Өвлийн улирал айсуй болсон цагтай уралдан мөнөөх айхтар "Утаа" гэгч бас ирлээ. Улаанбаатар- Утаанбаатар гэж хэлүүлээд олон жилийн нүүр үзэж буй. Урин дулаан цагт умартаж орхидог утаа урьд жилийнхээс нэмэгдэх болов уу багасгах болов уу гэсэн хүлээлт, бяцхан айдас бидэнд хэдийнээ үүсчихсэн гэхэд болно.

Нэг мм-ийг 100-гаас 1000  хүртэл хуваасантай  тэнцэх голч бүхий  хатуу биетүүдийн хийн төлөвт   байгаа орчинг “Утаа” хэмээн шинжлэх ухааны хэллэгээр тайлбарладаг аж. 

Харин Улаанбаатарын агаар дахь энэ хэмжээ өвлийн улиралд 1575 мкг хүрдэг. Тэгэхээр нийслэлийн нэг иргэн өдөрт 4-5 хайрцаг тамхи “татаж” байна. Энэ мэт үзүүлэлтээс харахад Улаанбаатарын агаар Монголын үрсэд, тэр тусмаа хэвлийдээ бойжих хэнд ч гэмгүй урагт нөлөөлж эхэлсэн нь Монголын ирээдүйг устгаж буй гэж бодохоор өөрийн эрхгүй аюулын харанга дэлдэж эхэлдэг.

Өнөөгийн байдлаар Улаан­ба­а­тарыг утаанд умбуулах болсон гол хүчин зүйлээр жилд таван сая тонн түүхий нүүрс шатаадаг, техникийн элэгдэлд орсон гурван том цахилгаан станц, мөн хугацаанд сая шахам тонн нүүрс түлдэг гэр хорооллын 80 мянган айл өрх, хотын замыг мөнхийн түгжрэлд оруулдаг 70 гаруй мянган хуучин автомашин тодорсон билээ. Эдгээр хор үйлдвэрлэгчээс болж жил бүр 4000 орчим монгол хүн цагаасаа эрт хорвоог орхидог гэх тоог Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гар­гасан байх юм.

ХСҮТ-ийн судал­гаагаар жилд 4400 хүн хорт хавдар хэмээх аймшигт өвч­нөөр өвчилж, үүний 70 хувь нь мөн амиа алдаж байна. Тэдний 80 орчим хувь нь уушги, элэгний хорт хавдар бөгөөд буруутан нь “УТАА”. Хамгийн эмгэнэлтэй нь утааны хор хөнөөл 0-7 нас­тай хүүхдүүдэд хамгийн их тусдаг бөгөөд өнөөх хорт хавдар сүүлийн жилүүдэд эрс залуужиж байгаа гэж албаныхан мэдэгдсэн.

Жил бүрийн өвөл утааг багасгах олон арга зам хайж, хаана хурал цуглаан болно тэнд дарга сайд нь өнөөх "Утаа"-гаа багасгаж, арилгана гэсэн үлгэр ээ ярьсаар урин дулаан цагтай золгодог билээ.

Өнгөрсөн жил утаатай тэмцэх ажлыг удирдан зохион байгуулах ёстой Засгийн газрын тэргүүн нь хамгийн тортог ихтэй гэгддэг Багануурын нүүрсийг “хөнгөлөлттэй үнээр”, өөрөө зогсож байгаад тараасан юм.

Арав гаруй жилийн өмнө Хөх хот яг л өнөөгийн манай Улаанбаатар шиг утаандаа дуниартсан хот байсан гэдэг. Учир нь Хөх хотын айлууд нь бүгд байшингийнхаа цонхоор яндангаа гаргаж нүүрс түлдэг байсан. Гэтэл 2003 онд нөгөө их утаа нь ор сураггүй алга болсон аж. Хятадын Засгийн газраас энэ талаар дорвитойхон гурав дөрвөн арга хэмжээ аваад л нөгөө их утааг нь ор мөргүй алга болгосон юм байх.

Хамгийн эхлээд хотоо утаагүй болгохын тулд утаагүй түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, хоёр юанийн үнэтэй түлшийг 50 хувь хөнгөлж нэг юаниар иргэдэдээ борлуулсон юм байх. Түүнчлэн хотын захуудад байрлах уурын зуухуудыг төвлөрсөн халаалтын системд холбосон аж. Хамгийн сүүлд Хөх хотыг хааж байдаг Далан харын нурууг салхины урсгалыг тооцон сэтэлсэн байна.

Дээрх аргуудыг хэрэглэж эхлэхээс өмнө байгалийн арга буюу утааг салхиар нь хөөх арга хэмжээ авч байсан бол сүүлдээ дээр өгүүлсэн арга хэмжээг утааны эсрэг ашигласан нь ийн үр дүнгээ өгчээ. Ийнхүү манай улс энэ аргыг хэрэглэхээр санаа авсан ч хэрэгжүүлэх тал дээрээ анхаарал суларч ташин шог болсон уу яасан ямартай “Утаа” багасаагүй.

 Мөнөөх “Утаа”-г устгах бас нэг шалгарсан арга нь орон сууцжуулах гэдэгтэй хэн бүхэн санал нийлэн орон сууцжуулах ажлын хүрээнд олон төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, зургаан хувийн зээл өгөх хөтөлбөр. Энэхүү зээлийн сур­гаар орон сууцны эрэлт эрс өсч байв. Эрэлтээ дагаад орон сууцны үнэ ч  өндрөө авсан юм. Нэг байр бодит үнээсээ 30 сая төгрөгөөр өссөн жишээ ч бий. бодит байдал дээрээ энэ ажил нь байрны ченж нарын хэтэвчийг зузаатгаад өнгөрсөн гэхэд хэн бүхэн санал нийлэх биз ээ.

"Утаа"-тай зарласан дайнтайгаа шударгаар байлдаж ялан дийлэх юмсан. "Утаа"-наасаа салж Хорвоод мэндлэх үсдээ өдөрт 4-5 хайрцаг тамхи татуулмааргүй байна Төр засаг минь.

Х.Даваа