Үндэсний баяр наадмын өмнө “Да хүрээ” зах дээр он залуу, бага километр явсан Prius маркийн машин 8.5 сая төгрөгөөр зарагдаж байсан бол өнөөдөр доллар, иений үнийн өсөлтөөс хамааран тус машины үнэ 11 сая төгрөгийн үнэ хүрэх болжээ.

Иргэдийн хувьд 2-3 жил авто засварын газраар яваад байхааргүй автомашин худалдан авахын тулд Монголд яваагүй, бага зайнд явсан тэрэг авахыг зорьдог. Гэтэл иенийн ханшийн өсөлт авто зах зээлд багагүй нөлөөлжээ.

Үндэсний баяр наадмын өмнө нэг иен 20,06 төгрөгртэй тэнцэж байсан бол өнөөдөр 20.53 төгрөгийн ханштай байна. Энэхүү аажим өсөлтийг дагаад “Да хүрээ” зах дээр арилжиж буй машинуудын үнэ багадаа 500 мянга, ихдээ нэг сая 500 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг хувиараа автомашины наймаа эрхлэгчид буюу ченж нар хэллээ. Ченжийн хэлж байгаагаар машины үнэ энэ жилдээ буурахгүй, нэмэгдэнэ гэнэ. Өдрөөр биш цагаар нэмэгдэж байгаа доллар, иенийг бодон жирийн иргэд автомашины зээлд хэрхэн хамрагдах талаар судалсан юм.

 

Машин зарж буй зарим ченж нар өөрсдөө зээл гарган машинаа зарж байгаа бөгөөд энэ нь сарын дөрвөн хувийн “хүү”-тэй гэнэ. Харин хүү болон эргэн төлөлт нь өндөр юм. Таван сая 500 мянган төгрөг зээлнэ гэж бодоход сард “хүү”-нд 220.000 төгрөг төлнө, 12 сарын хугацаатай зээлэхэд эхний сар “хүү”-тэй нийлээд 700 мянга орчим төгрөг төлнө гэхээр “дэндсэн” өндөр хүү. Харин мөнгөний яаралтай хэрэг болсон хүнд “Авто машинаа унаад зээлээ ав” гэх авто ломбардны зар олон. Тэдний зээл 4-6 хувийн “хүү”-тэй. Иргэн гурван сая төгрөг зээлнэ гэж бодоход сард 210 мянган төгрөгийн “хүү” төлнө. Уг нь автомашин импортлоход тээврийн зардал, гаалийн татвар, хураамжийг ам.доллараар тооцдог аж. Тиймээс нэг машин оруулж ирэхдээ ченжүүд тээврийн зардалд дор хаяж 250 мянгаас 300 мянган төгрөг нэмж төлж байгаа гэнэ.

 

Уг нь манайх шиг цөөхөн хүн амтай тэр дундаа эдийн засаг уналтанд орсон иргэдийн цалингийн доод хэмжээ 240 мянган төгрөг гэтэл компани, банк бус санхүүгийн байгууллага зэрэг эзэн холбогдогч нь мэдэгдэхгүй эдгээр байгууллагууд хувь, хүүгээ дуран мэдэн гарган бие биенээ “шулцгаасаар” л байна.

 

Дашрамд дуулгахад худалдаачид Японд автомашины өөрийнх нь үнэ нэмэгдсэн гэж байгаа ч тус улсын автомашины дуудлага худалдааны сайтуудад ийм өсөлт төдийлөн ажиглагдахгүй байгаа аж. Иен, долларын ханшийн өсөлтөөс улбаалж автомашины үнэ ийнхүү нэмэгдэж байгаа тул худалдаачид аль хямд буюу үзүүлэлт багатай машин оруулж ирж, богино хугацаанд ашиг олохыг илүүд үзэж байна.

Харин япон автомашины сэлбэг зардаг худалдаачдын хувьд хүлээлтийн байдалтай байна. Тэд иенийн ханш буухыг хүлээж байгаа тул бараагаа хуучин үнээрээ зарж шинэ сэлбэг оруулж ирэхээ түр азнаж байгаа аж.

М.Буянжаргал