил нэвтрүүлэх нь чөлөөтэй болсон гэж байна. Он гарсаар Замын-Үүдийн боомтоор микроавтобусанд 1.5 гр мансууруулах бодис нууж оруулж ирсэн хэрэг гарчээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хилийн боомтууд дээр ийм л нөхцөл байдал бий болжээ. Үүнийг Хилийн боомтын тухай хуультай холбон тайлбарлах хүмүүс байна. “Хилийн шалган нэвтрүүлэх ажиллагааг мэргэжлийн бус, бэлтгэгдээгүй албанд хуваарилсан. Дэлхийн олон оронд хилийн аюулгүй байдлыг хангах, шалган нэвтрүүлэх ажиллагааг хил хамгаалах байгууллага хариуцдаг. Хилээ иргэний харьяаллын байгууллагад шилжүүлсэн орон маш цөөн. Тэд өндөр хөгжилтэй, зөвхөн далайгаар Хиллэдэг улсууд байдаг. Манай улс тийм хэмжээнд хүрээгүй учир эрсдэлтэй. Ийм байдлаараа цааш үргэлжилбэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал үүсч мэдэх юм” гэж учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.

Ийнхүү хилийн боомтын хяналт шалгалт тэг зааж, төрийн үйлчилгээ улам завхарч Хилийн боомтын тухай хуулийг хөрсөн дээр буулгаж чадсангүй. Засгийн газраас тус хуулийг өнгөрсөн жил эргүүлэн татаж, Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн 80 хувийн дэмжлэгтэйгээр анхны хэлэлцүүлэгт шилжсэн. Нэг үгээр төр алдаагаа засахыг хичээсэн хэрэг. Гэхдээ хууль төрөхөөс өмнө хилийн шалган нэвтрүүлэх ажиллагаа доголдсоор бүр эцэстээ нас барсан хүний цогцсыг “зорчуулдаг” болох нь.

 

Б.ЭНХЗАЯА