Наймдугаар сар эхлэхтэй зэрэгцэн иргэд самар түүж эхэлдэг. Гэвч өдийд самар гүйцэд боловсроогүй байдаг бөгөөд энэ үед түүх, тээвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах хориотой байдаг. Тодруулбал самар түүсэн этгээд самраа хураалгаж, торгуулна эсвэл саатуулагдана. Харин самар тээвэрлэсэн бол тээврийн хэрэгслээ хураалган хуулийн хариуцлага хүлээнэ. Самар хадгалж байсан, худалдсан, худалдан авсан иргэд ч гэсэн хуулийн хариуцлага хүлээдэг бөгөөд хуулийн зохицуулалтыг хүргэж байна.

Жил бүр самар түүх хугацааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тогтоодог. Тодруулбал тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, Ойн судалгаа хөгжлийн төв хамтран самрын нөөцийг тогтоож, самар түүж болох үгүй эсэх саналаа яаманд ирүүлдэг байна. Үүний дагуу хаана хаана, ахуйн болон ашиглалтын зориулалтаар хэдий хэмжээний самар түүж болох зөвшөөрлийг олгодог. Самрыг гол төлөв 10-р сараас 3-р сар хүртэл түүхийг зөвшөөрдөг байна. Харин бусад үед түүх хориотой.

Зөвшөөрөл олгоогүй байхад иргэд ашиг олохын төлөө самар түүх тохиолдол гарсаар байна. Үүний улмаас сүүлийн гурав хоногт л гэхэд самар түүж байгаад гурван хүн модноос унаж амь насаа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдэд Яргайтын зусланд ЧД-19 хороонд суух Б /эр.40н/, Гачууртын Бурхантын аманд БЗД-9 хороонд суух Ё /эр.36н/, уржигдар Архангай Эрдэнэбулган сум, 6-р багийн нутаг Тоомын гэх газарт Э /эр.28н/ самар түүж яваад модноос унаж нас барсан байна.

Зөвшөөрөл олгоогүй буюу самар түүх хориотой энэ цаг үед самар түүвэл, тээвэрлэвэл, хадгалсан бол, худалдсан бол, худалдан авсан бол бүгд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Самар түүсэн этгээдийн самрыг, тээвэрлэсэн этгээдийн тээврийн хэрэгслийг хураадаг. Харин худалдсан этгээдийн олсон ашиг болон самрыг хураадаг. Улмаар хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. Өөрөөр хэлбэл түүсэн самрын хэмжээнээс хамаарч хорих уу, мөнгөн торгууль оногдуулах уу гэдгийг шийддэг. Ингэхдээ нэг кг хуш модны самрын байгаль экологийн үнэлгээг 50 000 төгрөгөөр тооцно гэсэн 2015 оны 7-р сард Байгаль орчны сайдын гаргасан тушаалыг баримталдаг. Хэрвээ нэг кг самар түүсэн бол Эрүүгийн хариуцлага хүлээхгүй харин бол Ойн тухайн хуулийн

47 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

47.2.4.зохих эрхийн бичиггүйгээр ойгоос мод, түлээ бэлтгэсэн, ойн дагалт баялаг ашигласан, түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тус тус төгрөгөөр торгох юм.

Хэрвээ нэг шуудай буюу барагцаагаар 20 орчим кг самар түүсэн этгээд байгаль экологид сая төгрөгийн хохирол учруулсанд тооцон Монгол улсын Эрүүгийн хуулийн

211 дүгээр зүйл. Ойн тухай хууль тогтоомж зөрчих

211.1.Зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, боловсруулсан, хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулснаас бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасны дагуу ял хүлээх болно.

 

Өөрөөр хэлбэл нэг шуудай самар түүгээд гурван жилийн ял авах уу 48 000 000 - 60 000 000 төгрөгийн торгууль төлөх үү гэдэг сонголт тухайн иргэнд үлдэж байна.

Яг ийм сонголтыг тун удахгүй нэг иргэн хийнэ. Тодруулбал, "Өлзийтийн орчим 08-р сарын 16-ны 00:45 цагийн үед “Hyundai ”Porter” 2 ширхэг автомашиныг саатуулан шалгахад: ХУД-6 хороонд суух Ц /эр.28н/, ХУД-5 хороонд суух Д /эр.40н/ нар гарал үүслийн бичиггүй хуш модны самар тээвэрлэж явсан бөгөөд одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.

Харин түүхий самар идсэнээр та бид өөрсдийгөө шар өвчин болон гэдэсний халдварт өвчний эрсдэлд оруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл түүхий самар нь давирхайтай байдаг бөгөөд давирхай тоос шороотой байдаг. Тиймээс бид бохирын өвчнөөр өвчлөх магадлал өндөр юм.

Тиймээс өөрийгөө болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон өрөөлийг хамгаалах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.