Улаанбатар дахь хэлэлцээр үр дүнтэй болж чадах уу?
2013/10/06
Рио-Тинтогийн удирдлагуудтай “Оюу толгой”-н ТУЗ-ын гишүүд есдүгээр сарын 23-27-нд Лондон хотноо очиж хэлэлцээр хийсэн билээ. Тэдний хэлж буйгаар бол хэлэлцээр амжилттай болсон гэж байгаа. Тодруулбал хэлэлцээр хийх үеэр монголын талаас 22, Рио-Тинтогийн талаас найман асуудал тавьсан. Төслийн хүрээнд хуримтлагдаад байсан 30 асуудлын 15-д нэгдсэн ойлголцолд хүрсэн учраас тулгамдсан асуудлынхаа тоог хоёр дахин бууруулж, 50 хувийн амжилттайгаар буурал тивээс эргэн ирснээ зарлаад байсан юм. Лондонг зорьсон хэлэлцээрийнхээ мэдээлэл хийх үеэрээ энэ сарын 7-ны өдөр буюу өнөөдөр хоёр талын цэлэлцээр Улаанбаатар хотноо үргэлжилнэ гэдгийг хэлж байсан.
Хоёр дахь удаагийн хэлэлцээрийн дүнд үүсээд буй гурван том зангилаа асуудлыг шийдвэрлэх болно гэдгээ ТУЗ-ийн гишүүд хэлсэн.
Үүнд:
-Зардлын хэтрэлтийг хоёр талаас тулгаж нягтлах. Монголын болон хөрөнгө оруулагч нарын зүгээс хөрөнгө оруулалтын зардалд аудит оруулсан байгаа. Өнөөдрөөс эхлэн хоёр тал шалгалтын хариугаа нэгбүрчлэн тулгаж зөвшилцөх юм байна.
-ТЭЗҮ болон бүлэг ордын геологийн нөөцийн тодотголын эрх бүхий байгууллагад танилцуулах, бүртгэх
-Төслийн нэмэлт санхүүжилтийн нөхцлүүдийг нарийвчлан судлах
Түүнчлэн Лондонг зорьсон ажлын хэсгийнхний мэдээллийн дараагаас эхлэн хэлэлцээр амжилтгүй болсоныг олон нийтээс нууж байна гэх шуум хэвлэлээр тарж эхэлсэн. Тухайлбал УИХ-ын зарим гишүүн, уул уурхайн салбарынхан, судлаачид “ТУЗ”-ын гишүүдийг тодорхой шийдэлгүй ирсэнд эргэлзэж байгаагаа хэвлэлээр дамжуулаад байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Ганбаатар л гэхэд “ТУЗ-ийн гишүүд Лондонг зориод ирсэн атлаа оньсого шиг зүйл ярьж, мэдээлж байна. 30 асуудал ярьсан 15-ыг нь маш гоё шийдсэн гэж байгаа. Тэгвэл яагаад үлдсэн 15 болон шийдээд ирсэн 15 асуудлыг яагаад ярихгүй байгаа юм. Ямар шалтгаанаар УИХ-аар ярихгүй байна вэ. Өмчийн эзэд эдгээр асуудлыг мэдэх ёстой. Өнөөдөр “Рио Тинто” 16 банкнаас Монголын баялгийг барьцаанд тавиад 24,3 тэрбум ам долларын өрийн бичгэнд гарын үсэг зурахыг МУ—ын засгийн газар шаардаж байгаа. Ингэснээр энэ зээлийн багцыг тус 16 банк өөр банкуудад, өөр Засгийн газрын оролцоотой сангуудад шилжүүлэх эрх нь үүснэ. Ийм их мөнгө яригдаж байгаа асуудал монголчуудад чухал биш гэж үү. Бид өр тавихгүйгээр хэдэн тэрбум ам.долларын бонд биш, ашиг шимийг авах боломжтой. Гэтэл үүнийг хэлэлцээр дээр яриагүйг ойлгохгүй байна” хэмээсэн юм.
Сүр дуулиантайхан шиг явсан ТУЗ-ын гурав ямар ч байсан ганзага нь дүүрэн биш юм аа гэхэд дундуур ирсэн бололтой юм. Харин тэдний богцондоо хийж ирсэн асуудал нь УИХ-ынхан, уул уурхайн салбарынханд таалагдсангүй. Харин өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо үргэлжлэх хэлэлцээр хэр үр дүнтэй байхыг х арах л үлдэж байх шиг байна. Өнөөдрийн Монголын “Рио тинто”-той хийх хэлэлцээрийн үр дүн ямар байхыг дэлхийн хөрөнгө оруулагчид ч чих тавин харж суугаа гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.
Н.Батаа