Энэ сарын 18-нд “Шангрилла” моллын гурван давхарт “Интерном” номын дэлгүүрийн шинэ салбарын нээлт боллоо. Шинэ салбарын нээлттэй давхцуулан XII-XVII зууны түүхийг өгүүлэх дөрөвдүгээр боть нь “Монголчууд: Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн” хэмээх нэртэйгээр гарч, уншигчдын гарт хүрч эхэллээ.

Уг арга хэмжээнд Адмон группын ерөнхий захирал Р.Энхбат, ерөнхий редактор Д.Баярсайхан нар болон Олон улсын монголч эрдэмтдийн XI их хуралд оролцож буй эрдэмтэдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

Монголчууд цувралын хүрээнд 1600-1959 оны хоорондох үйл явдлуудыг өгүүлсэн гурван боть уншигчдын хүртээл болсон бөгөөд ном нийт есөн бүлэгтэй. Үүнээс гадна Рашид ал-Дины “Судрын чуулган”, “Өлзийт хааны түүх” зэрэг перс номын чимэглэл зураг, бунхны ханын зураг, археологийн олдвор хэрэглэгдэхүүнээр баяжуулсан нь XII-XVII зууны үеийн монголын түүхийг сонирхсон хэнд ч бүрэн гарын авлага болохуйц нэвтэрхий толь болсон гэдгийг хэллээ.

Мөн энэхүү шинэ боть нь өмнөх ботиуд хийгээд цувралын гол зорилго монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас өнөөг хүртэлх түүхийг зургаар баяжуулсан бөгөөд ингэхдээ нэгэн хэвийн түүх бичлэгээс татгалзаж, хэн ч уншсан ойлгомжтой энгийн байлгахаар зорин бүтээжээ. Нийтдээ 1000 орчим түүхэн болон сэргээн зурсан зураг орсон байна. Номын зохиолчдын багийн хувьд ШУА-ын Түүхийн хүрээлэн, МУИС-ийн тухайн цаг үеэр судалгаа хийдэг судлаачдаас бүрджээ.

Интерномын зургаа дахь салбарт бүх төрлийн ном худалдаалагдах бөгөөд монголчуудын өнө эртний эсгий урлалаар эд зүйлс хийн дэлгэсэн байв. Эсгий бүтээгдэхүүнээр номын хавтас, цүнх, үсэг савны хайрцаг, түрүүвч зэргийг дэлгэсэн нь олны сонирхолыг ихээхэн татлаа.

М.Буянжаргал

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12